Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Үзэсгэлэн худалдаа: Хүлэмжид тарьсан нарийн ногоо эрэлттэй байна
Цаг үе 

Үзэсгэлэн худалдаа: Хүлэмжид тарьсан нарийн ногоо эрэлттэй байна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
198
0

Т.АНУ 

Урин дулааны улиралд Сүхбаатарын талбайд түм түжигнэж бум бужигнана. Шовгор цагаан майхнаар чимсэн “Сүх”-ийн талбайд өчигдрөөс эхэлж гурав хоног үргэлжлэх “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдаа маргааш өндөрлөх ажээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр борлуулагдаж байна лээ. Хэдийгээр цар тахал хоёр жилийг “хөл хорионд” өнгөрүүлэх шалтгаан болсон ч үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмж, чанар чансааг дэлхийн зах зээлд нийцэхүйцээр чадавхжуулсан анзаарагдав. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа хөл хөдөлгөөн ихтэй байв. Энэ удаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгчийг захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахыг зорьж буйгаа зохиог байгуулагчид онцлов. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс экологийн цэвэр хүнсний ногоог нийслэлчүүддээ санал болгож буйгаараа өмнөх худалдаануудаас ялгарах онцлог нь хэмээн зарим оролцогчид нь хэлж байв.

Түүнээс гадна “Голден гоби” чихэр, шоколадны үйлдвэрийн бүтээгдэхүүн монголчуудын хамгийн сайн таних бас хэрэглээнд аль хэдийнэ нэвтэрсэн бүтээгдэхүүн. Түүнтэй эн тэнцэхүйц үзэмж, амт чанартай чихэр үйлдвэрлэгддэг болсон байна. “Монконди” зөөлөн бас хатуу чихэрийн үйлдвэр бүтээгдэхүүнийхээ дээжээр хүмүүст үйлчилж байлаа. 

Мөн түүнчлэн үзэсгэлэн худалдаанд хамгийн эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүн бол нарийн ногоон байсан юм. Учир нь хүнсний ногоо тариаланчид гар аргаар хүлэмжид тариалсан бүтээгдэхүүн эрэлттэй байв. Урд хөрш хатуу хөл хорио тогтоож хилээ хаасан ч тариалангийн улирал эхэлсэн болохоор монголчууд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан нарийн ногоо идэх боломжтой юм. 

Түүнчлэн “Сэлэнгэ органик” брэнд нь нарийн ногоо, зөгийн бал, даршилсан бүтээгдэхүүн,  савалгаатай цай зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байв. Мөн “Дэвшил трейд” компани шилэн хүлэмжийг ашиглан нэг сараас  гурван сар хүртэл тарьж ургуулсан шинэ ургацын ногоогоо борлуулж байлаа. Эрт ургацын амт чанартай  өргөст хэмх, улаан лоолийг 9-12 мянган төгрөгөөр худалдаалж байна.