Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарьлаа
Т. АНУ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгаа” гэлээ. Тэрээр Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна хэмээн онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн үйл хэргийг өндрөөр үнэлж буйгаа тэрээр илэрхийлсэн юм. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийллээ.
Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа ч мөн дуулгасан юм.