Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
X.Ганхуяг: Нээлттэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орон хөгждөг
Бизнес 

X.Ганхуяг: Нээлттэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орон хөгждөг

10 сарын 21, 2021
227
0

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор Хассуурийн Ганхуягийг урилаа. Тэрээр улсын хөгжлийг ийн хардаг ажээ

ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Нээлттэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орон хөгждөг. Нээлттэй гэдэг нь зөвхөн ардчилал, хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаа мэтээр ойлгож болохгүй. Хамгийн гол нь том зах зээл хэрэгтэй. 

Үүний тулд хоёр хөрштэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан Хятадын хойд, Оросын өмнөд хэсэгтэйгээ хамтарч ажиллах, зах зээл нээгдэх бүрэн боломж бий. Учир нь хэл, шашин шүтлэгийн хувьд нэг их хол зөрүүгүй учраас бэрхшээл тулгарах нь бага гэж ойлгож болно.

Манай улсын хувьд нэн тэргүүнд хоёр хөрштэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээрээр бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх боломжтой. Жишээлбэл, ОХУ-аас худалдаж авах автобензин, түлш татваргүй болно. Манай улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн зардлынх нь 30-40 хувийг түлш эзэлдэг. Тиймээс бүтээгдэхүүний өртөг буурах сайн талтай. Энэ нь импортын бүтээгдэ­хүүнтэй дотоодын бүтээг­дэхүүн өрсөлдөх чадвартай болох юм шүү дээ.

Урд хөршийн тухайд Эрээнээс гаальтай машинаар бараа оруулж ирдэг тухай хүн бүр яридаг. Үүнийг хянаж, шалган зогсоох тухай ярьж суухын оронд чөлөөт худалдааны хэлэлцээрээр орж, гарах барааг татваргүй болгосон нь дээр. Яагаад гэвэл, манай улсад импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний 70-80 хувийг Хятадаас авдаг. Ер нь манайхаас эксортод гарах бараа, бүтээгдэхүүнийг татвараар хязгаарлах явдал буурна гэсэн үг. Хамгийн гол нь манайхаас гарч байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр сайжрах юм.

Учир нь манай улс далайд гарцгүй. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах хэрэгтэй. Цаашилбал, гаалийн татварын таван хувийг байхгүй болгосноор урд хөршөөс аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалыг наашлуулах боломжтой юм. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг өсгөн гуравдагч улс оронтой өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай. Саяхан урд хөрш боомтуудын татварыг нэмэгдүүлсэн. Хэрэв бид чөлөөт худалдааны хэлэлцээртэй байсан бол ийм байдал үүсэхгүй байлаа.

ЗАХ ЗЭЭЛИЙГ ЛИБЕРАЛЧЛАХ ХЭРЭГТЭЙ

Нээлттэй байна гэдэг ОХУ, Хятад хоёр улсаас гадна бусад улс орон манайд хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Энэ нь эцсийн дүндээ ажлын байрыг нэмэгдүүлэх нэг гарц юм. Түүнээс гадна хоёр хөрштэйгээ дэд бүтцээрээ холбогдох зайлшгүй шаардлагатай.  Тухайлбал, нарийн, өргөн гэж маргаж суухын оронд бүх боломжоо дайчлан төмөр замаараа хоёр хөршийгөө холбож чухал түнш нь болох учиртай. Манай улсаас өөр сонголт байхгүй мэтээр авирлах нь боломжийг өөрөөсөө зайлуулах нэг шалтгаан болдог. Биднийг маргаж суух зуур гадна талд тойруулаад тээвэрлэлтээ хийх боломж бий.

Гадаадын хөрөнгө оруулалт татах  тухай ярьж байгаа ч чухам юуг яаж хийх вэ гэдэг нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, гаднын Хөрөнгийн бирж дээр гаргасан цөөхөн хэдэн компаниас өөр хөрөнгө оруулалт хийх боломж хомс байна. Ер нь манай улсад хөрөнгө оруулалт хийе гэхэд бүрхэг. Гадныхны хувьд манай уул уурхайг илүүтэй сонирхдог. Гэтэл бид хайгуулын лицензийг олгохоо больчихсон шүү дээ. Зүй нь 5, 10 жилийн дараа үүцээ задалдаг байснаар хөрөнгө оруулалтын урсгал тасрахгүй байх боломж бий. Харамсалтай нь бид хайгуулын салбараа зогсоосноор дараа дараагийн Оюутолгой, Тавантолгой байхгүй байна. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, ажлын байр буурах нэг шалтгаан болж байгаа юм.Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээрээр дотоод, гадаад зах зээлийг либералчлах хэрэгтэй.

ИТГЭЛ ДААХ ЧАДВАР ЧУХАЛ 

Нээлттэй, хуулиа хэрэгжүүлснээр улс хөгжих тухай ярьсан нь учиртай. Аливаа улс орон үйлдвэрлэл, үйлчилгээ нь дорвитой хөгжиж, ажлын байрыг нэмэгдүүлснээр хөгжинө.

Үүний тулд гаднын хөрөнгө оруулалтыг татах ажлыг хийж ирсэн. Мэдээж дотоодын томоохон хөрөнгө оруулагчид байгаа. Гэхдээ гаднын хөрөнгө оруулагчид манай улсад орж ирэхдээ өөр улс орны хууль, шүүхийг сонгодог. Бидний хувьд аль болох улсынхаа хууль дүрэмд нийцүүлэхийн бодно. Харамсалтай нь хөрөнгө оруулагчид манай улсын хууль, шүүхийн байгууллагад итгэдэггүй. Энэ нь өнөөх л хээл хахууль, авлигатай холбоотой. Бид олон улсад энэ талаараа “алдартай” болж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ. Тэгэхээр хууль эрх зүйн тогтвортой байдал зэрэг асуудал нь нэн тэргүүний зайлшгүй чангатгаж, өөрчлөх шаардлагатай зүйл юм.

Манай улсын хувьд сайн хуулиуд бий боловч хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж боддог. Цаашилбал, төрийн албан хаагчдийн залгамж чанар, ур чадварын асуудлыг хөндөж болно. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын бүтцийг маш хялбараар өөрчилдөг. Энэ нь хөрөнгө оруулагчид ялангуяа гадныханд ойлгомжгүй, итгэхэд бэрх байдлыг үүсгэдэг юм шүү дээ. Нэрийг нь өөрчлөхөөс гадна, бүр татан буулгах нь хурууны үзүүрээр л хийх ажил болж хувирсан нь харамсалтай. Үүний цаана эдийн засаг болоод нийгэмд хэдий хэмжээний хохирол учрах вэ гэдгийг тооцоолохгүй байна.

ТОМ АЖЛЫН АРД ЖИЖИГ ЭРХ АШГАА НУУЧИХСАН БАЙХ ЮМ

Эрүүл, боловсролтой хүнийг ажлын байраар хангах зорилгыг улс төрийн хүрээнийхэн тавьж ажиллах хэрэгтэй. Улсын хөгжлийг эдийн засаг өсч буурсан, эсвэл дарга нарын хэлсэн үг, шийдвэрийг үг дуугүй биелүүлэх мэтээр харж болохгүй. Ер нь ард түмэн улстөрчийг яах гэж сонгодог вэ гэдгийг нухацтай бодох учиртай. Хийрхсэн, хэт томдсон мөрөөдөл тээснээр улсыг хөгжүүлдэггүй юм шүү дээ. Аливаа зүйл энгийнээс эхэлдэг. Жишээлбэл, жил бүр нийслэлийг утаагүй болгох тухай ярьж, хөрөнгө төсөвлөдөг. Харамсалтай нь гарсан үр дүн огтхон ч алга. Уг нь утааг бууруулахын тулд хамгийн энгийн нэг алхам хийхэд нэлээд хувь нэмэр болно гэдгийг мэдэж байгаа л байх. Гэхдээ хийхгүй байгаа нь хачирхалтай.

Тухайлбал, шөнийн тарифийг нь тэглэчихвэл, гал түлж байгаа айлууд шөнөдөө тень залгаад хоночихно шүү дээ. Ингэснээр маш хурдан асуудлыг шийдэж болно. Гэхдээ алдагдлыг санхүүжүүлэхийн тулд төсөвт хүндрэл учирна гэдэг тайлбар хийх байх. Гэвч энэ нь нийслэлд амьдарч байгаа нэг сая иргэний эрүүл мэндийн асуудалтай салшгүй холбоотой. Хэрэв тэдгээр хүмүүс өвдвөл тэдний хэмнэх гэж байгаа мөнгөнөөс хэд дахин давсан хөрөнгө гарна шүү дээ.

Саяхан нийслэлд цас орсны дараахан нэлээд асуудал үүссэн. Замын компаниудтай ярилцаад цасаа хугацаа алдалгүй цэвэрлэх боломжийг нийслэлийн удирдлагууд ашигласангүй. Энэ хугацаанд сул зогсолт хийж байгаа компаниуд нэг их үнэрхээд байхгүйгээр цэвэрлээд өг­чих байсан шүү дээ. Гэтэл асуудлыг хүндрүүлээд л өнгөрч байна.

Сүүлийн жилүүдэд дэд бүтцээ сайжруулсан нь сайн хэрэг. Гэвч зам тавихдаа явган хүнийхийг нь хийгээгүй байдаг. Энэ нь машингүй бол чи хүн биш гэж байгаа мэт. Түүнээс гадна автобусны буудал дээр байгаа саравч нь салхинаас хамгаалсан хаалтгүй байгаа нь мөн л үл тоомсорлосон мэт санагддаг. Энэ бүхнийг дурдсаны учир нь улсаас гарч байгаа аливаа шийдвэр ард иргэдээ хүндэлсэн, хүмүүсийн эрх ашигт нийцсэн байх учиртай. Үүний ард том зорилгыг нууж болохгүй. Ер нь том зорилго дэвшүүлээд түүнийхээ ард хувийн эрх ашигт нийцсэн жижигхэн зүйлээ нуучихсан байдаг нь харамсалтай.

 ИХ СУРГУУЛИУД ТӨЛБӨРГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Мөн боловсролтой холбоотой асуудлыг ярих хэрэгтэй. Миний бодлоор их, дээд сургуулийг хувь, хувьсгалаар нь ялгахгүйгээр төлбөргүй болгосноор боловсролын салбарт дэвшил гарна. Нэгдүгээрт, сургалтын чанар сайжирна. Ажлын байр тогтвортой болох бөгөөд улстөрийн нөхцөл байдлаас хамааран халаа, сэлгээ хийгдэхгүй. Түүнчлэн тухайн оюутан өөрийн сонирхсон, сонгосон мэргэжлээрээ суралцах боломж бүрдэх юм. Энэ нь эргээд улсын хөгжилд орох хувь нэмэр юм шүү дээ.

 ЭРҮҮЛ ИРГЭН УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ 

Түүнээс гадна эрүүл мэндтэй холбоотой олон асуудал бий. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалд төлдөг төлбөрөө тухайн иргэн гүйцэд ашиглаж чадаж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Манай улсын хувьд дэлхийн бусад улс орныхоос төдийлөн ялгаагүйгээр эрүүл мэндийн даатгалд татвар төлдөг юм билээ. Хэрэв улсад төвлөрүүлсэн мөнгөөр эмнэлгээс үйлчилгээ авч чадахгүй байгаа бол өөрсдөө даат­галын мөнгөө байршуулах газраа сонгох эрхтэй. Ингэснээр аль ч эмнэлэгт очоод хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Энэ нь эргээд эмнэлгийн үйлчилгээнд ч нөлөөлнө шүү дээ. Хэрэв эрүүл мэндийн даатгалын төлбөрийг улсад хадгалуулж байгаа бол тухайн хүн өөрийнх нь үзүүлэхээр сонгосон эмнэлэг рүү төлбөрийг нь саадгүйгээр шилжүүлдэг байх ёстой.

Эцсийн дүндээ эрүүл, боловсролтой Монгол Улсын иргэн улсаа хөгжүүлнэ. Үүний тулд дээрх хоёр салбартаа анхаарал хандуулах хэрэгтэй.

ХҮЛЦЭНГҮЙ БАЙДАЛ ХӨГЖЛИЙГ БООМИЛДОГ 

Шударга бус зүйлтэй эвлэрдэг болсон мэт санагддаг. Яагаад гэвэл, янз бүрийн дуулиан гарсаар л байна. Гэтэл манайхан таг дуугүй, байх ёстой мэтээр хүлцэнгүйгээр хүлээж авдаг. Гэхдээ үүгээрээ би хүмүүсийг турхирах гэсэнгүй. Харамсалтай нь, шударга бус зүйлийг хэт тайвнаар, хүлээн зөвшөөрөх нь хэтдээ мөрөөдлийг баллуурддаг гэдгийг санах хэрэгтэй. жишээлбэл, Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ-г сэтгүүлчээр хэлэх үгээ бэлдүүлсний төлөө огцруулж байна. Харин манайд оффшор бүсэд данстай, мөнгөтэй байна гэхэд юу ч болоогүй мэтээр хүлээж авч байгаа юм.

Тиймээс хэт хүлцэнгүй байдал нь хэтийн төлөвлөгөө, мөрөөдлийг үгүйсгэнэ. Энэ нь хөгжлийг боомилдог гэдгийг мартаж болохгүй. Нэг үгээр хэлбэл, хүлцэнгүй байдал хүнийг алгуурхнаар үгүй хийдэг зүйл. Бид өнөөдөр улстөрчдөө засч, залруулах тухай ярьсаар байгаа ч юу хийх гээд байгаагаа ойлгохгүй байна. Хэрэв бид дорвитой байя гэвэл өөрийн үзэл бодол, санал хүсэлтээ зөв илэрхийлэх чадамжтай байх ёстой.

 “Зууны мэдээ” сонин 2016.12.12
Үндэсний үүлэн технологийн платформ 1 нас хүрлээ
Д.Даянбилгүүн: Корпорацийн бондыг эрчимжүүлснээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration