Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
Ч.ОТГОЧУЛУУ: ГАЦСАН ХӨГЖИЛ, ГАЖУУДСАН ТОГТОЛЦООГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
Leaders club 

Ч.ОТГОЧУЛУУ: ГАЦСАН ХӨГЖИЛ, ГАЖУУДСАН ТОГТОЛЦООГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2021
492
0

Х.ЭРДЭНЭБУЛГАН

www.epress.mn цахим хуудас салбар бүрийн шилдэгүүдийг “Leader’s club” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарцын талаар ярилцан уншигч танаа хүргэхээр зорьж байгаа билээ. “Leader’s club” булангийн анхны зочноор эдийн засагч Р.Отгочулууг урилаа. Түүний сонгуулийн гажиг тогтолцоо, хөгжлийг чөдөрлөж байгаа талаарх өргөн хүрээтэй ярилцлагыг нийтлэл болгон хүргэж байна.

ТӨРИЙН ДЭЭД ШАТНЫ АППАРАТ БА БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ

Улс орны хөгжилд нэн чухал зүйл нь эдийн засгийг тэлэх том төслийг тогтвортой орчноор хангаж чадах тогтвортой төрийг бий болгох. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн дунд нь Засгийн газраа огцруулдаг, сандал суудлаа булаацалддаг гэх мэт асуудлаас үүдэн тогтвортой орчин бүрдэж чадахгүй байна шүү дээ.

Нөгөөтэйгүүр чадвартай боловсон хүчний хомсдол төрийн дээд шатны аппаратад тулгамдаж байна. Учир нь сонгуульд өрсөлдөх боломжийг “зоос”-ны нүхээр харах нь ийм байдалд хүргэж байгаа юм. Мөнгөтэй хүмүүст давуу эрх олгох нь нэг талдаа боловсон хүчний хомсдолын шалтгаан. 

Манай улстай адил зовлон туулсан Австрали байна. Байгалийн асар их баялагтай, эхэндээ бас л үндсэрхэг үзэл дэлгэрсэн. Америк, япончуудад дээрэлхүүлж байна. Баялгаа үнэгүй алдаж байна хэмээн асуудлыг хөөсрүүлдэг популистууд гарсан юм билээ.

Мэдээж тэнд мөнгөтэй хүмүүс бий. Тэд улс төрд нөлөөлөхийг оролдсон ч чаддаггүй. Учир нь Австралид сонгуулийн систем нь хараат бус бөгөөд улс төрөөс хараат бус хүмүүс зохион байгуулдаг. Сонгуулийн хороо нь бие даасан байдлаа маш сайн хамгаалж, хадгалдаг. Тэд сонгуулийн тойргийг нь зураад өгчихдөг, харин манайд улстөрчид өөрсдөө зурдаг.

Сонгуулийн хороо нь тусдаа байгаад зогсохгүй сонгууль маш үнэнч шударгаар явах ёстой. Хүн бүр тэгш боломжоор оролцдог. Тиймээс мөнгөөр бороо оруулж, хэт их сурталчилгаа хийх шаардлагагүй. Тэгэхээр жирийн иргэн ч сонгогдох боломж бий. Энэ зарчим нь намуудыг сахилга баттай болгодог юм байна. Хамгийн гол нь сонгуулийн зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг.

Гэхдээ зохион байгуулалтыг нь мэргэжлийн байгууллага, улс төрөөс ангид байгууллага хийдэг. Тиймдээ ч Австралид сүүлийн 20, 30 жил хямрал болоогүй. Дэлхийн ихэнх орнууд хямарч байна. Ялангуяа эрдэс баялгаа экспортолдог манайх шиг орнууд үнэ унахаар л хямаралд  орчихож байна шүү дээ.

Австрали бол эсрэгээрээ хөгждөг. Яагаад гэвэл, улстөрчид нь хэт их улс төрждөггүй болохоор улсынхаа эдийн засгийг чадавхижуулж, нийгмийн асуудлаа оновчтой зохион байгуулж байгаа юм. Бид сонгуулийг хэт их мөнгөөр “зодож” хийж байгаагийнхаа горыг амссаар л байна. 

Хамгийн ойрын жишээг харъя. 2008 оны сонгуулиар хоёр том нам хүн бүрд 1-1.5 сая төгрөг амласан. Энэ амлалт нь тухайн үеийн манай улсын төсвөөс давсан байсан. Ингээд амлалтаа биелүүлэхийн тулд асар их хэмжээний мөнгө зээлсэн. Мэдээж зах зээл рүү их хэмжээний мөнгө нийлүүлснээр  инфляцийг огцом нэмж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа унагасан. 

Магадгүй Эрдэнэтийн нэг тэрбум ам.доллараар гадаадад зэсийн орд авсан бол түүнийгээ аль хэдийн нөхчихсөн байна байх. Мөн Оюутолгойгоос мөнгө авч цацсан. Тавантолгойгоос мөнгө авсан. Бүр ирээдүйд олох орлогыг нь хүртэл урьдчилж зээлсэн. Эдийн засгаа тэлэх, чадавхижуулахаас илүүтэй өр тавих замаар асуудлаа шийдсэнийхээ горыг бид амсч байгаа юм.

Орлого тасрах эрсдэлийг өр тавих замаар шийдвэрлэснээс асар их хэмжээний өрд унаж байгаа шүү дээ. Хэтэрхий популистууд эсвэл мөнгөний сонирхолтой хүмүүс улс төрд орж ирэхээр бүх зүйлийн хэм хэмжээ бодит байдлаас эсрэгээр эргэж байгаа хэрэг.

СОНГУУЛИЙН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ...

Тиймээс бид сонгуулийн шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Сонгууль бол төр, төрийн бодлого, эдийн засгийн бодлого, төсвийн бодлогыг авч явах хүмүүсээ сонгож байгаа хэрэг шүү дээ. Гэтэл бид хачирхалтай сонголт хийдэг. Хүмүүс  хагалгаа хийлгэх болохоор хамгийн сайн эмч дээр очдог биз дээ. Харамсалтай нь бидний ирээдүйд “хагалгаа” хийх гэж буй хүмүүсийг сонгохдоо мөнгө амласан, чанга дуугарсан, айлгасан хүмүүсийг сонгодог. Энэ нь бидний сонгуулиа огт хийж чадахгүй, зөв хүнээ сонгож чадахгүй байгааг харуулж буй хэрэг. 

Австралийн хөгжлийн нууц бол ердөө л сонгуулиа хийж сурсантай шууд холбоотой. Тэд хөндлөнгийн хараат бус хүмүүсээр удирдуулж яг зөв сонгууль хийж чаддаг. Тэнд улс төрийн нөлөө, мөнгөтэй хүмүүсийн нөлөө бизнесийн нөлөөг салгаж яг л иргэддээ үйлчилдэг. 

Бие даасан хараат бус сонгууль болдог. Өөрсдөө тойргоо зурна хэн яаж дэвших, юу амлах, ямар хэмжээтэй зургаа авлуулахыг нь хүртэл зохицуулж өгдөг. Герман ч бас тийм. Япон ч мөн адил. Тэнд дүүрэн мөнгөтэй хүмүүс байна. Гэсэн ч сонгууль маш шударгаар явагддаг. Яагаад гэвэл, татвар төлөгчдийн мөнгөөр маш олон хараа хяналт дор тусгай нээлттэй сангаар дамжиж бүх зүйл явагддаг. Тэгэхээр Монгол Улс хөгжихийн тулд эхний ээлжинд сонгуулийн шинэчлэл хийх хэрэгтэй. Санаагаар болдог бол бид нэг юм уу хоёр сонгуулиа Австралимэтийн туршлагатай орноос баг урьж авч ирээд хийлгэчих хэрэгтэй. Монголчууд өөрсдөө сонгуулиа хийж чадахгүй гэдэг нь тодорхой болчихсон.

ЖОЛООЧГҮЙ МАШИН ХАА ХҮРЭХ ВЭ?

Казахстан л гэхэд дээд боловсролоо яаж босгосон бэ гэхлээр гаднын стандарт, гадаадын их дээд сургуулиудыг импортлоод босгоод ирлээ. Тэд одоо дэлхийд өрсөлдөх чадвартай оюутнуудтай болчихлоо. Тэр ч бүү хэл Англиас шүүгч нарыг нь импортолж байгаа дуулдсан. Гүрж улс, Украин ч ялгаагүй нэг хэсэг гаднаас боловсон хүчнүүдийг авчирч байсан. Яагаад гэвэл, сонгуулийн систем шүүхийн систем бол бид нарын нэг хэсэг.

Гэхдээ энэ бол арга ядсан зүйл. Өөр нэг арга нь бид улс төрийн намын санхүүжилтийг төсвөөс ард түмний мөнгөнөөс төлдөг болгоод, ард түмэн өөрсдөө хяналтаа тавьдаг болчих хэрэгтэй. Ингэвэл бид бодлогын ардчилалтай болно.

Нөгөөтэйгүүр төсвийн тухай хуулийг аваад үзье. Хэдхэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд болоод яамны хэдэн мэргэжилтнүүд сууж байгаад л наймаалах замаар хууль баталчихаж байна шүү дээ. Тэгэхдээ бүр маш өндөр алдагдалтай. Алдагдлыг нь зээлээр төлдөг. Төсвийн бодлого тойргуудыг усалдаг хэрэгсэл болчихсон.

Тэгээд улстөрч өөрийгөө “Би мундаг шүү” гэж хэлдэг. Тэр хүний мөнгө уг нь биш шүү дээ. Тэр чинь татвар төлөгчдийн мөнгө. Бүр тодруулбал, уралдаж амласан нь ялдаг сонгуулийн гажиг тогтолцооны уршигаар өрөнд орсоор л байна.

Бид төсөв, мөнгөний бодлогоо эрх мэдэлтэй хүмүүст зориулж, сонгуульд өгөгдсөн байдлаар батлаад байж болохгүй гэдгийг ойлгох учиртай.

Манай улсын хувьд инфляцийг нам дор байлгасан, жижиг, дунд үйлдвэрлэлээ тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг нь бүрдүүлсэн төрийн бодлого явуулах ёстой. 

Энэ бүхэн эцсийн дүндээ сонгогчийн төлөө, жижиг, дунд ангийн төлөө, дундаж давхаргын төлөө л байх учиртай. Гэтэл манайх нэг бол намууддаа нэг бол хэдэн эрх мэдэл төвлөрүүлсэн хүмүүст эсвэл хэдэн мөнгөтэй хүмүүст чиглэж, бүх зүйлийг мөнгөөр шийддэг.

Бид унаж яваа машиндаа эзэн болж чадахгүй, жолооч нь байж чадахгүй байна. Тэгсэн атлаа яагаад өөр зүгт яваад байна вэ гээд л гайхах юм. Чөлөөт зах зээл, иргэний ардчилсан нийгмийн амин сүнс бол чөлөөт, шударга, бүх хүнд тэгш боломж олгосон сонгуулийн систем юм. Дараа нь төсөв мөнгөний бодлого нь эцсийн хэрэглэгч нартаа чиглэсэн байх хэрэгтэй.