Баасан, 7 сарын 30, 2021
Хадгалсан мэдээ (0)
Б.БАЯНЖАРГАЛ: НАМАЙГ ҮНЭЛЭЭД 2 ТЭРБУМДАА БАРЬЦААЛЧИХААСАЙ
Улс төр 

Б.БАЯНЖАРГАЛ: НАМАЙГ ҮНЭЛЭЭД 2 ТЭРБУМДАА БАРЬЦААЛЧИХААСАЙ

7 сарын 30, 2021
511
0

Д.ОЮУНЧИМЭГ

Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорихоор шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн 19-р тойрогт нэр дэвшигч Б.Бямбасайханы аав Б.Баянжаргалтай цөөн хором ярилцлаа. 

-Таны хүүг хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Та ямар байр суурьтай байна вэ? 

-Хүү минь хоригдчихоор ямар олиг байхав дээ. Таван жилийн өмнө анх хэрэгт холбосон. Гэтэл энэ хугацаанд яагаад шийдэж болоогүй юм бэ гээд гайхаж сууна. Ямар сайндаа хүүгээс минь нэхсэн хоёр тэрбум төгрөгийн барьцаанд намайг үнэлээд барьцаалж болдоггүй юм байх даа гэж бодох вэ. Би хэзээ ч тийм их хэмжээний мөнгө харж байгаагүй.

-Та өчигдөр хүүтэйгээ уулзаж амжсан уу?

-Хөгшин бид хоёр хүүгээ хоригдохыг нь сонсоод ухаан мэдрэлгүй л гүйж очлоо. Шүүх, цагдаагийн алба хаагчид бол үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ. Тэд бидэнтэй хүндэтгэлтэй харьцаж, хандаж байсан. Намайг хүүдээ зүрхний эмийг нь өгье гэхэд цааргалсангүй. Миний даралтыг үзээд зүрхний эм уулгаж тайвшруулж байсан. Хүүгээ хонгилоор гараад ирэхэд нь хальт гарыг нь атгаж, духан дээр нь үнэрлээд л явууллаа. Хүүдээ эмийг нь өгч амжсан. Тэгээд явахыг нь харсан болохоор сэтгэл тавгүйрхээд тун хэцүү байлаа. /хоолой нь зангирав/