Т.Мөнхтунгалаг: 1.6 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
Б.ЭНХЖИН
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн банкны зээлийн хэчнээн хувь нь нөхөн төлөлт ямар түвшинд явж байна вэ?
-Хөгжлийн банкны эргэн төлөлт хийгдэхгүй байгаа зээлийн хэмжээ нь 2.4 их наяд төгрөг. Мөрдөн байцаалтын явцад энэ сарын 18-ны өдрийн байдлаар 494.8 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
-Хөгжлийн банктай холбоотой зээлдэгчдийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал олгож зээл олгосон хэргийг шалгах ажил хэвийн явж байна.
-Одоогоор хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байна?
-Нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа.
-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хохирол нөхөн төлөлт өмнөх оноос эрс нэмэгдсэн тухай танай мэдээлэл байсан. Үүнийг тодруулбал?
-Авлигатай тэмцэх газар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олсон орлого, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалахад онцгойлон анхаарч ажилладаг.
Энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын төлбөрөөс 1.6 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Үндсэндээ манайд бүртгэлтэй байгаа гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хэмжээ 2.1 их наяд төгрөг. Тэгэхээр нийт хохирлын 78.06 хувийг нөхөн төлүүлсэн гэсэн үг.
Мөн хохирол нөхөн төлүүлэхээс гадна 382.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Түүнээс гадна дөрвөн тэрбум төгрөгийн авилгын мөнгийг хураан авч улсын орлого болгосон.
-Оффшор бүсээс авлигын мөнгө хураасан тухай яриа гарсан. Энэ үнэн үү?
-Гадаад улсаас буюу оффшор бүсээс авлигын гэмт хэргийн хохирол болох 20.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд буцаан авчирч улсын орлого болгосон.