Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
Шинэ төрд өргөх ерөөл
Улс төр 

Шинэ төрд өргөх ерөөл

1 сарын 25, 2022
455
0

Монгол Улсын Ерөнхий сайд 

асан Д.Бямбасүрэн

http://epress.mn/index.php/tsast/378

http://epress.mn/index.php/tsast/384

http://epress.mn/index.php/tsast/391

 Засгийн газрын мөрийн хөтөлбөр 

Монголын ард түмэн шинээр байгуулсан төрийн мөн чанар, ашиг тусыг нийтэд зарлан тунхагласан хөтөлбөр түүний хэрэгжилтээр үнэлэх билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулиас хойш өнгөрсөн хугацаагаар тооцвол асар яаравчлан ээлжит бус чуулганаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлав.

2020-2024 оны хоорондох Монгол төрийн үйл ажиллагаа нэн өвөрмөц нөхцөлд асар хүнд сорилтуудыг давах шаардлагатай болж байгаа билээ.  Тухайлбал: 

Нэгдүгээрт:    2016 онд чуулсан АSEM-ийн “Улаанбаатарын тунхаг”-т Дэлхий нийтийн амьдрал “Тодорхойгүй, Түгшүүртэй” төлөвт орж байгааг онцлон анхааруулсан билээ. Түүнээс хойш өнгөрсөн 4 жил энэ дүгнэлтийн үнэн зөвийг бодитой нотолж, эдүгээ олон улсын харилцааны орон зай, уламжлалт дүрэм журам, ёс суртахууны ойлголтын хүрээнд зохицуулалтад орж, тэнцвэрийн цэгээс эргэлт буцалтгүй холдон оджээ. Энэ бол цаг зуурын үзэгдэл бус, Дэлхийн геополитикийн шинэ төрх, Хүчний хуваарилалтын шинэ шүтэлцээ, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ үе төрөхийн өмнөх тектоникийн хөдөлгөөн юм. 

Энэ үед хэдийгээр их гүрнүүд, баян чинээлэг эдийн засагтай улс орнууд гол өрсөлдөгчид болох боловч амьдралаа бие даан тэтгэж тэнцвэржүүлэх чадваргүй ядуу буурай улс орнууд асар хүнд байдалд орж болохыг олж харахад төвөггүй. Энэ нөхцөлд эдийн засгийн нөөц бололцоогоо таван хурууныхаа салаагаар гоожуулчихаад, ОУВС-г “мээмдэж”, гадаад орнуудаас зээл гуйж гувшихыг төрийн бодлого болгож ирсэн Монгол орны засаглалын чанарт эрс өөрчлөлт хийж, амьдрах чадвараа дээшлүүлэх нь үндэсний язгуур эрх ашгийн хурц шаардлага болж байгаа билээ. 

Хоёрдугаарт:    Дэлхийн байгаль цаг уурын араншин, эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, Монгол оронд “турбулент” буюу хаос үзэгдлийн бүсэд орж байна. Нутаг орон цөлжиж, нүүдлийн соёл иргэншлийн язгуур чанарт сорилт тулгарч, бэлчээрийн даац хэтэрч, зарим бүс нутагт эдийн засгийн асуудлын хүрээнээс хальж байгаа нөхцөлд төрийн оновчтой хүчтэй бодлого явуулж, адаглаад Хүн төрөлхтний түүхэнд “Монголыг ямаа идсэн” гэж бичүүлэхгүй байхыг эрхэмлэх нь чухал зорилт болж байна. 

Гуравдугаарт:    Өмнөх 10 гаруй жилийн турш олигархуудын шуналд хөтлөгдөн өр зээлийн хүнд дарамтад орсны гол уршиг 2000-2024 онд илэрнэ. Урьдын зуршлаар өрийг өрөөр төлж, өрийн нүхэнд улам гүн шигдэх замаар асуудлыг шийдэх нь мухардалд хүргэдгийг ойлгох цаг болжээ.

Дөрөвдүгээрт:    Энэ жил COVID-19 цар тахал Дэлхий нийтийг хамарч, эдийн засаг, нийгмийн асар их дарамт үүсгэв. Монгол орон цар тахлыг дотооддоо тархаалгүй барьж байгаа ч асар их хүч чармайлт гаргаж, экспортын орлого үлэмж буурч, хохирол амсав. 

Цаашид дэлхийд шинэ вирус дэлгэрэх, COVID-19–ийн шинэ давалгаа давтагдах эсэх нь тодорхойгүй. Ямар боловч улс үндэснийхээ аюулгүй байдлын талаас нийгмийн амьдралын олон салбарын бүтэц, үйл ажиллагаа болон үндэсний эдийн засгийн бүтцийн үзэл номлолыг шинээр тунгаан шүүж үзэх хурц шаардлагатай тулгарч байна.

Тавдугаарт:    Монгол орон “Голланд өвчин”-д гүнзгий нэрвэгдэж эрдэс, түүхий эдийн олон улсын зах зээлийн хэлбэлзэлд доргин хямрах уналтын далайц улам нэмэгдсээр байна. Энэ өвчнийг анагаах эмчилгээнд цаг алдах нь өөрийн эдийн засгийн тусгаар тогтнолын үнэтэй болжээ. 

Зургаадугаарт:    Монгол Улсын иргэдийн 29% нь ядуу амьдралтай бүлэгт багтаж байгаа нь 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй. Нийгэмд төрийн хишиг хүлээх зуршил чамгүй дэлгэрч, түүний зэрэгцээ бүтээмжээсээ түрүүлсэн хэрэглээний нийгмийн номлол гүнзгийрсээр байгаа билээ. Энэ байдлыг эрс өөрчилж, улс орноо даацтай, эрчимтэй хөгжлийн замд оруулахад одоогийн ховорхон тохиолдох улс төрийн байдлыг оновчтой ашиглах нь шинэ төрийн түүхэн хариуцлага болж байна. 

УИХ-ын баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадал бий болгож, төмөр зам зэрэг амин чухал дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хүнсний хэрэгцээгээ дотоод үйлдвэрлэлээр хангах, түүхий эдээ шат ахиулж боловсруулах, өнгөт болон хар металургийн үйлдвэрлэлтэй болох зэрэг эдийн засгийн макро бүтцийг хөгжүүлэх том зорилтууд дэвшүүлсэн нь өмнөх Засгийн газруудын хөтөлбөрүүдээс үлэмж ахицтай, ач холбогдолтой ч бодлогын баримт бичиг болжээ. 

Тэгсэн ч төрийн бодлогын энэ хөтөлбөр нийгмийн хүлээлтийн гол асуудлууд, төрийн үйл ажиллагаанд тавих зүй ёсны гол шаардлагуудад хариу өгч чадсангүй. Зарим гол асуудлыг тоочвол: 

a. Ирэх 4 жил иргэдийн амьдралын түвшин, айл өрхийн бодит орлого яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй үлдлээ. Хүн ардынхаа амьдралын түвшнийг баталгаажуулж дээшлүүлэхэд үндэснийхээ нөөц бололцоог аль болох оновчтой чиглүүлэх нь төрийн бодлогын гол агуулга болж байх ёстой. Энэ зорилгоо томьёолж тодруулж чадаагүй бол хөтөлбөрөөр юу хийнэм. Гэтэл Улсын Их Хурлын баталсан баримт бичигт:

- “цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ”, 

- “инфляцын зорилтот түвшин, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана”, 

- “эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг тогтворжуулж, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төрийн төсвийн бодлогоо хэрэгжүүлнэ” хэмээн хуульчилжээ. 

Иргэдийн амьдралын түвшнийг эрсдэлд оруулдаг гол хүчин зүйл нь инфляци мөн болохыг нийтээр мэднэ. Инфляцийн үзэгдэл нь барааны хомсдол, цаасан мөнгөний илүүдэлтэй холбоотойг ч бас мэднэ. Өнгөрсөн 20 жилийн тоо баримтаас үзвэл мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөс 8 дахин түрүүлж, төсвийн зарлага 26.6 дахин өсчээ. Эндээс төрийн “зорилтот инфляци” хэрхэн хэрэгжсэнийг харж болох бөгөөд монголчуудын ядуурлын түвшин буурахгүй байгаагийн гол шалтгаан энд буй. Ийм нөхцөлд “төсөв тэлэх” бодлого гэгчийг тунхаглан баталгаажуулж байгаа нь Монголын төр, эдийн засгийн алуурчдын номлолд автсаны нотолгоо мөн. 

Энэ баримт бичигт цалин хөлсийг “хөдөлмөрийн бүтээмж”-тэй холбохоо тунхаглажээ. 

Монголын нөхцөлд эдийн засгийн нөөц бололцоо нь “хөдөлмөрийн бүтээмж”-ээс илүү үйлдвэрлэгч салбаруудын бүтцээр тодорхойлогдож байгаа шүү дээ. Харин ийм замаар нэмэгдсэн ашиг хуримтлал цөөн салбар, цөөн олигархуудын мэдэлд төвлөрч, үлэмж хэсэг нь хилийн гадна байршдгийг төр мэдэхгүй баймгүй.

б. Монголчууд баялгийн шударга хуваарилалтыг хүсэн хүлээж, шаардаж, 2020 оны сонгуульд оролцсон. 

Монголын эдийн засаг бол иргэдийнхээ амьдралыг тэтгэж, өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй эдийн засаг биш ээ! 

Манай эдийн засаг нийт дүнгээрээ зардлаасаа 43%-ийн ашигтай буюу харьцангуй өндөр үр ашигтай цогцолбор юм. 

Гэтэл ашигт ажиллагааны түвшин нь салбар бүрээр хэт зөрүүтэй. Боловсруулах үйлдвэрийн салбарууд өөрийн өртгөөс 22%-ийн ашигтай байхад уул уурхайн салбар 86%-ийн ашигтай. Ийм байхад нийгмийн ажлын байрны гол талбар боомилогдож, Голланд өвчин архагшин хүндрэх нь жам юм. Тэгээд ч гадаадад байршсан бохир мөнгө Засгийн газрын бондоор дамжин угаагдаж эргээд Монголоо мөлжих нь энүүхэнд. 

Инфляци хүчтэй болж, төгрөгийн ханш унахад уул уурхайн салбарын ноёрхол улам нэмэгддэг нь бас нэг үнэн юм. Ийм нөхцөлд шинэ төрийн тогтолцоо улс орныхоо эдийн засгийг хөтлөх, зохицуулах арга хөшүүргийг цогцоор нь эрс шинэчилж, баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлэх нь түүхэн захиалга болж байсан ч хариугүй хоцорлоо.

МАН сонгуулийн хөтөлбөртөө “их орлоготойгоос нь их татвар авна, бага орлоготойгоос нь бага татвар авна” гэсэн нялцгай амлалт өгсөн ч биелүүлсэнгүй. “Зүүн төвийн үзэл”-тэй нам, “баруун захын үзэл” баримтлахын гайхамшиг энэ буюу. Эдийн засгийн бодлогоо атгуулсан Сангийн яам нь том капиталын “суурин төлөөлөгч” болсон төрийн бодлого ингэж төрөл арилждаг ажээ.

в. Монголчууд улс орноо хоцрогдлын хонхроос гаргаж, Дэлхий нийт, бүс нутагтайгаа хөл нийлүүлэн хөгжиж амьдрах төрийн бодлогыг хүлээсээр 20 жилийг өнгөрөөлөө. 2019 оны НҮБ-ын статистикийн мэдээлэлд хамрагдсан 193 орнуудаас Монгол орон нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ 160 дугаар байр эзэлж, монголчууд Дэлхийн дунджаас 3.04 дахин хоцорч байна. 

Хөрш хоёр оронтой харьцуулбал ОХУ-аас 2.8 дахин, БНХАУ-аас 2.6 дахин хоцорч байна. 1990 онд ОХУ-аас 2.1 дахин буурай ч гэсэн БНХАУ-аас 4.5 дахин илүү байсныг харгалзвал манай орон хоцрогдлын хонхор руу гулсаж яваа ажээ.

                                                                                                                                                                                                                                                     ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 
Сүхбаатар аймагт юу болоод байна вэ?
Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид өргөжинө гэв
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration