Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Алтан шар замаа түшсэн “Онц тээвэрчин” хосууд
Тоонот хоймор 

Алтан шар замаа түшсэн “Онц тээвэрчин” хосууд

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
226
0

Г.ГАНЧИМЭГ

    “Энгийн нэг айлд ирээд жолооч хүмүүсээс ярилцлага авах гэж бас байдаг юм аа” хэмээн ил үг, цагаан сэтгэлээ асгаж угтсан айл бол Д.Батсуурийнх. Жолооч болоод 50 жилийг ардаа орхин халуунд халж, хүйтэнд хөрч, заримдаа баяр жаргалтай, заримдаа айдас хүйдэстэй олон янзын даваатай нүүр тулан туулсан урт холын зам тэднийх. Алтан шар замд аяны жолоо өргөн явахдаа хүн эхлээд өөрийгөө ялж хүмүүжүүлэн хатуужуулдаг юм байна. Мөн хүн чанарын тэгээд амьдрал хэмээх их сургуульд аандаа сууж дүүргэдэг аж. “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч” Д.Батсуурь,  түүний гэргий “Онц тээвэрчин” Р.Норовсүрэн нартай уулзан ярилцахад эрхгүй ийм сэтгэгдэл төрж, бас нэгэн ухаарал ой тойнд шингэж үлдэв. Харин төр засаг хоёуланд нь Хөдөлмөрийн хүндэт медалиа хүртээжээ. “Эрүүл энх байвал бол оо доо” хэмээх эгэл даруухан хүслийг дайх эрхэм хоёр хүмүүн үр ачаа тойглосон шигээ насны намартаа налайж сууна. Үнэндээ “Зуун айл” руу зуу дахин явдаг ажил тэдэнд байна. Байшин барих гэж биш л дээ. Бага охиныхоо хүүхдүүдийг харах албанд өвөө, эмээ хоёр нь “хонины ээлж”-тэй өнждөг юм.

ТЭЭВРИЙН ТЭРЭГНИЙ ЗАЛУУРЧ ААВ Д.БАТСУУРЬ

    Хэнтий аймгийн Баянмөнх суманд Сэдийн Дашнямынх гэж гурван хүүхэдтэй айл байжээ. Манай нийтлэлийн баатар болох хүү Батсуурь нь 1952 онд Хэнтий аймагт буюу Өндөрхаан уулынхаа өвөрт, Хэрлэн голын хойд хөвөөнд төржээ. Ардын хүүхдүүдийн жишгээр л 10 жилээ төгсч, дараа нь гурван жилийн хугацаат цэргийн албанд мордсон нь амьдралын их харгуйд хөтөлсөн “алтан шар зурхай” нь байж дээ. 

    Нисэхэд 1000 цэрэг авч бэлтгэдэг МИ 107-р ангид Бухаа хурандаагийн удирдлагаар жолооч болсон байна. Хотод ийнхүү нэг жил болоод Зүүнбаянд Зенит артиллерийн тусгай хороонд хугацаат цэргийн албаны хоёр жилээ үджээ. Одоогийн Хууль зүйн сайд Нямбаатарын аав Хишигээ агсантай нэг оны цэргүүд. Хоёулаа даргын тэрэг барина. Гэргий Гаальмаатай нь арван жилийн нэг анги. Энэ хоёр гэр бүл нэгдүгээрт, үе тэнгийн үхэр, хонин жилтэнгүүд, хоёрдугаарт, хоёулаа жолооч гэр бүл гээд адил төстэй хувь тавилантай ихэд ойрхон гэр бүлийн найзууд байжээ.  

    Д.Батсуурийг цэрэгт байх үед “Хэрлэн-73” гээд Орос-Монголын хамтарсан хээрийн сургуулийг Чойрт Малхын тал Нялгын ууланд хийсэн байна. Хятадын хилд ойрхон, зүг чиггүй 10 гаруйхан км давхихад л хил зөрчигч болох эрсдэлтэй нүүр тулж, харанхуй шөнө Алтан гадас одоор баримжаа авч, тэвдэж явсан үе ч бий. Энэ мэтээр сонирхуулж хуучлах ярианы сэдэв зөндөө л юм билээ. Гэвч сонины зай талбай хэмжээтэй тул яалт ч үгүй тоймлох юм даа, цадиг түүхийн хуучийг тань.


ЦЭРГЭЭС 1975 ОНД ХАЛАГДАЖ ИРЭЭД...

    Төрсөн тоонот буюу Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотдоо ирж, Усны аж ахуйн газрын даргын жолоочоор жил гаруй ажиллажээ. Даргын тэргийн барьж явахдаа Шатахуун түгээх станц дээр шинэхэн тэрэгтэй, шинэ жолооч, нүдэнд дулаахан бүсгүйтэй анх таарч, улмаар ажил мэргэжил нэг тул ахин дахин таарсаар ойртон дотносож гэр бүл болов. Анхны охиноо 1977 онд өлгийдөн авсан эднийх одоо таван хүүхэдтэй.

    Усны аж ахуйн газарт даргын жолоочоор эхэлсэн ажил амьдралын гараа Нэгдэл дундын үйлдвэрт тээврийн тэрэг барьснаар үргэлжилж нутаг орондоо 20 жилийн хүч хөдөлмөрөө зориулжээ. Нүүрс түлээ, өвс тэжээл, тариа будаа, жонш гээд ачаагүй ачаа гэж үгүй. Хотын айл болохоор шийдэн нүүсэн нь 1995 оны намар. Улаанбаатар луу нүүж ирээд “Их өргөө” компанид ажилд орон элс, хайрга зөөж эхэлсэн байна. Дараа нь жолооны багшаар хоёр жил ажиллаж үзсэн юмсанж. Ингэж явсаар 1998 онд Автобус I баазад орж, их хотынхоо нийтийн тээвэрт хүчин зүтгэж нэг л мэдэхэд 13 жил болсон байжээ.  “Онц тээвэрчин” ч болов. “Осолгүй манлай жолооч” ч болов. Ингээд эргэх цагийн эрхээр 2011 онд тэтгэвэртээ гарчээ.

“ОДООНЫ ЖОЛООЧ НАР БАНКАА ХААНА БАЙГААГ Ч МЭДЭХГҮЙ ТӨГСЧ БАЙНА”

    Гэргий Норовсүрэн Хэнтий аймгийн Бат­норов сумаас зүүн урагш Шивээтийн булаг гэдэг газарт 1956 онд Рагчаагийн дөрөвдүгээр охин болж төрсөн. Эцэг эхээс наймуулаа. Бага сургуулиа Батноровт төгсөөд тавдугаар ангиасаа Бэрх тосгонд суралцжээ. Харин 10-р ангиа Хэнтий аймгийн Өндөрхаан хотын I арван жилийн сургуульд суралцаж төгсгөжээ. Улаанбаатар хотод Металлистийн сур­гуу­лийг 1975 онд төгсчээ. 

    Тэр үед эмэгтэй жолооч нар цөөхөн. 22-р баазын мундаг тээвэрчин, жолооч эмэгтэй байсныг маш сайн санадаг. Хэнтий аймагт ч эмэгтэй жолооч цөөн. Түргэнд нэг, Барилга конторт нэг, 10-р баазад ганц хоёрхон гэхээр гарын таван хуруунд багтахаар эмэгтэй хүн жолоо мушгидаг байж. 

    “Онц тээвэрчин” Р.Норовсүрэн “Биднийг жилийн хугацаанд сургахдаа маш чанартай сургадаг байсан. Сард 180 төгрөгийн оюутны цалинтай. Офицеруудын ордны ард талд Газ засвар гэж бай­сан. Тэнд сар гаруй дадлага хийлгэдэг. Дадлага хийх хугацаандаа машин тэргэндээ наад захын засвар үйлчилгээг хийж сурдаг. Үгүй бол жолооч болох тухай бодох ч хэрэггүй.  Бүр “Эдийн засаг”-ийн хичээл хүртэл ордог байлаа шүү дээ. Гэтэл одооны жолооч нар банкаа хаана байгааг ч мэдэхгүй төгсч байна. Бид 53 дээр л маниулдаж байгаад шалгалтаа өгнө шүү дээ. Биднийг жолооч болгосон машин байгаа юм. Далхаанямбуу гээд их мундаг багштай байлаа. Та нар хэчнээн жил тэрэг барьсан ч би жолооч болчихлоо гэж бодож огт болохгүй гэдэг байсныг одоо ч би мартаагүй л яваа” хэмээн оюутан ахуй цагаа дурсав.