Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
DOID: Таван жилийн дараа илүү хүчирхэг уран бүтээлч болно
Урилгатай зочин 

DOID: Таван жилийн дараа илүү хүчирхэг уран бүтээлч болно

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
107
0

Б.ЭНХЖИН
Чөлөөт уран бүтээлч Б.Доржнанжидтай ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай уншигчдад өөрийгаа танилцуулаач?
-Намайг Б.Доржнанжид гэдэг. Тайзны нэр маань DOID. Би өмнө нь бүжиглэдэг байсан. Харин одоо дуу, хөгжмийн салбарт ажиллаж байгаа залуу уран бүтээлч. Одоогоор ямар нэгэн продакшнд харьяалагддаггүй.
-Урлагийн хүн болох шийдвэрийг хэдийд гаргаж байв. Танд хэн нөлөөлсөн бэ?
-Анх аав ээж хоёр маань намайг дөрвөн настай байхад хэдэн CD авчирч өгсөн юм. Тэнд товшлуур бүжиг, Michael Jackson-ны бүрэн тоглолт бас клипнүүд нь гардаг байсан. Тэр бүхнийг шимтэн үзсээр урлагт дурлаж эхэлсэн гэж боддог. Тэгэхээр намайг урлагт уруу татсан “хүн” бол DVD уншигч. Би чинь зургаадугаар анги хүртлээ даруухан хүүхэд байлаа шүү дээ. Тэгээд наймдугаар ангид байхаасаа бүжгийн дугуйланд явж эхэлсэн маань хүмүүстэй нээлттэй харилцах эхлэл байсан гэж боддог.
-Урлагийн хүмүүс маш гүн мэдрэмжтэй байдаг шүү дээ. Та хэр мэдрэмтгий хүн бэ. Магадгүй аливаа зүйлийг хэт өөртөө хамаатуулж хүлээж авах тохиолдол гардаг болов уу?
-Урлагийнхныг сэтгэл хөдлөл өндөр гэцгээдэг шүү дээ. Би ч нэг их хол зөрөхгүй л дээ. Мэдээж сэтгэлээр унах, гомдох зүйл байж л байдаг. Тэр ч бүү хэл бусдад тохиолдсон хүнд байдлын талаар сонсохдоо ч сэтгэл минь маш их эмзэглэдэг. Хэрэв надад ийм явдал тохиолдвол би яах вэ гэж бодохоор уйлмаар санагддаг. Бүр уйлж байсан удаа ч бий л дээ.
-Хүмүүс таныг ямар байдлаар хараасай гэж боддог вэ. Магадгүй дуучин DOID эсвэл хувь хүн Доржнанжид?
-Доржнанжид гэдэг хүнийг бусадтай л адилхан хүн гэдэг талаас нь хараасай гэж боддог. Заримдаа хүүхдүүд “Яаж тань шиг болох уу. Та ёстой гоё хүн шүү” гэдэг юм. Миний хувьд Доржнанжид гэдэг хүн нийгэмд харагдаж байгаа өнцөг нь сайн залуу байж болох ч би бусадтай л адилхан хичээнгүйлэн амьдарч яваа хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл, зарим хүнд би сайн хүн шиг сэтгэгдэл төрүүлнэ. Харин заримд нь муу хүн шиг санагдана. Тэгэхээр хүмүүс намайг залуу уран бүтээлч, энгийн нэгэн гэж хараасай л гэж боддог.
-Таныг кинонд тоглосон гэж сонссон. Ямар кинонд тоглосон билээ?
-Нэг өдөр гимнастикийн зааланд хамт бэлтгэл хийдэг залуу над руу залгасан юм. Учир нь “Soulmate” киноны багийнханд намайг тоглуулахаар санал болгосноо хэлсэн. Тэгээд л кино зохиолч Хүрэлбаатар ахтай уулзаж туслах дүрд тоглохоор болсон. Мэдээж кино зохиолоо уншиж үзсэний дараа тоглоё гэдгээ хэлсэн л дээ.
-Кинонд тоглох, дуу дуулах хоёрын ялгаа?
-Кинонд тоглох амар биш. Ер нь амар зүйл гэж хаана ч байхгүй л дээ. Хүний хүсэж байгааг гаргана гэдэг үнэхээр хэцүү. Найруулагчийн бодож байгааг би ойлгохгүй эсвэл арай өөр өнцөгөөс харчихвал буруудчихна. Тэгэхээр кино багийнхан нэг чигт харж, ойлголцож ажиллах нь чухал юм билээ. Бас киноны зураг авалтыг хийхдээ эхнээс нь дуусталх дэс дарааллаар авдаггүй. Энд, тэндээс нь авдаг болохоор өмнө эсвэл хойно нь юу байгаа билээ гээд байнга л боддог.
Харин дууны тухайд бол үгээ бичихээс эхлээд дийлэнхийг нь өөрөө хийчихнэ. Хамгийн гол нь яг юуг хэлэх гээд байгаа вэ гэдгээ маш сайн харж байгаа учраас санаандаа хүртэл хийж болж байгаа юм.
-Таныг өөрөө дууныхаа үгийг бичдэг гэж сонссон юм байна?
-Тиймээ. Миний дууны үгэнд “гүй, болно” гэдэг үгнүүд олон давтагддаг бол хайр гэдэг үг тун ховор гэдгийг 10-аад дуу бичсэнийхээ дараа анзаарсан. Жишээлбэл, хайр гэдэг үг “Love” дуун дээр л “Хайр энэ чи мөн үү” гэж орсон байна лээ.
“Гүй” гэдэг үг олон давтагдаж байгаа нь миний өөрийн амьдралын дадалтай холбоотой ч байж магад. Би гүйх дуртай. Зарим үед гүйж өөрийгөө тайвшруулах нь ч бий. Болно гэдэг үгийн тухайд бол бүхий л зүйлийг болгоно, бүтээнэ гээд өөрийнхөө чадах, дийлэх хүртэл хичээнгүйлэн зүтгэдэг дээ.
-Гүйх таны амьдралын нэг хэсэг учраас дууны үгэнд нь олон давтагддаг гэж байна. Хэрэв гүйхээс өөр үг сонго гэвэл та ямар үгийг онцлох бол?
-Энэ үнэхээр хэцүү асуулт байна аа (инээв). Би гүйж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг. Үүнтэй адил би ууланд ч юм уу, голын эрэг дээр ганцаараа байхдаа өөрийгөө мэдэрч чадна. Тэгэхээр байгальтай илүү ойр байх байсан болов уу.
-Урлагийнхны ямар нэг зүйл золиосолж байж амжилтад хүрдэг гэлцдэг шүү дээ. Таны хувьд?
-Гэр бүл, найз нөхөддөө зарцуулах цаг хугацаа. Дотны хүмүүсийнхээ дурсамжтай, хөгжилтэй үеүүдэд хамт байж чадахгүй байх нь бий.
-Та өдөрт хэр их ажил амжуулдаг вэ?
-Өглөө гэрээсээ гарах гэж цаг гучин минут болдог. Өглөө цайгаа бэлдээд уух зуураа мэйлээ шалгана. Мэдээж маргааш хийх ажлаа урд орой нь эсвэл өглөө эрт жагсааж бичнэ. Ингээд хамгийн чухал гэж эрэмбэлсэнээс нь ажлаа эхлүүлнэ дээ. Чөлөөт уран бүтээлч болохоор ажлын цагт баригдана гэж байхгүй. Миний хувьд уйдамтгай учраас аль болох олон ажлыг амжуулахыг хичээнэ. Хүмүүсийн амьдралын олон өнгийг харахын тулд янз бүрийн хүнтэй уулзана. Ингэснээр юмсыг харах өнцөг, бодит амьдралын талаарх ойлголт маань хайрцаглагдахгүй байх юм.