Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх түүхэн шийдвэр гаргалаа
Цаг үе 

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх түүхэн шийдвэр гаргалаа

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
100
0

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Энэ нь Засгийн газрын хурлаар Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь хэлэлцэж байгаа анхны тохиолдол юм. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа.

Хотын дарга авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод нийт хүн амын 47.5 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8, их, дээд сургуулийн 95.8, ерөнхий боловсролын сургуулийн 32.8, цэцэрлэгийн 47 хувь нь байрладаг улс орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн цогц төв. Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцдог. Нийслэл хотын 400 мянга гаруй иргэнээс хотын тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа авахад иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хурд 13 км цаг байна. Оргил ачааллын үед 8.9 км болж байна. 2010 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжирдэг. 2010 онд авто замын сүлжээний урт 954 км, 234 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2020 онд  замын урт 1136 км, машины тоо 632 мянга болж нэмэгдсэн байна. Иймээс авто замыг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ байдлаар үргэлжилбэл 2025 онд автомашины хурд зургаан км цаг, 2030 онд гурван км цаг болох нь. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газартай хамтран багтаамж ихтэй нийтийн тээвэр, замын сүлжээг нэмэгдүүлэх, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Богдхан төмөр замыг байгуулах шаардлагатай” хэмээв.  

Мөн нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээвэр (метро, LRT)-ийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, зам, дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон. Нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Хотын дарга нийтийн тээвэр, такси үйлчилгээний стандартыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих боломжоор хангана. 2021-2024 онд автобусны 81 хувь нь ашиглалтаас гарна. Байгальд ээлтэй 500-1000 автобусны парк шинэчлэл хийх, мөн олон улсын стандартад нийцсэн 290 автобусны зогсоолыг шинэчлэх, 5000 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байгаагаа ярилаа. Түүнчлэн нийслэлийн гол замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2024 онд гол гудамж, замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, 98 км явган зам, 249 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Ингэснээр авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэл 30-40 хувиар буурна. Оргил цагийн ачааллын үед авто замын хурд 20.5 км цаг болох юм. Ерөнхий сайд Хотын даргын танилцуулгатай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдыг газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.

Богдхан төмөр замын урт 174.8 км байна

 “Богдхан төмөр зам” төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр “Богдхан төмөр замыг яриад 10 гаруй жил болж байна. Түгжрэлийг бууруулахад, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүс байгуулахад энэ зам чиглэсэн. Нийт 174.8 км төмөр замын 135.8 км-ийг шинээр, 39 км-ийг одоо байгааг нь сайжруулахаар техникийн шийдэл гарган ажиллаж байна. Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог. Дунджаар дөрвөн гарамд хоногийн 144 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хааж байна. Богдхан төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 62 минут болгож буюу 57 хувиар бууруулах тооцоо бий.  Авто зам, төмөр замыг хоёр өөр газар огтлуулцахад галт тэрэгнээс болж авто замын хөдөлгөөнийг хаахгүй болно. ТЭЗҮ-ийг боловсруулах бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхэд бэлэн болсон” гэлээ.

Б.Мөнхбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламж, усан хангамж, Улаанбаатар хотын дагуул хот, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын нийт өрхийн тоо 897.427. Үүнээс 411.400 буюу 44.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийт иргэдийн 199.300 нь орон сууцанд, 203 мянга нь гэр, байшинд, 411 мянга нь нийтийн байр, бусад байдлаар амьдарч байна. Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны тогтоолоор 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр баталсан. Үүнээс Улаанбаатар хотод 100 мянга, орон нутагт 50 мянга нь хэрэгжинэ” хэмээн ярилаа. Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 10287  айлын орон сууц ашиглалтад орсон. Цаашид 45 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах ёстой гэнэ.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөхөөр 19  байршилд төсөл, хөтөлбөр зарласан. Нэхмэлийн шарын найман байшинд 160 айл  байсан бол дахин төлөвлөлтөөр 2500 айл байдаг болжээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төрийн зүгээс дэд бүтцийг шийдэж байгаа. Улаанбаатар хотын инженерийн шугам, сүлжээг цогц байдлаар төлөвлөж өгөх ёстой. Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй. Үерийн далан, борооны ус, хөрсний усны инженерийн байгууламжийн асуудал орхигдоод байна.  Улаанбаатар хотыг тойрсон хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх ёстой. Мөн ажлын байрыг нь бий болгох хэрэгтэй. Богдхан төмөр зам дээр трансаа тогтож байна. Ажил хэрэг болгохын тулд төсөв мөнгө тавьж, ажлаа эхлэхээс гадна газар чөлөөлөлтийг үе шаттай хийх хэрэгтэй байна” гэв.

Н.Тавинбэх: Цахилгааны хэрэглээ 6-8 хувиар өссөн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотын цахилгааны хэрэглээ сүүлийн таван жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу 3488 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үүнээс болж 2020 онд 285 удаа цахилгаан тасарч, 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг түүнээс дээш хугацаагаар доголдсон. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад хангасан цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй байна” гэлээ. Мөн хотын дулаан дамжуулах нийт 379.5 км урт шугамын 24 хувь нь буюу 31.2 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, хуучирсан нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангахад эрсдэл үүсгэж байгааг онцоллоо. Мөн тавдугаар цахилгаан станцыг ДЦС-3-ыг түшиглэн байгуулахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн.

Х.Нямбаатар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөх саналтай байна

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгох, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг гарсан. Боловсруулсан хуулийн төслийг сайжруулах, бусад хуультай уялдуулах зорилгоор холбогдох албаныхан ажиллаж байна. Хуулийн төслийн нэрийг өөрчилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болгох санал оруулж байгаа. Улаанбаатар хот бусад засаг захиргааны нэгжээс өөр хуулийн зохицуулалттай байх ёстой. Нийслэлийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор чөлөөт бүс, татварын хөнгөлөлттэй дүүрэг, үйлдвэрлэл, технологийн парк, дагуул хот байгуулах, тухайн бүсэд эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хуульд тодорхой тусгах байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үнэт цаас, концессын зохицуулалтыг тусгаж байгаа. Сангийн яамтай зөвшилцөж, хуулийн төсөлд нарийн зохицуулалт оруулна” гэлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нийслэл Улаанбаатар хотод авах зарим арга хэмжээний тухай Засгийн газраас тогтоолын төслийг танилцууллаа. Тэдгээрээс дурдвал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2021-2024 онд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган, хэрэгжүүлнэ. Мөн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний  чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Түүнчлэн  Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өглөө. Улаанбаатар хотод багтаамж  ихтэй, техник, эдийн засгийн үр ашигтай байх нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг мөн үүрэг болгосон.

Сайд нар тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ. Шадар сайд С.Амарсайхан “Эрчим хүч, дулааны эх үүсвэрээ хотоос гаргах хэрэгтэй. Үүнд сайн анхаарал хандуулаарай” гэсэн юм. Мөн Богдхан төмөр замаа Багахангай дүүргээр дайрч гарахад анхаарахыг хүссэн. Түүнчлэн ипотекийн зээлийн үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдэд энэ зээлээ олгоход анхаарах хэрэгтэйг онцолсон бол Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ хотын иргэн хөдөө шилжихэд, ажиллахад, амьдрахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бөгөөд урамшууллыг тогтолцоо бий болгох саналыг гаргалаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хотоос зүүн тийшээ гарах гарцыг сайжруулах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн төрийн байгууллага болон яамдын хамтын ажиллагааг хэрхэн хангах вэ гэдгийг асууснаар тогтоолын төсөлд оруулж, хэрэгжилтийг сар тутамд тайлагнахаар боллоо. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан түгжрэлийн гол асуудал нь сургууль байдаг. Үүнд хэрхэн анхаарал хандуулж байгааг Хотын даргаас асуухад “Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн асуудал цогцоороо явж байна. Төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихаар бол газрын асуудлыг мөн шийдэж өгөх хэрэгтэй” байгааг хэлсэн  юм.

Э.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ

Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ “Бидэнд тулгамдсан асуудал нэг л бий. Хотынх, Засгийн газрынх гэж тусдаа асуудал байхгүй. Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч Засгийн газар оролцох ёстой. Өнөөдөр нэгдсэн ойлголтод хүрлээ гэж бодож байна. Улаанбаатар хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй зургаан асуудлыг тогтоолын төслөөр шийдлээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүх яамны асуудал. Тэгэхээр асуудлыг цогц байдлаар харж, шийдэх хэрэгтэй. 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч, шийдэж байна. Ингэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Нийтийн тээврийг сайжруулах, метро, өөр ямар шийдлүүд байж болохыг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод шилжүүлж байна. Санхүүгийн схемийг Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруу хурдны зам тавигдах нь.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас санхүүгийн эрхийг өгч байна. Улаанбаатар хот үйлдвэр байтугай орон сууцныхаа хэрэглээгч хангаж чадахгүйд хүрээд байна. Тиймээс Улаанбаатар хотын төвөөс төрийн байгууллагууд үе шаттай гарах хэрэгтэй. Богдхан төмөр зам буюу Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт өнөөдрөөс өрнөж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр нэг ч гэр хороололгүй эко хот байгуулах ёстой. Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ.Нийслэлчүүддээ, нийслэлийнхээ удирдлагуудад амжилт хүсье. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа” хэмээн хэллээ.

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой
Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration