Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Х.АЛТАЙ: Криптовалютын зах зээлд хууль эрх зүйн орчин шаардлагатай
Санхүүгийн гудамж 

Х.АЛТАЙ: Криптовалютын зах зээлд хууль эрх зүйн орчин шаардлагатай

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 21, 2021
96
0


Х.ЭРДЭНЭБУЛГАН

Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дэлхий даяар маш олон койн гарч, олон нийтийг шуугиулж байна. Зарим хүмүүс койн удахгүй мөнгийг орлож, төлбөрийн хэрэгсэл болно гэдэг. Харин зарим нь “Энэ бол нэн эрсдэлтэй санхүүгийн схем” ч гэх юм. Та байр сууриа хуваалцахгүй юу?

-Криптовалют зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болж байна. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх нь төлбөрийн, эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй хүмүүсийн богино хугацаанд ашиг олох хүсэлд суурилж байна уу гэж харж байгаа. Хэдийгээр зарим хөгжингүй улс орон төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа ч хөгжиж буй улс орнуудад, тэр дундаа манай улсад койн, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөгүй. Хууль эрх зүйн орчин нь ч бүрэлдээгүй байна. 

Гэхдээ дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлж алхахын тулд энэ зах зээлийг бий болгох шаардлага үүсч байна. Хамгийн гол нь энэ талаар нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол гардаг.

Хэрэв хүмүүс санаж байгаа бол хэд хэдэн дуулиантай хэрэг олон улсад гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан шүү дээ. Тухайлбал, олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ хүмүүсийг хохироосон байдаг. Тэгэхээр койн гэж нэрлэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа болохоор иргэд маш сайн судалж хөрөнгө оруулалт хийх нь зөв. 

-Койн, хувьцаа хоёрын алинд нь хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг сонголт бий болж байна. Салбарын мэргэжлийн тоглогчийн хувьд...?

-Сүүлийн үед олон хүн хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа, койн эсвэл бонд авах уу гэж асуудаг болжээ. Товчхондоо бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаа болон бондыг тодорхой төвшинд үйл ажиллагаа эрхэлдэг ашиг орлого нь тодорхой компани гаргаж байгаа юм. Харин ихэнх койны цаана бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй. Монголын хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо болон бирж хянаж, үнэлгээг нь нягтласны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн холбогдох газруудаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг. 

Гэтэл койныг хянаж байгаа субъект одоогоор манайд алга. Тэгэхээр найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондонд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтгүй зах зээлд гарч байгаа хэрэгслүүдтэй өрсөлдөхүйц өгөөжтэй байгааг сүүлийн үеийн тоо мэдээлээс харж болно. Жишээлбэл, Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжигддаг топ 20 хувьцааны үнийн өсөлт, бууралтыг хэмждэг ТОП 20 индекс сүүлийн нэг жилийн дотор хоёр дахин, нэгдүгээр самбарын хувьцаануудын үнэ дунджаар мөн хоёр дахин өссөн. 

Олон улсын зарим биржүүд токенжуулсан үнэт цаас бүртгэж, арилжаалах, блокчейн технологийг үйл ажиллагаандаа туршилтын журмаар хэсэгчлэн нэвтрүүлэх гэх мэтээр шинэ тутам гарч буй технологийн дэвшлийг ашиглах оролдлогууд хийж л байна. Монголын хөрөнгийн бирж ч мөн энэ жишгийн дагуу үйл ажиллагаагаа шинэчилж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа. Тиймээс бэлтгэл хангах үүднээс туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. 

-Койныг криптовалютын биржээр дамжуулан арилжаалж байгаа нь хүмүүст итгэл төрүүлж байна. Гэхдээ энэ нь хөрөнгийн биржээс ялгаатай гэдгийг төдийлөн анзаарахгүй байна уу гэж харж байна?

-Койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалаагүй. 

Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм.

Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас програм хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуур хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг яг л банктай адилхан, иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ. 

-Криптовалютын зах зээл дээрх бүтээгдэхүүнийг биржийн нэгэн адилаар зохицуулалтад оруулж болох уу? 

-Эхлээд койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой. Одоо УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжаа эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт, зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах. Тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр энэ захтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Б.Итгэлсүрэн: Банк бус санхүүгийн байгууллагуудаас бизнесийн зээлийг онлайнаар авах боломж бүрдэнэ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration