Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
"Улаан бүс"-ийн уйлах эрхгүй "дайчид"
Нийгэм 

"Улаан бүс"-ийн уйлах эрхгүй "дайчид"

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2021
92
0

В.САРАНТУЯА

... Хулдаасан хувцасны хавиралдах чимээ холоос үүр түүрхэн сонсогдох. Төд удалгүй эмч нарын хоорондын яриа түргэсч, алхаа улам нэмэгдэх нь “Улаан бүс"-д аваарын дохио яаралтай хэрэг болсныг илтгэнэ. Хэн нэгэнд амьдрал, амьсгал хоёр зэрэг хэрэг болжээ. 

Шөнө дунд хэдийнэ болсон ч энэ бүсэд өдөр шөнийн ялгаа гэж байхгүй. Цаг тутам, мөч бүрт хүний амь нас хэмжигдэж буй. Тиймээс "Улаан бүс"-ийн дайчид унтах эрхгүй, амрах боломжгүй, зөвхөн өвчтөнүүдийнхөө биеийн аясаар л байдаг ажээ. Тэдний хамгийн том аврал бол амьсгалын аппарат. 

Тоо ширхэг нь бага ч гэсэн байгаагаа зөөсөөр, амь бүхнийг аврахын төлөө бохисхийх завгүй харагдана. Амьсгалын аппаратаа тожигнуулан чирээд явах эмч, сувилагч, асрагч нар дотор эрчүүд ерөөсөө харагдахгүй. Ганц хоёр эр хүн гал тогооны хуваарилалтад очсон бололтой хальт харагдсан. Бусад бүхий л фронтод бүсгүйчүүд дийлэнх нь байна лээ. 

Тэд “Улаан бүс”-эд 21 хоног ажиллаад гэр рүүгээ явдаг юм байна. Манай тасгийн эмч гэж дөнгөж сургууль төгссөн болов уу гэмээр жаахан охин. Өөрийнх нь үеийн гэмээр сувилагч, асрагчтай. Энэ гурав маань ургах нарнаас эхлээд үдшийн бүрий хүртэл халдвар авсан хүмүүсийнхээ эмчилгээг нэг бүрчлэн нямбайлан хийх ажээ. Ерөнхийдөө гаршчихсан. Гар утсаа гялгар уутаар нямбайлан боогоод өвчтөнүүдийнхээ эмчилгээг хэлэх юм. Ажилтай байх үедээ халдвар аваад давхар тариа дуслаа залгуулаад л яваа гэж инээлдэн ярьж байгаа нь бахархам байлаа. 

Үнэн хэрэгтээ тэд маань хэвтээд өгвөл өвчтөнүүд бид чинь балрана шүү дээ. Залуухан эрч хүчтэй эмч, сувилагчид маань “Гэрээ л их санадаг” хэмээн ярьж байсан. Гэртээ харих хоногоо тоолон ярилцах эмч, сувилагчид яг л цэргээс халагдах гэж байгаа эрчүүд шиг санагдав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковидоос болоод их ачаалалтай ажилласан ч аварсан хүний тоо олон болохоор сайхан санагддаг тухайгаа хуучлав. Унтах ч завгүй, ухрах ч эрхгүй “Улаан бүс”-ийн эрхэм дайчиддаа ажлын амжилт хүсье. 

ДЭЛГҮҮР ОРЬЁ... ТАМХИ ТАТЬЯ...

Би "Улаан бүс"-д 20 гаруй хонож байна. Өрхийн эмчийн хяналтад халдвар авсан иргэдийн асуудлыг шийддэг аж. Хүн нь хүндэрсэн тохиолдолд Тандалтын багийнханд албан ёсоор мэдэгдэж тэд өвчтөнөө зөөвөрлөн хүргэдэг байна. Нэг удаагийн зөөлтөөр зургаан өвчтөнг нэг машинд багтаана. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиж шууд "Улаан бүс" рүү оруулна. 

Намайг очсон өдөр бараг 70 гаруй хүн ирсэн. Эдгээр хүмүүсийг МҮИС-ийн дотуур байранд байрлуулсан. Өнөө саявтархан хэл ам дагуулаад байсан сургуулийн байр л даа. Гэхдээ миний бодлоор энэ байр маш олон хүний аминд орсон шүү. Амьсгаа нь давхцаад үхэл амьдралын завсарт ирж байгаа хүмүүст энэ байр диваажин мэт санагдсан. Үүдний өрөө жаахан хүйтэн ч дээд өрөөнүүд нь тохилог, дулаахан юм. Цар тахлын хүнд үед, өвлийн хүйт даасан цагаар тосоод авах байртай байна гэдэг чамлахаар зүйл биш ажээ. 

За ингээд “Улаан бүс”-д орсон бол дүрмийг дагах ёстой. Гэтэл нэг хүүхэдтэй 30 гаруй насны эмэгтэй орж ирсэн даруйдаа хамгаалалтын хүнээс “Дэлгүүр ормоор байна. Юмаа дутуу авчихаж” гэж байна. Хамгаалалтын хүн “Энэ бол Улаан бүс. Гарч болохгүй, орж болохгүй” гэв. Тэгсэн өнөө эмэгтэй цаашаа уурлаад л... Амандаа үглээд л. Төд удалгүй 40 гаруй насны нэг эрэгтэй “Энд зүгээр хүлээж байхаар үүдэнд тамхиа татчихаад ороод ирье” гэвэй. Үнэндээ ийм хүмүүст хэлэх үг олдохгүй юм билээ. Эмнэлгийн ажилчид үүнтэй нь эвлэрээд таг дуугүй мөрөө хавчаад явчихав. Би эмнэлгийнхнээс учрыг тодруултал дээрх үйл явц өдөрт хэдэн удаа давтагдах нь бий хэмээн тайлбарлав. 

Бид хэний өмнөөс өвдсөн бэ. Хэзээ хариуцлагатай байх вэ. Хэн нэгнийхээ ажлыг хэзээ хүндэлж сурах вэ гээд өвчний хажуугаар зөндөө л асуулт урган гарч байна даа... Хүн бүр гэртээ харихыг хүсч байгаа ч хувь хүний ухамсаргүй үг, үйлдэл эмнэлгийн салбарынхныг туйлдуулж байгаа нэг шалгаан юм байна гэдгийг эмнэлэгт очсон даруйдаа л анзаарсан нь энэ. 

ЭМЭЭ БИД ХОЁР

... Шөнө дунд. Энд тэндгүй бөгшүүлэн ханиалгах, амьсгаа нь дээрдсэн хүмүүс. Хэн хэн рүүгээ дөхмөөр санагдавч зам дэндүү хол мэт санагдана. Цонхоор хавирган сар гэрэлтэж тасалгааг нэлэнхүйд нь гэрэлтүүлэжээ. Үүдний орон дээр хэвтэх эмээ бид хоёр тасагтаа хоёулхнаа. Өдөр эмээгийн орыг засч, хоолыг нь дөхүүлээд өгтөл ихэд баярласан билээ. “Охин минь эмээ нь одоо 76 настай. Сайхан насалж байна. Залуудаа бүжигчин байсан. Одоо ч хүнд хэлэхэд ичмээр дээ. Хоёр хөл тас майга” гэх зуураа өөрийгөө шоолонгуй инээмсэглэж байв. Жаахан сэдэл өгвөл цааш яриасах шинжтэй болж ирэв. Тэгснээ “Энэ ёстой муухай өвчин юм аа. Эмээ нь хөгшнийгөө энэ өвчнөөр алдаад яг сар болж байна” гээд хоолой нь зангирч дуугаа хураав. “Эмээ та одоо янз бүрийн юм бодож сэтгэлээр унаж болохгүй ээ. Хүүхдүүдээ бодно шүү” гэхэд минь “Тийм шүү” гээд сэтгэлийн хат харуулж байв. Энэ бол бид хоёрын өдөрхөн ярьсан яриа. 

Шөнө дунд толгой даагдахгүй, амьсгаа дээрдэж нэвт хөлрөв. Эмээ “Охин минь яаж байна. Эмээ нь ус буцалгаж өгье” гээд таягаа тэмтрэх сонсогдов. “Эмээ та хэрэггүй, би өөрөө жоохон хөлсөө намдаагаад босноо” гэтэл “Үгүй ээ, эмээ нь ус буцалгаж чадна, юу гэсэн үг вэ” гэж байна. Ус буцаллаа хажуугийн эмээ нэг гартаа халуун ус нөгөө гартаа таягаа тулжээ. “Ойчих вий” хэмээн дэмий л санаа зовохоос амнаас авиа гарахгүй байв. 

Эмээ надад ус уулгангаа толгой дээр минь мойног хуруугаа илбэн барьсан нь ижий мэт санагдаж нулимс өөрийн эрхгүй урсч эхлэв. Тэр мойног хуруугаар дамжуулан ижий минь "охин минь тэснэ шүү" гээд хэлэх шиг л санагдав. Эмээ их баярлалаа гэхэд зүгээр охин минь одоо сайхан унт гэв. Ингээд "Улаан бүс"-д хоносон дөрөв дэх шөнө ийнхүү өнгөрөв өө.

Өглөө эмээг Ахмадын эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэхээр болж , эмээгээ урт насалж, удаан жаргахын ерөөл тавиад хоцорлоо.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ Ч ХҮН ШҮҮ ДЭЭ

“Улаан бүс”-д яг нүүр тулж уулзах гурван хүн бий. Эмчлэгч эмч, сувилагч, асрагч. Энэ гурав маань зогсолтгүй ажиллах бөгөөд сувилагчийн хулдаасан бээлийнд хөхөгдсөн гарыг нь харахаар өөрийн эрхгүй хайр, энэрэл төрнө. Эмч охиныхоо бүтэн нүүр царайг харж амжаагүй. Ямар ч байсан том алаг нүдтэй, нүдний шилтэй, хурдан хөдөлгөөнтэй. 

Хэд хоносны дараа эмч гүйгээд ороод ирлээ. “Эгчээ, таниас нэг тусламж гуйчих уу” гэж байна. “Тэгэлгүй яахав” гэхэд минь “Таны өрөөнд нэг саажилттай эмэгтэйг оруулмаар байна. Та харж хандаж байгаач. Одоо байгаа тасгийнх нь хүмүүс хамт байхаас төвөгшөөгөөд байх юм. Би их хүнтэй болохоор шөнө санаа зовоод байна” гэв. Би ч тэгэлгүй яахав ээ, бага ч гэсэн тус болж байвал надад сайхан байна л гэлээ. Төд удалгүй хагас харвасан бололтой суга таягтай залуухан охин орж ирэв. Инээд алдсаар л. Би ч “Аль тасаг билээ. Эгч нь юмыг нь зөөгөөд оруулья” гээд ухасхийв. Ингээд хуучин тасагт нь орвол нэг өвгөн жаахан хүүхэдтэйгээ, нэлээд ярвагар царайтай 50 гаруй насны эмэгтэй байх. Би ч боосон юмыг нь аваад гарах гэтэл “Гутлыг нь мартав. “0”-ын өрөөнд байгаа” гэж байна. Тэгэхээр нь би “Яахаараа тэнд байдаг юм бэ. Та нарынх орон доогуураа л байна шүү дээ” гээд ёозгүй хэлсэн чинь “Мэдэхгүй, мэдэхгүй гутлаа байн байн өмсөөд л байдаг ш дээ” гэв. Хүн хүнээрээ л байвал гэсэн бодол толгойд зурсхийж, гомдох ч шиг санагдав. Хэн байхаас үл хамааран харилцаа, хандлага зөв бол монголчуудын өдөр шөнөгүй шүүмжилж, муучилж, гоочилдог бүхэн сайхан болох юмсан даа. 

Хүмүүс охинд таагүй хандаад байгаа эмч бүсгүй анзаарсан учраас өвчтөнөө ая тухтай байлгах боломжийг өөрийн чадлаар эрэлхийлсэн нь тэр ажээ. Тасгийнхаа “хуучин цэрэг” болсон би шинэ зочинтойгоо ойр зуурын үг солиход, хүмүүс өөрөөс нь цэрвэж байгааг мэддэг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь гэж бараг байхгүй. Тэр ч бүү хэл хааяа маш их гутардаг тухайгаа ярьж байлаа. Бид хоёрыг ярилцаж байх зуур түүний утсанд дуудлага ирэв. “Охин маань ярьж байна” гээд хэсэг утсаар ярив. Хорвоогийн түмэн зүйлийг эргэцүүлэн бодож нийгэмд эзлэх байр суурь, хүмүүсийн хандлагыг мэдрэх бүртээ сэтгэл нь эмзэглэж, гомддог тухайгаа ч ярьж байлаа. Ярих үедээ хөөрхөн инээмсэглэнэ. Тэгснээ “Хүүе, эгчээ энд ирээд хүнтэй бараг яриагүй юм байна. Харвалтаас болоод хэл ярианд өөрчлөлт орсон болохоор хүмүүс миний яриаг ойлгодоггүй” гэв. Тэгэхээр нь “Түрүүн утсаар ярихдаа дажгүй л байсан шүү дээ” гэхэд минь “Охин минь, за ээжээ... аанхаа л гээд байдаг юм. Ойлгосон үгүйг нь ёстой бурхан л мэдэх байхдаа” гээд аанай л инээмсэглэв. 

Хүнд өвчинд шаналах, хүн чанарын хэлтэрхий ч үгүй хүмүүсийн төлөө шаналахын аль нь жин дарах бол гэж бодогдож байв. 

ДУСЛЫН ШИНГЭН, ТАРИУРГҮЙ СУВИЛАГЧИД

"Улаан бүс"-д эмнэлгийн наад захын эмийн бүтээгдэхүүнүүд ховорджээ. Ковидоор өвчлөгсөдийн ихэнх нь дусал тариагаар эмчлэгдэж байна. Харамсалтай нь хүрэлцээгүй. Өвчтөнөө эрүүл болгохын тулд эмчилгээгээ гүйцэд хийх ёстой. Энэ бүхэнд салбар хариуцсан Эрүүл мэндийн яам хүч тавин ажиллах ёстой атал эмнэлгийнхэн бүхэлдээ бүтээгдэхүүний хомсдолд орсон байна. 

Натри хлорид 100 граммынх олдохгүй учраас 250 граммтайгаас 150-ийг нь асгаж байгаад тарих юм. Мөн тариур, спирттэй хөвөн ч ховордсон гэнэ. Ёстой өнөөх дайны үед сумгүй дайчид шиг л ажиллаж байна. Яагаад ховор байгаа учрыг лавлахад “Эрээний хил хаагдсан болохоор” гэв. Учир нь эмийн үйлдвэрүүдийн сав баглаа боодол урд хилээр ирдэг ажээ. 

Урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж байгаа Монголын эрүүл мэндийн салбарын байгаа бодит царай л энэ. Хэдэн эмч, сувилагч, асрагч нартаа найдчихаад дорвитой ажиллахгүй хэмээн түмэн олон шүүмжлэхээс ч аргагүй байдал эмнэлгийн орчинд бэлхнээ харагдана. Үхлийн тоо зарлахаас хэтрэхгүй байгаа төр засагтаа гомдол тээсэн хүмүүсийг буруутгах ч арга алга. Нэгэнт л бодит байдал бүхнийг харуулж байхад юу ч гэх юм билээ дээ. 

Тайван цагт зүү тариур ч үгүй, дусал тариа ч үгүй болтлоо туйлдаж байгаа “Улаан бүс”-ийн дайчиддаа тулалдах зэвсгийг нь таслалгүй зөөж өгөхийг хичээнгүйлэн хүсье. 

"Хотын мэр"-үүд хотын тухай
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration