Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Математикч хүүгийн эмч болсон түүх
Тоонот хоймор 

Математикч хүүгийн эмч болсон түүх

6 сарын 12, 2021
266
0

Д.Оюунчимэг

Хэзээ ч уурлаж байгаагүй болов уу гэмээр дандаа л инээмсэглэн “Миний хүү” хэмээн бусдад найр тавих эрхэмийг Д.Итгэл гэдэг. “Бид” эмнэлгийн үүсгэн байгуулагч Итгэл эмчийг дарханчууд андахгүй юм билээ. “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” гэдэг дуу байдаг даа. Түүн лугаа анх дөрвөн жилийн өмнө Итгэл эмчтэй танилцах үед их л харсан хүн шиг санагдан асууж байсан минь санаанд буув. Учир нь түүний ахыг Д.Идэвхтэн гэдэг. Гэхдээ ахынхаа алдар хүнд, албан тушаалыг ашиглаж байсан түүх үгүй хэмээн Итгэл эмчийн гэргий Ж.Цэцгээ ярьж байлаа. 

МАЛЧИН ААВЫН ЭМЧ ХҮҮ

Итгэл эмч эцэг, эхээс наймуулаа. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төржээ. Түүний аав Долоонжин адуучин, ээж Дашдолгор нь сумын зарлагаас эхлээд бүхий л ажлыг хийдэг байжээ. “Аав минь адуучнаас эхлээд сумын эмнэлэг, нэгдэлд нярав хийж байлаа. Харин ээж минь бас л янз бүрийн ажил хийж байсан сайн зохион байгуулагч эмэгтэй байсан юм” гэлээ. Тэрээр аав, ээж минь бүхий л зүйлийг эмх цэгцтэй байлгахын сацуу, чин сэтгэлээсээ хандах учиртайг хүүхдүүддээ захиж ирсэнийг дурсав. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн Долоонжин, Дашдолгор нар үр хүүхдээ маш сайн хүмүүжүүлсэн нь аав, ээжийнх нь холч ухаан, аливаад цэгц, шударга ханддаг зангийнх нь толь гэлтэй. Малчин гаралтай айлын хүүхдүүд эрдмийн мөр хөөж, эрдэмтэн, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн, багш, эмч гээд салбар бүрт ажиллаж буй. Нийтлэлийн гол баатрын маань ууган ахыг Д.Оргил гэдэг. Эрдэмтэн ахаараа тэрээр бахархдаг ажээ. “Том ах минь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор цолтой. Түүний дараагийн ах маань Д.Идэвхтэн. Улстөрч гэдгээр нь хүмүүс мэддэг. Би айлын гурав дахь хүү юм шүү дээ. Миний дараагийн дүү нар эдийн засагч, багш гээд салбар бүрт ажиллаж байна” гэлээ. Отгон дүүг нь Д.Оргилмаа гэдэг. “Сантис” боловсролын төвийн ерөнхий захирлын албыг хашдаг.

Энэ жил Монгол дахь Шри Ланк улсын Өргөмжит Консулаар томилогджээ. Хэдийгээр эцэг, эхээс наймуулаа боловч хоёр дүүг нь өргүүлсэн юмсанжээ. Дээхэн үед ах дүү нарын дунд хүүхдээ өргүүлэх нь элбэг байв. Аавынх нь том эгчийнх Ариунаа дүүг нь өргөж авсан бол дүү Зоригтыг нь мөн л ах дүүс нь өргөж авсан гэдэг. Д.Итгэл дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ гаргуун сайн байсан аж. “Математикийн хичээлд “сайн” дүн цөөхөн авсан гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн “онц” л авна” хэмээн ярих зуур түүний гэргий Ж.Цэцгээ “Миний хань аравдугаар ангиа “онц” төгссөн юм шүү дээ” гэв. “Тэр яахав ээ” хэмээн битүүхэн ичингүйрэх гол баатар минь ер нь л их даруухан хүн юм. “За даа миний тухай бичих хэрэг байна уу” хэмээн үе үе асууна. Тоондоо гаргуун хүү хэрхэн эмч болсон түүх сонирхол татаж байна. Магадгүй залуус таны түүхийг уншаад хүний амьдралын зам хаашаа хэрхэн эргэж болохыг мэдэх болно шүү дээ гэлээ. Залуу хүүхдүүдэд сургамж болж, амьдралын гараагаа эхлэхэд нь дэм болох юм бол би өөрийнхөө туулсан замналын талаар ярьж болноо гэснээр бидний яриа үргэлжлэв. “Аав минь үг дуу цөөтэй ч амьдралын ухаанд сургах, арвич хямгач байх бүхий л дадал зуршлыг бидэнд суулгасан гэж боддог.

Харин ээж минь их ой сайтай, ямар ч тоог цээжээр боддог байлаа” гэх зуур аль бага насны дурсамжууд нь хөврөх мэт алсыг ширтэв. Зарлага, тогооч, гуанзангийн кассчин, дэлгүүрийн эрхлэгч гээд олон алба хашсан ээж нь хүмүүсийн тооцоог ярьж байх зуураа л алдаагүй боддог байсныг нутгийнхан нь шагшдаг байжээ. Тэр ч бүү хэл малын хөл гэмтэж бэртэх үед уламжлалт аргаар төвөггүйхэн эмчилчихнэ. Нүдэн дээр өвдөг гарахад хормойгоороо домноод зүгээр болгодог байж. Хүүхдүүдээ халуурч бүлээрэх үед цээжиндээ тэвэрсээр зүгээр болгоно гээд яриад байвал олон сайхан дурсамж бий хэмээн нийтлэлийн баатар минь хуучиллаа. Тэр үеийнхэн борогшуу аргаар эмчлэх эрдэмтэй байсан гэлцдэг. Ямартаа л “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг хэлц байхав. 

Айлын гурав дахь хүү болж мэндэлсэн Д.Итгэл багын хэл муутай байжээ. Үгийг тод хэлж чаддаггүй Итгэл хүү толгой гэхийн оронд “Дон” гээд хэлчихдэг, гутал гэхийг “Гулж” гэдэг хүү нэгдүгээр ангийн сурагч боллоо. Тэр цагт минутын уншлага их хийдэг байв. Мэдээж хэл муутай хүү сүүл мушгих нь дамжиггүй. Хаврын амралтаар ээж Дашдолгор нь галын захад сууж байгаад хүүдээ унших аргыг нь зааж өгснөөр хүү овоо уншдаг болоод сургуульдаа очжээ.