Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна
Цаг үе 

Халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 21, 2021
54
0

Х.БУЛГАН

Дулаан цагт амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт юм. Өвөл халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийдэг. Энэ удаад өнгөт керамик хучилтыг цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийж байна. Өнгөрсөн 2017-2020 онд нийт 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон бөгөөд энэ нь 10926.5 ам.метр талбайг хамарчээ.

Харин энэ жил 6570 ам.метр талбайд хучилт хийж байгаа юм аж. Тодруулбал, 16 автобусны буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел зэрэг дөрвөн уулзварт халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийсэн байна. Ойрын өдрүүдэд Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын зүүн талын уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Халтиргаанаас хамгаалах хучилт хийх байршлыг сонгохдоо Тээврийн цагдаагийн газар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын саналыг харгалзан үздэг байна.  Энэ жил “Тод амгалан” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 5-наас хучилтын ажил эхэлсэн юм.

Өвлийн улиралд авто замд элс, давс цацаж халтиргаанаас хамгаалдаг ч -20 хэмээс дээш хүйтэнд элс давс нь цас, мөстэй барьцалдан  дагтаршиж, үр дүн муутай байдаг. Тиймээс энэхүү өнгөт керамик хучилт цэвэрхэн бөгөөд үр дүн сайтай хамгаалалт хэмээн замын мэргэжилтнүүд онцолж байна.