Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
Ж.Цолмон: Тархи судлал боловсрол, соёлын салбарт олон өөрчлөлтийг авчирна
Нийгэм 

Ж.Цолмон: Тархи судлал боловсрол, соёлын салбарт олон өөрчлөлтийг авчирна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
111
0

Д.ЧИМЭГ

XXI зууны тэргүүлэх салбар хэмээн тодорхойлогдож буй тархи судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний 299 дүгээр тогтоолоор ШУА-ийн харьяанд “Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн”-г албан ёсоор үүсгэн байгуулжээ. 

Тус хүрээлэн энэ долоо хоногт албан ёсоор үүдээ нээж, өрхөө татсан. Энэ хүрээнд энэ сарын 8-13-ны өдрүүдэд олон улсын тархи, сэтгэл судлалын долоо хоногийн аяныг зохион байгуулж буй юм. Эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ард иргэд, оюутан залууст зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ тухай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийж хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хуралд, ШУА-ийн харьяа “Тархи, сэтгэл судлалын хүрээлэн”-гийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, тус хүрээлэнгийн зөвлөх, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Баттүвшин, мөн Инновацийн төвийн дарга З.Отгон болон хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Чимэддулам, Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх нар оролцлоо.   

Хэвлэлийн хурлын үеэр Олон улсын тархи судлалын байгууллага (IBRO)-тай хамтран зохион байгуулж буй “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Малайз, Казакстан, Киргиз зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцож байгаа талаар мэдээлэв. Тэд тархи судлалын чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээ, туршлага мэдлэгээ хуваалцан мэдээлэл солилцож буй талаар мэдээлэв. Түүнчлэн тархи судлалын шинжлэх ухааны салбарт гарсан дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар олон сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн зохион байгуулагчид онцолж байна.   

ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн тархи судлал ба сэтгэл судлал гэсэн хоёр үндсэн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Хүрээлэнгийн эрхэм зорилго нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцлөөр хангахад анхаардаг байна. Үүний зэрэгцээ нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Тус хүрээлэнгээс олон улсын тархи, сэтгэл судлалын долоо хоногийн хүрээнд тархи судлал болон сэтгэл судлалын сургалтуудыг түлхүү зохион байгуулж буй. Тухайлбал, “Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд” сэдэвт сургалтыг Монголын Сэтгэл Судлалын Нийгэмлэг (MPA)-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ сургалтын гол зорилго нь олон нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааныг үндэс суурьтайгаар түгээн дэлгэрүүлэх, нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, мөн сэтгэл судлал, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж буй гэв.  Энэ хүрээнд “Хүн төвт үзэл баримтлал”, Сэтгэл судлалын “Сэтгэл” гэх ойлголт, хувь хүнд тохиолдож болох сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх аргууд, гэр бүлийн харилцаанд үүсэх зөрчил маргаан, стресс, түгшүүр хямралыг даван туулах, Сэтгэл судлалын мэргэжлийн ёс зүй зэрэг олон чухал сэдвүүдийг хэлэлцэх юм байна.   

Мөн хурлын үеэр зохион байгуулах бас нэгэн онцлох арга хэмжээ нь Монгол Улсад Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд болох Хятадын Шинжлэх Ухааны Академийн Тархи Судлалын Хүрээлэнгийн захирал, Тархи судлаач, доктор, профессор Мү-Минг Пүү, Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Тархи судлаач, доктор,  профессор Панн Гилл Сү, Япон улсын Фүкүока хот дахь Фүкүока нэгдсэн эмнэлгийн Психосоматик тасгийн эрхлэгч Хирамото Тэцүяа нарт Шинжлэх Ухааны Академийн “Хүндэт Доктор”, Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн “Хүндэт Профессор”, “Зөвлөх Профессор” хүндэтгэлийн цолуудыг гардуулахаар төлөвлөсөн байна.