Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
 Цагаанхайрханы онжавуудын хөөрөлдөөн
Тоонот хоймор 

Цагаанхайрханы онжавуудын хөөрөлдөөн

12 сарын 6, 2021
325
0

Д.ОЮУНЧИМЭГ

..."Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж

Намрын дунд сарын арвантавны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл малчин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных аа..." хэмээн эхэлдэг, их найрагч Ц.Чимэддоржийн  “Малчин”  хэмээх цуутайхан шүлгийг өнөөдөр мэдэхгүй хүн ховор билээ.  1923 онд байгуулагдсан эртний түүхтэй, таван аймгийн нэг Завхан аймгаас бид энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ийн зочныг урьж, оролцуулсан юм. Нийслэлээс 1100 км зайд орших Завхан аймгийн Цагаанхайрхан сумын малчин, Ц.Энхтүвшингийнх аргагүй л, “Малчин” шүлгийн зураглалыг  буулгасан жирийн малчных  байв.  Нар хотлох үест  хөдөөх айлруугаа хүлгийн жолоо залж, сумын төв дээр багшилдаг бага охиноор нь газарчлуулан байж, хүрэв. 

        “Амьдралын тойрог”-ын зочин маань гурван хүүхэдтэй. Хоёр хүү, ганц охинтой. Түүний ууган хүүг Э.Пүрэвзагд гэдэг бөгөөд өдгөө Завхан аймгийн цагдаагийн газар ажилладаг юм байна.  Дунд хүү Э.Баатар Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг билээ. Харин түүний ганц охин Э.Даваасодном аймгийн Нэгдүгээр сургууль бага ангийн багш юм байна. 


Эхнэртэйгээ танилцсан түүх “маш нууц” 

Ц.Энхтүвшин Цагаанхайрхан сумын уугуул. 1975 онд мал дээр гарсны дараа Налайхад цэргийн алба хаасан. Гурван жилийн албыг нэр төртэйгээр хашиж ирсний дараа удам залгасан малчин болсон аж. нэлээд хожуухан гэр бүлийн амьдрал зохиожээ. Хэзээ хойно амьдрал зохиосон хосууд хүүхдүүдээ эрдмийн мөр хөөлгөсөн болохоор малчин бол гэж шахдаггүй юм байна. 

400 шахам толгой малтайгаа өдрийг барна. “Өглөөнөөс орой хүртэл малтайгаа ноцолдсоор таарна. Хааяахан хот хүрээ орохсон гэж санах ч үнэндээ зав болохгүй юм” хэмээн эхнэр С.Бадмаажав ярив. Хоёр ачтай залуухан эмээ, өвөөд зун нэмэлт хүч ирдэг гэнэ. Хүч болохоосоо илүүтэй цэцэрлэгийн багш болгодог байна. Гэсэн хэдий ч бяцхан ач нараа хараад ядрахыг үл ажран өдөржин тонгочиж, шулганах үрстэйгээ нэг л мэдэхэд орой наран жаргадаг ажээ. Нийтлэлийн гол баатар эхнэртэйгээ анх танилцсан түүхийг ярихыг хүссэнгүй эсвэл нууц байсан бололтой. “За юусан билээ. Хөгшөөн анх яаж танилцлаа” гэж ирээд л жуумагнах нь нандигнан хадгалах нууцыг чандлан хамгаалах гэж буйтэй эгээ адил санагдав. Тиймийн учир төдийлөн ухаж асуухыг төвдсөнгүй. Дүйвүүлсхийгээд өнгөрөөсөн юм. 


Охиноо хаацайлах аавын ухаан

Отгон охин Э.Даваасодномыг хэсэгхэн цаашлуулсан юм. “Аав, ээждээ ирж байгаа охин хүүхэд амттай чихэр, боорцог барьж ирдэггүй юмуу” гэхэд минь “Хоёр өдрийн өмнө ирж нүүлгэж өгөхдөө хүнсийг нь бэлдээд өгчихсөөн” гэж байна. Бүр цаашлуулаад “За даа айлын отгон хүүхэд, ганц охин гээд авахаас ч өгөхгүй л байх даа” гэчихэв. Чимээгүйхэн инээх залуу бүсгүй юу ч хэлсэнгүй. Ганц охин гээд эрхлүүлээд байхаар хоёр ах нь барьцахгүй байна уу хэмээн Ц.Энхтүвшингээс асуухад “Хамгийн бага нь охин. Том хүү ч тусдаа гарсан. Одоо дунд хүүгийнхээ эхнэрийг гуйж ёс төрийг нь хийчихвэл ч болох гээд л байна” гээд эвтэйхэн дүйвүүлж байхыг харахад охиндоо төдийлөн хир халдаахгүй байх аавын битүүхэн санаа цухалзав. Мэдээж хайр нь дотроо, хал нь гаднаа байх монгол аавын чанар харагдах. Илт хаацайлаагүй ч охиноо дотороо өмөөрөнгүй байгаа нь анзаарагдсан юм.

Мэдээлэл сонсох гэж гийчдийг бүчихгүй, харилцан санал солилцдог болсон

Малчдын хувьд тэтгэврийн хуулийг хэрэгжиж эхлэх хугацааг хуруу даран хоног тоолж суугааг хэлж байв. Мэдээ мэдээллээс хоцрохоо байсан энэ үед өөрт хэрэгтэй мэдээллээ зурагтаар л авчихдаг болсон. нэг үеэ бодоход цаг сайхан болж. Биднийг залууд төдийлөн мэдээ сонсч чадахгүй өнгөрөх нь бий. Хотоос ирэх гийчнийг ямар сонин хачин дуулгах бол гээд тал талаас нь бүчээд суух энүүхэнд. Харин өдгөө харилцан өөрийн бодол саналаа хуваалцдаг болсон нь сайхан санагддаг хэмээн гол баатрын эхнэр С.Бадмаажав ярьж байна. Ноос ноолуур нь малчдын амьжиргааг залгуулах нэг хэсэг нь. Хаврын урин дулаан цагийг хүлээж түүнийгээ барьцаа болгон зээл авчих нь энүүхэнд. Харин баруун аймгийнхан хожуухан ямаагаа самнадаг аж. Тиймээс ноолуурын ханш анх гарч байснаасаа бага зэрэг унасан үед нь борлуулснаа Ц.Энхтүвшин хуучиллаа. Хэдийгээр өмнө нь сонсч байсныхаа гурав хуваасны хоёрынх нь дайтайгаар үнэлж ноолуураа тушаасан ч түүндээ сэтгэл хангуулах байгаагаа С.Бадмаажав илэрхийллээ. Хэдэн малдаа өвлийн тэжээлийг нь өөрсдөө бэлтгэдэг тухайгаа Ц.Энхтүвшин ярьж байв. Хэдийгээр мал сүрэг нь тал сайхан нутагтаа тааваараа идээшилж байгаа ч бэлчээрийн даацаас шалтгаалсан маргаан мэр сэр гарах болсон байна. 

Гэнэтийн зочин

Биднийг ийн хөөрөлдөж суух зуур гол баатрын маань он жав Ж.Чинбаатар давхиад ирэв. Гэрийн эзэгтэй үүд рүү харж сууснаа “Өө хонины хүн ирж явна. Би хонь нийллээ гээд яаруулчихсан юм. Одоо ч намайг загнахаар ирж байгаа л болов уу даа” гээд намуухан инээмсэглэв. Нэлээд ширүүхэн амьсгаатай орж ирэх хижээл эр мэнд ус мэдэлцэн гэрийн эзний урд талд хажуулдасхийгээд суучихлаа. “Хн, зүрх муутайг минь мэдсээр байж хүн сандаргаад. Солиороод хонь нийллээ гэж хэлээд байхдаа яахав дээ” гээд л шулагнаж өглөө. Ам нь нэлээд цангасан бололтой зэлгээхэн цай хоёр аягыг угсруулаад л залгилав. Ж.Чинбаатар ах “Толгойгоо угаачихаад усанд нь цамцаа угаах санаатай л сууж байсан юм. Гэтэл утас минь дугарч байна. Хартал Жаргал авгай байна. Тэр бүр залгадаггүй юм байсан. Юу болоо юм бол доо гэж бодоод утсаа автал “Хонь чинь нийллээ” гэдэг байгаа” гэж ирээд нэг амьсгаагаар дахиад л дуржигнуулж гарлаа. Тэрээр сандарсандаа морио орхиод мотоциклоор гараад давхижээ. Энэ зуур “Таны алдар нэр хэн бэ” гэж асуухад минь сонссонгүй. Саяхан болсон үйл явдлаа ёстой л нөгөө өнгөтөөр ярина гэдэг шиг нүдэнд харагдтал дүрсэлж байв. Гол баатар минь “Хүн юм асууж байна” гэв. Ингээд алдраа хэлснээ “Яасан” гэх зуур нүдээ том болгож ирээд тогтож харав. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдсөн юм. 

-Та Ц.Энхтүвшин ахтай хэзээнээс найзалж эхэлсэн бэ? 

-Юун найзаар барах вэ. Бүр он жавууд гэхэд ч хилсдэхгүй л дээ. Армид цуг алба хаасан юм шүү дээ.  Манай сумаас Налайхын цэргийн ангид Ц.Энхтүвшин, Бум-Эрдэнэ нар нэг оных, харин би дараа оных нь цэрэг байсан юм шүү дээ. Энэ хоёр ч ёстой чойрч байсан үе шүү. /Нүдээ ирмэснээ, хэлээ гарган тэрүүхэндээ нуг нуг инээнэ/ Харин би бол гал тогооны цэрэг байсан. /инээв/ Ийнхүү яриа өрнөж байх зуур гэрт цугларсан хүмүүсийн дундаас нэг нь “Ярьж байгаагаасаа өөр байдаг гэдгийг ч хүмүүс мэднэ дээ. Энхтүвшин, Бум-Эрдэнэ хоёр гоожуур биш байжээ дээ янз нь” гэхэд “Чишш хүн сонсчихно. Би чинь их мундаг цэрэг байлаа шүү дээ” гэж байлаа. 

-Гал тогооны цэрэг юм чинь нутгийнхаа цэргүүдэд арай элэгтэй хандана биз. Хоол таваглахдаа аль болох илүүхэн хийчих гээд л? 

-Ганц ч удаа хот орж үзээгүй, мал маллаж байсан залуу Налайхад цэргийн ангид хуваарилагдсан юм. Үнэн хэрэгтээ Энхтүвшин маань харуулын цэрэг. Бум-Эрдэнэ бид хоёр аж ахуйн салаанд байсан юм шүү дээ. Мэдээж давуу талаа ашиглахыг бодолгүй л яахав. Энхтүвшингээ харуулд гарсан үед нь гурван сайхан хийж өгөөд л гаргана. Талхны голыг авч байгаад масло, элсэн чихэр хийгээд л явуулчихна. Цадахгүй бол хоол хийгээд байж байя гээд л хэлдэг байж билээ. 

Цэргийн дурсамжаасаа хуваалцан ярьж байхдаа сэтгэл нь хөдөлж байлаа. Яг энэ агшинд “Тантай ярьж байгаа хүмүүс Зууны мэдээ сонины сэтгүүлчид. Таны хэлж ярьсан бүрийг тэмдэглэн зурагтай чинь гаргах юм” гээд хэлээд тавьчихлаа. “Пээ тэгэхээр би одоо яанаа, Хэлэхгүй яасан юм бэ. Амныхаа зоргоор баахан бурчихсан шүү дээ. Та нар үгүй мөн муухай улс юмаа” гэж ирээд уулга алдах. Тэгснээ “Энэ жижигхэн дөрвөлжин эдээ унтраагаач ээ” гээд их л сандрав. Гэрт гал түлж, тогоонд хоол, цай үйснийг хэлэх үү, сандарч байгаа хүний хөлс цутгахыг ч хэлэх үү. Жигтэйхэн сүржин, сонин зүйл болж байв. Ж.Чинбаатар ах духныхаа хөлсийг дээлийнхээ баруун ханцуйгаар шудраад л суух. Тэгж сууснаа “За ер нь гаръя байз” гэж байна. Бүгд гэрийн гадаа байгалийн сайхныг бишрээд үргэлжлүүлэн хууч хөөрлөө. 


Бөөс байхгүй ээ 

Ж.Чинбаатар ах нийтлэлийн гол баатар руу эргэж харснаа “Чи ядаж надад хэлчихгүй яасан юм бэ” гэхэд нь “Манай хонийг хараа юу” хэмээн сөргүүлэн асуув. “Үгүй ээ юуг нь хардаг юм бэ. Хонины ээлж таарахаар хүнийг ингэж сандаргадагаа боль. Би яахав даа ганцаараа амьтан чинь хир, бөөснөөсөө салчих санаатай л хонио алсаас харчихаад сууж байгаа шүү дээ” гэж ирээд учирлав. Харин бид сандруухан гэнэтийн зочноо улам цаашлуулан “Тэгээд бөөс байна уу. Өндөр үнээр худалдаж авдаг юм билээ” гэж хэлж үзлээ. Тэрээр “Байхгүй ээ, ямар юм байдаг юм бэ. Харин биднийг цэрэгт байхад ч тэр балай чинь байсан юм шүү” гэж байна. Туувар туудаг байх үед ч байсан л юм. Одоо ямар балиар заваан юм бэ гэх байх. Гэхдээ заавал байх ёстой эд гэж сонссон шүү” гэж байна. Гол баатрыг минь бодвол нэлээд дуу шуутай, яриа хөөрөөтэй юм билээ. 


Сайн эр болохыг шахсан нь 

Цэргээс халагдаж ирсэн шижигнэсэн залуусыг нутгийн сайн эр гэгдэх гал Дайдаа тууварт авч явахыг хүсчээ. Гэтэл Ц.Энхтүвшингийн аав, Ж.Чинбаатарын ах нар эрс эсэргүүцсэн гэнэ. Учир нь нутгийн сайн эр урт гартай нэгэн байсныг зүрх зоригтой залуус яахин мэдэх билээ. Ж.Чинбаатар адуучин байснаа дурсав. Залуудаа эмнэг сургаж явсан шүү. Зарим үед морь уяж байх минь яалаа гэж харамсах нь бий гэнэ. Харин нийтлэлийн гол баатар маань нэг хэсэг адуутай байсан аж. хүүхдүүд сургууль, соёлын мөр хөөх үед мөнгөний хэрэгцээнд шаагдан борлуулж байсан юм. Бас манай нутагт малын хулгай нэлээд байсан үед азарга адуугаа алдаж л байлаа. Хотыг минь харлуулаад туугаад явчихдаг монголоо алдсан сэтгэлтэй хүмүүс байгаад л маш их харамссан даа. Тэр үед залуу насны ойворгон сэтгэлээр муу хүн дагаж яваагүй дээ л баярласан. Магадгүй нарийн учрыг нь хэлэхгүй муу зүйл хийсэн бол бид ах захаа хүндэлж байна гээд хэзээ ч нягталж асуухгүй л байсан шүү дээ. Ер нь амьдралд яаж явах вэ, хэн байх вэ гэдэг бурхны заасан зам, хүний өөрийн сэтгэлийн гэрэл гэгээнээс ихээхэн хамаардаг гэдгийг онжавууд маань хэлж байлаа. 

Төгсгөлийн оронд 

Ийнхүү биднийг ярилцаж суух зуур Ц.Энхтүвшингийн том хүү эхнэр Ч.Должинсүрэн, хүүхдүүдийн хамтаар аавындаа айлчилж ирлээ. Үг дуу цөөтэйхэн аавын залуу насыг өвч дуурайсан ханагар эр амралтын өдрүүдээр ээж, аавдаа туслах хүч авчирч буй нь энэ. Харин гол баатрын охин Даваасодном морь, мотоцикльд эрчүүдээс ч дутахгүй эрэмгий гэдгийг ээж С.Бадмаажав хэлэв.  Харанхуй болохоос урьтаж хэдэн патиар татах хэрэгтэй байгаагаа хэлсний дараа охин нь мотоциклийг чадамгай гэгч нь унаж давхиад хонио эргүүлээд ирэв. 

Нар уулын толгойн цаагуур дөнгөж далдрах төдийхөнд хонь, хурга майлалдан тоос хадаан баруунтайгаас ирж байна. Харин гэрийн зүүн талаар үнээ зэл дээр тонгочих тугалаа эргүүлдэн эзнээ хүлээж зогсов. Саалийн үнэртэй бор дээл хэдэрсэн гэрийн эзэгтэй 20-иод үнээг төвөггүйхэн сааж дууслаа. Бараг л 20 гаруй жилийн өмнө ээж минь цэнхэр торгон дээлээ саалиндаа өмслөө хэмээн аавд минь зандчуулсан нь гэнэт санаанд буув. Энгэрээс нь саалийн үнэр ханхийсэн ээжийг минь санагдуулсан даруухан айлын эзэгтэй шавилхан биетэй ч шав гув хийсэн ажилсаг нэгэн байлаа. Хайр татам бяцхан хөөрхөн ач нараа тойруулан гэрийн хоймор залрах гүндүүгүй монгол эр сүр бараатай харагдана. Эр хүний нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг монгол араншин бий. Ц.Энхтүвшний амьдралын хүрд ийнхүү наргиан хөгжөөнтэй, аз жаргалтайгаар эргэлдэж байна. Айл бүхэнд амьдралын тойрог ийнхүү эргэж байгаа биз ээ. Монгол хүн бүрийн, өрх гэрийн тулган дахь галын дөл өөдөө байж, амьдрал нь аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе. 

Зууны мэдээ" сонин 2017.06.12

Бурханлиг бяцхан авьяастан
Улиастайн тойргийн “Өндөр ээж”
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration