Мягмар, 9 сарын 28, 2021
Хадгалсан мэдээ (0)
Төрийн санах ойн багтаамжийг сайжруулъя, Ерөнхий сайдаа!!!
Эдийн засаг 

Төрийн санах ойн багтаамжийг сайжруулъя, Ерөнхий сайдаа!!!

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 28, 2021
200
0

Д.ОЮУНЧИМЭГ

Хил, гааль ачааллаа дийлэхгүй тун чиг удаж байгаа. Хөл хорионы улмаас өөрсдөө явж бараагаа авч чадахгүй худалдаа эрхлэгчид, бизнесийнхэн түншүүддээ бараа захиж авчруулах нь хугацаа алдаж, өртөг нэмэгдэх шалтгаан болсон нь гашуун үнэн. 

Ковидын улмаас Замын-Үүдийн гааль дээр нөхцөл байдал тун хүнд болж бараа, материалын хэт бөөгнөрөл үүссэн. Яагаад ачаалал үүсэн талаар тайлбарлахдаа “БНХАУ-ын талаас халдвар хамгаалал, ариутгал хангалтгүйн улмаас тээврийн жолоочийг нэвтрүүлэхгүй” байна хэмээдэг. 

АНХНЫ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ ЮМСАН...

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж байдалтай нь танилцаад ирсэн. Үндсэндээ Замын-Үүдэд “десант” буусан гэж ч бас болно. Үүнийг тойрсон элдэв хэл ам өдгөө ч тасраагүй байна. Монгол Улс ариутгал хангалтгүй хийж байна гэж үзэхээс аргагүй нөхцөл байдалтай байгааг Ерөнхий сайд очиж харсан нь ч оносон. Харин ямар арга хэмжээ авч, хэрхэн сайжруулах, шинэ гарц нээх вэ гэдэг одоо хамгийн чухал асуудал юм. 

Учир нь 2017 оны аравдугаар сарын сүүлчээр Замын-Үүдэд Монголын хамгийн анхны халдваргүйжүүлэх байгууламж ашиглалтад орж холбогдох газрын дарга нар тууз хайчлан нээж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тодруулбал, “Зууны мэдээ” сонины 2017.10.27 №215 (5662) дугаарт “Анхны халдваргүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо” нэртэй нийтлэл гарчээ. Тус нийтлэлд “Ачааны хүндийг үүрч, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй албыг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, хилээр гарах урсгалыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадамжийг өсгөхийн тулд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү энэ оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт хийх үеэр Зам-үүд боомтод ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж бариулах асуудлыг хөндөж ярилцсан ажээ. Ингээд Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1.7 сая юанийн өртөг бүхий ариутгалын төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Энэ байгууламжийг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Шунг Фэйн” компани барьжээ. 

Нээлтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Коммунист намын дарга Тянь-Янг, Ардын засгийн ордны дарга Лю ши пин,  “Шунг Фэн” компанийн захирал Хай Фэнг нар оролцсон юм” хэмээн бичжээ.

БУУХ ХАЯГ, БУЦАХ МӨРТЭЙ ШҮҮ, УГ НЬ...

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баярбилэг: “Энэ ариутгагч хаалга олон жил болж байгаа. Ковид-19-тэй холбоотойгоор шинээр хийгээгүй. Мөн сумын удирдлагаас хийгээгүй. МХЕГ-аас л хийж байсан. Тэднийх хариуцаж байсан” хэмээн хэвлэлд өгсөн тайлбартаа хэлсэн байна лээ. Төрийн ажил нэг иймэрхүү л явдаг. 

Ковидоос болж хаалга тавиагүй нь үнэн. Харин олны анхаарлыг татаад байгаа 160 саяын өртөгтэй, цоорхой төмөр хавтангууд бол ашиглалтад авах үед хийгдээгүй, удахгүй гүйцээж хийнэ гэж байсан хоосон зайг бөглөсөн харагдана лээ. 

Буух эзэн буцах хаяггүй атлаа 1.2 тэрбум төгрөгөөр ариутгагч хаалгыг шинэчлэх тухай яриа чих дэлсэх. Тодруулбал, өнгөрсөн сарын 10-нд МХЕГ-аас Хилийн боомтуудын мэргэжлийн хяналтын албанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх 1.261 тэрбумын өртөгтэй тендер зарласан байна. Буцалтгүй тусламжаар бариулж чадаагүй атлаа улсын төсвөөс хөрөнгө гаргаад барьчихна гэх нь юу л бол.