Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Б.Алтанцэцэг: Төр хуулийн хүрээнд түлхүү оролцож, эдийн засгаас хол байх хэрэгтэй
Leaders club 

Б.Алтанцэцэг: Төр хуулийн хүрээнд түлхүү оролцож, эдийн засгаас хол байх хэрэгтэй

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
109
0

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхмийн дэд профессор Б.Алтанцэцэгийг урилаа.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн хэдэн жилийн туршлага, бодлого түүхээс харвал Монгол Улсын хөгжлийн гарц монгол хүнээс хамаарна. Үүний тулд бүтээж туурвих, ажил үйлчилгээ эрхлэх орчныг бүрдүүлэх бодлого хэрэгтэй. Гэтэл орчныг бүрдүүлэх бодлоготой байхын тулд төрөөс янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, татаас, дэмжлэг төлөхийг хэлэхгүй л дээ.

Харин монголчуудын амьдарч байгаа болон шийдвэр гаргах орчныг хамгаалах хуулийн орчныг тогтвортой болгох нь хамгийн чухал. Маш олон бодлого, хөтөлбөр, эдийн засгийн хөшүүргээр улсаа хөгжүүлэхийг оролдсоор ирсэн.

Гэсэн хэдий ч төдийлөн амжилтад хүрээгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жилийн үйл явцаас харж болно. Тухайлбал, бараа бүтээгдэхүүний үнийг хямд байлгахыг зорьсон. Түүнчлэн бэлэн мөнгө тараах, тэтгэмж олгох зэрэг нь ач холбогдол, үр дүнгүй байсан гэдгийг хүмүүс ойлгож байгаа болов уу. Энэ бүхэн өнөөдрийн эдийн засгийн доройтлын шалтгаан гэж боддог.

Мэдээж тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг гадаад орчны нөлөөлөл ч бий. Гэхдээ бид бусдаас биш өөрсдийнхөө амьдарч, ажиллаж байгаа орчны нөлөөллийг орхигдуулаад байгаа нь цаашид зөв замаар хөгжих боломжийг боомилж байх шиг. Ялангуяа манай улсын хуулийн тогтворгүй байдал хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс хууль, эрх зүйн орчныг тогтвортой байдлыг нэн тэргүүнд хангах хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦООГ БУУРУУЛАХ

Хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд юуг хийх вэ гэдэг асуулт гарна. Хэрэв төрийн оролцоог харвал хуулийн болон эдийн засгийн хүрээг зохистой болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмчийн болон эрхийг хамгаалах учиртай. Учир нь төрийн оролцоо хуулийн хүрээнд илүү байх нь зохистой гэж хардаг. Тухайлбал, хувь хүний өмч, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн бодлогоо тогтвортой байлгах ёстой. Үүнд хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин эдийн засагт төрийн оролцоо өндөр байснаар амжилтад хүрч байсан түүх буурай хөгжилтэй улсуудад байдаггүй.

Эндээс харвал, төр хуулийн хүрээнд илүү оролцож, эдийн засаг дахь оролцоогоо бууруулах нь зөв алхам болох нь харагдаж байгаа юм. Манай улсын тухайд сүүлийн 10 гаруй жил төр эдийн засагт хэтэрхий хутгалдсан нь буруу байсныг цаг хугацаа харуулсаар байна. Үүний үр дүнд хууль эрх зүйн орчинд тогтворгүй байдал ноёрхож эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж болно.

Ингэснээр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөл хүндэрсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгө оруулагчийн сонирхож буй салбартай холбоотой хууль, эрх зүй хэдийд өөрчлөгдөж, ямар нөхцөл байдал үүсэхийг таахын аргагүй учраас гадны хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Харин дотоодын хөрөнгө оруулагчид хэрхэхийг нь мэдэхгүй байгаа ч эрсдлээ үүрээд бизнесээ хийсээр байгаа.

Тухайлбал, тухайн бизнесийг хийж байх хугацаанд Татварын хууль хэдэн удаа өөрчлөгдөх вэ гэдэг таамаг байхгүй. Энэ бүхэн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах орчныг саармагжуулж байгаа юм. Хэрэв хууль, эрх зүйн орчин тогтвортой байдаг бол гадаад, дотоодын урт хугацааны хөрөнгө оруулалт тасрахгүй шүү дээ. Тиймээс үүнтэй холбоотой тодорхой бус байдал үүсэх нь эдийн засагт яаж нөлөөлдөг вэ гэдгийг сүүлийн 10 жилд мэддэг болсон шүү дээ.

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГЖИЛТЭД НӨЛӨӨЛДӨГ

Манай улсын хууль богино хугацаанд өөрчлөгдөж байгаа нь хуулийн хэрэгжилтэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөрдөж байсан хууль маргааш шинэчлэгдэх нь хэрэгжүүлэх боломжийг боомилж байна гэсэн үг. Яагаад гэвэл, хуулийн зүйл заалтыг ойлгож хэрэгжүүлэх хугацаа байхгүй байна шүү дээ. Түүнээс гадна хуулийн сурталчилгаа явдаггүй учраас ямар хуулийг, хэдийд баталсан бэ гэдгийг мэдэхгүй хүн олон байдаг.

Жишээлбэл, дөрвөн жилийн давтамжтайгаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Үүнийг ойлгож, хэрэгжилтийг хянах боломж хувь хүнд байхгүй. Учир нь энгийн иргэдэд хуулиа тайлбарлахгүй байна. Хүмүүс амьдралдаа хэвшүүлэх хугацаа өгөхгүй байна.

Хамгийн гол нь хуулийг санаачилж, батлахдаа судалгаагүй, ул суурь муутай, тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлсэн, хэт яарсан хууль баталж байгаа нь олон дахин өөрчлөхөд хүргэж байна. Ул суурьтай, судалгаа шинжилгээтэйгээр хууль санаачилж, батлавал хуулийн амьдрах чадвар сайжирна. Ингэснээр хуулийн тогтвортой орчин бүрдэнэ гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн үеийн нөхцөл байдлаас харвал, бушуу туулай борвиндоо баастай гэдэг үлгэрээр ажиллаад байх шиг санагдах юм.

ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ХЭТЭРСЭН ОРОЛЦОО

Эдийн засагт төр хэт оролцсоноор эдийн засагт сөрөг нөлөөл үзүүлж байгаа тухай би дээр дурдсан. Жишээлбэл, төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, хөтөлбөр гаргасаар ирсэн. Гэтэл гарсан үр дүн алга гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. Эндээс гарах үр дагаварыг хэн үүрэх вэ гэвэл, мэдээж үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд. Статистикийн мэдээнээс харвал манай улсын нийт аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь жижиг, дунд гэсэн ангилалд багтсан байна.

Өөрөөр хэлбэл, 1-9 ажиллагсадтай байна гэсэн байгаа юм. Гэтэл эдгээр компаниудад дээрх хөтөлбөрийн зээл хүрч байна уу гэдэг эргэлзээтэй. Учир нь хөтөлбөрт хамрагдах жижиг, дунд үйлдвэрлэлд 50 эсвэл 100 доош ажиллагсадтай компаниудыг хамруулсан байдаг. Эндээс харахаар жижиг аж ахуйн нэгжээ дэмжээгүй байна гэсэн үг. Түүнчлэн мэдээллийг бүх төвшинд хүргэж чадаагүйгээс жижиг аж ахуйн нэгж хоцрох тохиолдол гарч байна.

Уг нь улсаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар хөтөлбөр баталсан ч зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа нь үр дүнгүй харагдаж байгаа хэрэг. Тэгэхээр жижиг, дундаа ялгаж хөтөлбөр боловсруулан санхүүжилтийг зохистойгоор хуваарилах хэрэгтэй байсан. Тиймээс эдийн засаг дахь төрийн хэтэрсэн оролцоо эргээд сөрөг үр дагавар авчирч байна гээд байгаа юм.

ХУУЛИЙН ОРЧИН ТОГТВОРТОЙ, ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ӨНДӨР БАЙХ НЬ ЧУХАЛ

Хуулийн орчин тодорхой болж төрийн хариуцлагыг нэмэгдүүлснээр улсын хөгжил урагшилна. Учир нь хөгжилтэй орнуудыг хөгжсөн түүхээс харвал хуулийн засаглал ямар төвшинд байгаагаас шууд хамааралтай байдаг.

Хаана хууль эрх зүйн орчин тогтвортой байна, тэнд хурдацтай хөгжил явж байна.
Хаана төрийн хариуцлага өндөр байна, тэнд хөгжил явсаар л байна.

Үүнийг өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харж болно шүү дээ.

Магадгүй манайхны хувьд, ялангуяа бизнесийнхэн төрийн оролцоо хэрэгтэй гэлцдэг. Тухайлбал, барилгын компанийн барьсан орон сууц зарагдахгүй байгаа бол зах зээлийн зарчмаар үнийг бууруулж болно шүү дээ. Энэ бол цэвэр өрсөлдөөн. Гэтэл төрийн дэмжлэг хэрэгтэй гэсээр ипотекийн зээл гарсан. Энэ нь царцсан барилгын борлуулалтад нөлөөлж болох ч эрүүл зарчим биш гэдгийг бас л цаг хугацаа харууллаа шүү дээ.

Ер нь хаа, хаанаа тууштай байж чадахгүй байгаа нь зах зээлийг зөв замаар хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгоход саад учруулж байна. Тиймээс аливаа бизнес эрхлэгч багахан бэрхшээл тулгарахаар төрийн оролцоо хэрэгтэй гэдгээ болих хэрэгтэй. Түүний оронд хууль эрх зүйн тогтвортой орчин шаардах учиртай юм. Хэрэв энэ зарчим үйлчилвэл улсын хөгжил тийм ч хол биш.

Төр нь хуулиа тогтвортой байлгаж, мөрдүүлэхэд анхаарлаа хандуул. Харин бизнесийнхэн эдийн засгийн асуудлаа өөрсдийн боломжоо ашиглан зохицуулах нь зөв шийдэл гэж хардаг. Ингэснээр улсын эдийн засаг ч сэргээд ирнэ. Учир нь урт хугацааны хөрөнгө оруулалт, тогтвортойгоор орж ирэх боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ манай улсын засаглал муу байгаагаас эдийн засаг доройтож байгаа гол шалтгаан юм.


ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

Түүнчлэн бид дөрвөн жилийн мөчлөгөөр УИХ-ын гишүүдийг сонгож байна. Миний харж байгаагаар 76 гишүүний тоог 2-3 дахин өсгөх нь зүйтэй болов уу. Магадгүй 76 хүний төсвийг бүрдүүлэхэд хэцүү байхад дахиад нэмнэ гэдэг хэцүү гэх асуудалтай тулгарна. Гэхдээ улсын аюулгүй байдлаа бодвол парламентын гишүүд олон байх нь чухал. Учир нь, 76 хүн хоорондоо зөвшилцөх 300 хүн хоорондоо ойлголцоно гэдэг нэлээд шүүлтүүрээр орно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүний олноор асуудлыг шийдвэрлэх нь илүү нухацтай байх болно. Ийнхүү олон хүн хэлэлцсэнээр ард түмний эрх ашигт нийцсэн, зөв шийдвэр гарах юм. Жишээлбэл, одоогийн парламентын нэг гишүүн 2-3 байнгын хороонд харъяалагдах боломжтой. Ингэснээр үндэсний аюулгүй байдал, нийт ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана гэхэд эргэлзээтэй.

Учир нь нэг байнгын хороо 20-иод гишүүнтэй. Үүний 60 хувиар, үүнээсээ дахиад 60 хувь нь дэмжвэл тэр асуудлыг шийдвэрлэдэг. Тэгэхээр, аливаа асуудлыг шийдвэрлэхэд нийтдээ 6-7 хүний оролцоо байна гэсэн үг. Энэ нь тийм ч хангалттай тоо биш. Магадгүй эдгээр хүмүүс хоорондоо хуйвалдан эрх ашгаа нэгтгэхийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс иргэдийн эрх ашигт нийцсэн, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр гаргах төвшинд олон талын төлөөллийг хамруулж чадаж байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Түүнчлэн аливаа асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн төлөөлөл байгаа эсэх. Мөн анги, хүйсийн болон шашны төлөөлөл байна уу гэдэг чухал. Манай улсын хувьд газар зүйн байршил, яс үндэс, шашин гээд арвин баялагтай, өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр эдгээрийг бүрэн төлөөлж чадах хэмжээнд хүмүүс хамрагдах нь чухал гэж боддог. Хамгийн гол нь олны олон таван цэн гэдэг шүү дээ.

"Зууны мэдээ" сонин 2016.06.13

Р.Мөнхтөр: Алдаанаасаа суралцдаггүй төрийн механизмыг өөрчлөх хэрэгтэй
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration