Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Тэгш, сондгой ШИЙДЭЛ биш
Цаг үе 

Тэгш, сондгой ШИЙДЭЛ биш

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
105
0

Б.ЭНХЖИН, Ө.МӨНХЖИН

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан. Үүнийг үргэлжлүүлэх нь түгжрэлийг сааруулах нэг гарц хэмээн өнгөрсөн долоо хоногт сошиалаар “шуурч” байсан юм. Тэр ч бүү хэл НИТХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар ч яриа гарч нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Авто машиныг тэгш, сондгойгоор зорчуулах эсэх талаар НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Одоогоор ямар нэг шийдэлд хүрсэн зүйл байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм. 

Харин замын түгжрэлийг бууруулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулах нь хэр оновчтой шийдвэр эсэх талаар иргэдийн байр суурийг уншигч танд хүргэхээр манай сурвалжлах баг ажиллаа. 

Чингэлтэй дүүргийн иргэн А.Амар: Тэгш сондгой бол шийдэл биш. Ер нь 1992 оны үндсэн хуулийн балаг энэ шүү дээ. Бид эх орондоо эрх чөлөөтэй амьдрах шаардлагатай гэж бодож байна. 

Сүхбаатар дүүргийн иргэн н.Болдсүрэн: Дугаарын хязгаарлалт, тэгш, сондгойгоор явуулна гэдэг замын түгжрэлийг бууруулах шийдэл огт биш.  Одоо байгаагаасаа их машинтай болно. Дэлхийн ямар ч хот ийм шиидэл гаргаж байгаагүй байх. Бүгд л японы хуучин машин унадаг. Жолоогоо төгссөн хүүхдүүд хүртэл эмээ, өвөөгийнхөө тэтгэвэрийг зээлээд приус аваад уначихаж байна. Бусад улсад машины татвар их, хотын төвдөө замын хураамж өндөр гэх мэт ерөнхийдөө эдийн засгийн аргаар шийдэж байна шүү дээ. 

Чингэлтэй дүүргийн иргэн н.Чимэдцэцэг: Нэгдүгээрт, хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь л ихсэх байх даа. Хоёрдугаарт, одоо хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж бодож байна. Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхлэх үед айл бүр дор хаяж хоёр машинтай болсон шиг. Тэгш, сондгойгоор явуулах богино хугацаанд буюу замын ачаалал огцом нэмэгддэг үеэр үр дүнтэй байж болно. Гэхдээ урт хугацааны шийдэл биш гэж харж байгаа. 

Баянзүрх дүүргийн иргэн н.Дөлгөөн: Машины тоо өсөх эсвэл хууль бус дугаарын наймаа л газар авах байх даа. Наад зах нь жолооч болгон хоёр дугаартай юм уу эсвэл боломжтой нь хоёр машинтай болж түгжрэл улам нэмэгдэнэ. Хотын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулж, маш сайн хөгжүүлэх хэрэгтэй л гэж боддог. 

Сүхбаатар дүүргийн иргэн н.Батмөнх: Нийтийн тээвэр нь хүртээмжгүй. Автобусны буудал нь дүүрэн хүнтэй. Ирсэн автобусандаа багтахгүй шахцалддаг байхад хувийн унаагаараа л зорчихыг бодно шүү дээ. Миний хувьд ойрхон зууртаа алхдаг. Гэхдээ хотын гудамж хэтэрхий бохир, тоос шороо ихтэй байна. Одоо өвөл болохоор утаа униар нь хоолой хорсгоод бүх хувцас тортог дарчихдаг. Гэтэл энэ асуудлыг анхаарч байгаа нэг ч удирдлага алга. Ер нь энэ талын ойлголттой хүмүүс энэ төрд байдаг болов уу. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Мөнгөнцэцэг: Машин явуулахгүй гэхийн оронд зам гүүр бариад хотоо тэлсэн нь дээр шүү дээ. Учир нь би байр түрээсэлж амьдардаг учраас харъяаллын дагуу хүүхдээ сургуульд нь явуулахаар яалт ч үгүй унаагаар зөөхөөс аргагүй байдалд байдаг. Нөгөөтэйгүүр Налайх дүүрэгт амьдардаг хүн Таван шарын тэнд ажилладаг бол хувийн унаагаараа явахаас аргагүй байдгийг бас бодолцох хэрэгтэй. 

Баянзүрх дүүргийн иргэн Батбилгүүн: Дарга нар ч яахав тэгш, сондгой дугаартай машин унана. Дээрээс нь албаны машинтай болохоор энэнээс илүү шийдэл харахгүй л байх шиг байна. Үнэн хэрэгтээ одоо яриад байгаа тэгш, сондгойгоор хязгаарлах нь түгжрэлийн “0” зогсолт хийх боломж нь болчихвий гэсэн болгоомжлол байна. Учир нь хязгаарлалтад өртөхгүйн тулд хуучин ч хамаагүй дахиад нэг машин авахыг л бодно шүү дээ.