Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Ж. Наранцэцэг: Хуруу хөдөлбөл ам хөдөлнө
Нийгэм 

Ж. Наранцэцэг: Хуруу хөдөлбөл ам хөдөлнө

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 21, 2021
404
0

Х.ЭНХЗУЛ

Өөрийн хөдөлмөрийн үр шимээрээ сайхан амьдарч байгаа Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан, Нийслэл болон Сүхбаатар дүүргийн тэргүүний тариаланч тус дүүргийн 13 удаагийн аварга ногоочин Ж.Наранцэцэг.

Тээврийн яамны харьяа хотын тээврийн удирдах газрын 37-р авто баазад амьдралынхаа 20 жилийг толгой холбож дарга нарын жолооч хийдэг байсан тэрээр зах зээлийн шилжилтээс болоод ажилгүй болохоо яаж мэдэх билээ. 30 насандаа өрх толгойлсон эх ажил төрөлгүй,  хүүхдүүдээ яаж өсгөх вэ гэж их  боддог байсан түүнд нэг боломж гарч ирсэн түүний сайхан амьдралын эхлэл болсон гэлтэй. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны дарга Хандмаа гэж эмэгтэй Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын шугамаар өрхийн тариалан эрхэлж буй хүмүүст зориулсан төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд Ж.Наранцэцэг эгчийг түүндээ хамруулсан байдаг.

Түүнд болон 180 өрхөд хааш хаашаа 10 ам метр газар олгож үр, ус, тариалалт зааж өгөх хоёр агрономич хүртэл гаргаж өгсөн бөгөөд  энэ нь Ж.Наранцэцэг эгчийн хувьд газар тариалан руу орох үндэс суурь болсон билээ.  Тэрээр 25 дах жилдээ өрхийн тариалан эрхэлж байгаа ба гэр бүлээрээ ажилладаг. Хүүхдүүд нь түүнд их тусалдаг. Том хүү нь газар шорооны ажилд, хоёр дахь хүү нь дулаалаганы ажилд, охин нь багш мэргэжилтэй учир зав зайгаараа нөөшилсөн бүтээгдэхүүн хийж, бага хүү бүх тариалалтыг хийдэг аж. 

Тэрээр өглөө босоод хүлэмжиндээ орохдоо үнэхээр аз жаргалтай болдог ба шууд л ногоонуудтайгаа ярилцдаг. Учир нь цэцэг, ногоо гэдэг чинь амьд организм болохоор тэр гэж хэлж билээ. Ингээд бодоход ургамлууд нь түүнийг таньдаг гэлтэй. Тиймээс ч Ж.Наранцэцэг эгчийн хувьд өвдөхөө ч мэдэхгүй үүнээсээ эрч хүч авч, аж жарргалыг мэдэрдэг гэсэн үг нь нэгийг бодогдуулна. 

Ногоочин хүн гэдэг эмч, сувилагч, тогооч, тариаланч гээд бүхий л төрлийн ажлыг хийдэг юм байна лээ. Ногоо бол зуны хоёр гуравхан сарын ажил биш бүтэн жилийн хугацаа шаарддаг. Ургамлаа байнга ажиглаж байдаг болохоор  өвчлөх гэж байгааг нь хараад л мэддэг гэсэн . Өөрийн тарьж ургуулсан цэцэг ногоо юм болохоор эмчлэхдээ хүртэл ямар нэгэн химийн гаралтай зүйл ашигладаггүй гэсэн нь сайшаамаар.  Үүгээр ч зогсохгүй түүний хувьд Монголын олон сайхан гэр бүлд хэрхэн өрхийн тариалан эрхлэх талаар өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж сургадаг нь ихэд бахархмаар. Тиймээс ч Ж.Наранцэцэг эгчээс сурж мэдье гээд ирсэн хүнийг цаашаа гэдэггүй болохоор одоогоор 3000 гаруй шавьтай.