Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Д.Даянбилгүүн: Корпорацийн бондыг эрчимжүүлснээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ
Бизнес 

Д.Даянбилгүүн: Корпорацийн бондыг эрчимжүүлснээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
91
0

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнийг урилаа.

-Танай компани хөрөнгийн зах зээлд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Бид хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас худалдаж авахад зуучилдаг. Сүүлийн үед хувьцаа, компанийн бонд, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах брокерын үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай компаниудад хөрөнгө босгоход нь тусалж байгаа. Өөрөөр хэлбэл, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг.

Түүнээс гадна хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Хөрөнгийн зах зээл анх байгуулагдсан цагаас үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2006 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсон юм.

Манай компанийн хувьцааг үүсгэн байгуулагчид, гадаад дотоодын иргэн болон хөрөнгө оруулалтын сангууд эзэмшиж байна. 

-Ер нь хөрөнгийн зах зээлд тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн толь гэж ойлгож болно. Энэ зах зээлийн эдийн засагт хүлээх үндсэн үүрэг нь дотоодын үндэсний үйлдвэрлэгч, томоохон компаниудад хөрөнгө босгох боломжийг бүрдүүлдэг. Нөгөө талаас гаднын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгөө өсгөх зах зээлийн бүтэц гэж болох юм. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахаар энэхүү үндсэн үүргээ гүйцэтгэх процесс муу ажиллаж байна гэж хардаг.

-Үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад нөлөөлж байгаа хүчин зүйлийг та хэрхэн харж байна?

-Гол нөлөө нь татварын хоёр шатлалтай систем гэж болно. Мөн гаднын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг бодлогын зохицуулалт хийдэггүй. Мэдээж иргэд, байгууллагуудын хөрөнгийн зах зээлд оролцох мэдлэг хангалттай биш байгаа юм.

-Хөрөнгийн зах зээл хөгжиж чадаагүй учраас эдийн засгийнхаа дөнгөж дөрвөн хувийг эзэлж байгааг хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажиллаж байгаа компаниуд юуг анхаарах ёстой вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр олон төрлийн бүтээгдэхүүн гарсан ч унасан тохиолдол бий. Тиймээс энэ салбар эрсдэлтэй гэдгийг хүмүүс харж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг ямар нэг зүйлээр орлуулах, хаах процесс явдаггүй юм.

Энэ салбарт ажиллахын тулд итгэлцэл дээр бүхий л зүйл тогтдог юм шүү дээ. Нэг талаас хөрөнгө оруулагч, нөгөө талаас зохицуулах байгууллага, хөрөнгийн зах зээлд тоглогчдын зүгээс харилцан итгэлцэлтэй байх нь чухал. Үүнийг бий болгож чадаагүй нь энэ салбарын хөгжлийг боомилж байна гэж болно.

Манай улсын хувьд корпорацийн бондыг хөгжүүлэх ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжил болон улсын эдийн засагт ч нэлээдгүй хувь нэмрээ оруулах юм. Тиймээс төрийн зүгээс үнэт цаасаар дамжуулаад корпорацийн бондын арилжааг идэвхтэй явуулах боломжийг нээж өгөх нь зүйтэй. 

Ингэхийн тулд тодорхой баталгаа гаргаж болно. Мөн сан байгуулан түүгээрээ дамжуулж болох юм. Ингэснээр үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг, ашиг орлого нь тогтворжиж байгаа корпорацийн бонд гаргах процессыг нь богино хугацаанд, шуурхай бүрдүүлэх боломжийг Хөрөнгийн биржийн зүгээс бий болгох хэрэгтэй.

Учир нь бизнес цаг хугацаатай уралдаж байдаг зүйл учраас хугацаа алдах нь илүү алдагдал хүлээдэг шүү дээ. Нөгөө талдаа мөнгөний зах зээлтэй өрсөлддөгийн хувьд арилжааны банкнаас түргэн шуурхай байдлаар ажиллах ёстой. Яагаад гэвэл, манай нөхцөлд банкнаас зээл авах нь хөрөнгийн захад бүтээгдэхүүн гаргахын тулд бичиг баримт бүрдүүлэхээс ч богино хугацаанд зээл авах боломжтой байгаа юм. 

Тэгэхээр хугацаа алдахгүйн тулд алийг нь сонгох вэ гэдэг нь тодорхой. Мэдээж нөгөө талдаа хөрөнгө оруулагчдын зүгээс итгэл төрүүлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх, ашгаа цаг тухайд нь өгч чадах эсэхээс бүхий л зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, ашиг орлого ямар байх, хөрөнгө оруулагчдад ямар хугацаанд ашиг өгч чадах вэ гэдэг нь тодорхой байх учиртай. Ийнхүү итгэлцэл төрснөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болох юм.

-Манайд хөрөнгийн зах зээл хөгжиж чадахгүй байгаа нэг шалтгаан нь компаниудтай холбоотой гэж хэлж болох байх. Учир нь аж ахуйн нэгжийн орлого, зарлага нь зөв мэдээлэгдэхгүй байгаа нь нөлөөлж байна гэдэг шүү дээ?

-Компани яагаад хөрөнгөө ил тод мэдүүлэхгүй байгаа нь татвартай холбоотой болов уу. Яагаад гэвэл, гурван тэрбум төгрөгийн орлоготой компани 10 хувийн татвар төлдөг. Түүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг шүү дээ. Тиймээс татварын дарамтаас шалтгаалан компаниуд тайлангаа ил тод байлгаж чадахгүй байгаа юм.

Арилжааны банкууд зээл олгохдоо жинхэнэ балансаа авчрахыг хүсдэг. Тэдний хувьд хувь хүн болон аж ахуйн нэгжийн нууцлалыг хамгаалж чаддаг учраас жинхэнэ орлогоо мэдүүлдэг байх. Тэгэхээр аж ахуйн нэгжийг ил тод мэдээлэх боломжийг бүрдүүлэхийн тулд татварын орчныг боловсронгуй болгож сайжруулах хэрэгтэй. Ингэснээр банк болон хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох гэж байгаа газруудад сонголт бий болно. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч түлхэц болох юм.

Сүүлийн үед арилжааны банкны зах зээлээс 20 хувийг нь аваад хөрөнгийн зах зээл рүү оруулж болох мэтээр ойлгож байгаа нь ташаа зүйл. Үнэн хэрэгтээ энэ хоёр зах зээл өрсөлдөхүйц хэмжээнд ажилладаггүй. Банк арилжааны төрлийн зээл гаргадаг. Харин хөрөнгө оруулалтын шинж чанартай мөнгийг хөрөнгийн зах зээлээс босгодог юм шүү дээ.

Мөн хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгууллага, иргэд олширсноор гаднын хөрөнгө оруулалтыг татах нэг жим болох учиртай. Түүнээс энэ хоёр салбарыг өрсөлдөөний талбарт мөр зэрэгцүүлэн алхах хэмжээнд ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, банк, хөрөнгийн зах зээл хоёр нь харилцан шүтэлцэж хөгждөг гэж болно.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжихгүй байна хэмээн улиг болтол шүүмжилсэн. Гэхдээ энэ салбарт шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болдог гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан. Тухайлбал, “Эрчим” бондыг амжилттай арилжаалсан шүү дээ?

-“Эрчим” бондыг амжилттай арилжаалж, эргэн төлөлт хийгдэн хаагдсан байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө манай компани “Мах” бондыг хөрөнгийн захаар дамжуулан арилжаалж 4.5 тэрбум төгрөг босгосон түүх бий. Энэ үед бонд гаргасан компанитай нарийн тохиролцоо хийсэн. Дээрх босгосон хөрөнгийн зөвхөн мах бэлтгэлд зарцуулна.

Тодорхой хяналттай байна. Тухайн компанийн бусад хөрөнгөтэй бондоос босгосон мөнгийг холихгүй гэх мэтээр нарийн зүйл заалт оруулан хамтарч ажилласан юм. Ингэснээр цаг хугацаандаа амласан хүүгээ төлөн эргэн төлөлтөө хийж байсан. Эндээс харвал манай Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох хангалттай эх үүсвэртэй гэж болно.

Зөвхөн энэ зах зээл дээр итгэлцлийг бий болгох нь чухал. Гэхдээ ганц удаа хийсэн ажлаараа болж бүтэж байгаа мэтээр ойлгуулахыг оролдох хэрэггүй. Тухайлбал, амжилттай явж байгаа ажлаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх залгамж чанарыг тогтворжуулах хэрэгтэй. Үүнд нөгөө л зөвшөөрөл олгох процессын нөлөө бий.

Зогсолтгүй эргэлдэж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулагч бондод оруулсан мөнгөө дараагийн бонд гарахыг хүлээх зуураа хадгаламжид хийх л болно. Учир нь тэр хөрөнгө оруулагчид өөр сонголт алга шүү дээ. Тиймээс манай салбарт зохицуулалт хийж байгаа байгууллага хяналт, шалгалт хийхээс илүүтэй хөгжүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг зүйлийг тодорхойлж бас нэг үүргээ болгох хэрэгтэй юм болов уу.

-Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүрэм, журам байдаг гэж сонссон. Та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Манай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын баримтлах учиртай дүрэм, журам олон гэдэгтэй санал нийлнэ. Ер нь л тэдгээрийг нь уншаад барна гэж байхгүй л болов уу. Тэр дотор манай улсад байдаггүй үнэт цаасны зохицуулалт ч бий. Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан хэдий ч хэвийн ажиллах бололцоо бага.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр ажиллая гэхэд ажиллах боловсон хүчин олох нь боломжгүй зүйл мэт харагддаг. Түүнчлэн дөнгөж байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжид ТУЗ-ийн гишүүдтэй байна гэдэг.

Гэтэл ашиг орлого нь тодорхойгүй байгаа эхлэлтийн бизнес эрхлэгчийн хувьд цалингийн зардлаас эхлээд дарамт ирж байгаа юм. Тэгэхээр хэрэгжих боломжтой эсэх нь асуудал шүү дээ. Энэ мэтчилэн тодорхой хэмжээний үе шат байх ёстой учраас зохицуулах байгууллага нь анхаарч үзэх нь зүйтэй.

-Танай салбарт итгэх хүмүүсийн итгэлийг сэргээхийн тулд ямар нэг зүйл хийх зайлшгүй шаардлагатай юм болов уу гэж хардаг. Тухайлбал, Зоос банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахгүй байгаа нь энэ захад итгэх итгэлийг төрүүлэхгүй байх нэг нөхцөл болж байх шиг?

-Энэ тохиолдлыг харвал яалт ч үгүй хуульд юу гэж заасныг баримтлахаас аргагүй болж байгаа юм. Гэхдээ нэг өглөө босоход нь дансыг нь хаахын оронд хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлж болно. Тиймээс хүмүүсийг тодорхой хэмжээнд зааглан ямар төрлийн хувьцаа эзэмших вэ гэдгийг тодорхойлж болно.

Энгийнээс илүү эрс­дэлтэй үнэт цаас гэж бий. Тэгэхээр энэ төрлийн үнэт цаасыг худалдаж авах боломжтой тогтсон хөрөнгөтэй хүмүүст арилжаалж болно. Ингэснээр хөрөнгийн захын арилжаанд оролцох шинэ тоглогч болон байгаа багахан хөрөнгөө өсгөхийг зорьж байгаа хүмүүсийг эрсдэлээс хамгаалах боломжтой.

Тэдгээр хүмүүс хөрөнгө удирдлагын компани болон хөрөнгийн санд мөнгөө байршуулж болох юм. Ер нь эрсдэлийг нь хаахын оронд боломжийг сайтар нээснээр хөрөнгийн зах зээл хөгжих болно.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2016 ОНЫ 11 САРЫН 9

Эх сурвалж:  Зууны мэдээ
А.Билгүүн: Өрсөлдөх чадвараа тодорхойлоход давуу талаа ашигла
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration