Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ц.Ариунбайгаль: Хүн, байгалийн уялдааг илүү нарийн, гоо сайхнаар харуулахыг хичээдэг
Сонин содон 

Ц.Ариунбайгаль: Хүн, байгалийн уялдааг илүү нарийн, гоо сайхнаар харуулахыг хичээдэг

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
251
0

Б.ЛХАГВА

Зураач Ц.Ариунбайгальтай ярилцлаа.

-Ярилцлагаа “The Mood” гэх үзэсгэлэнгийн нэрээс эхэлье. Эдгээр бүтээлээр таны сэтгэлд оршин байгаа мэдрэмж, “Тэр зүйлс” уран зураг болон бидэнд хүрлээ гэж ойлгож болох уу?

-“The Mood” нь миний сэтгэлзүйн асуудлуудтай холбог­доно. Зураг зурж байх үеийн сэтгэлзүй, өглөө босохдоо ямар сэтгэл хөдлөлтэй сэрэв, эсвэл тэр өдрийн уур амьсгал, цаг агаар, сонсож буй хөгжим зэрэг шалтгааныг бүтээлдээ шингээж өгдөг. Зарим зураг яг эскизийн дагуу бүтдэггүй. Зургаа тухайн цаг мөчид нь даатгаж явах үе бий.

-Таныг 2019 онд зураач М.Цасчихэртэй хамтарсан үзэс­гэлэн гаргасныг санаж бай­на. Энэ удаагийнх анхны бие даасан бүтээлийн чуулган. Тий­мээс өмнөх үзэсгэлэнгээс ялгарах онцлог нь юу байв?

-Энэ удаагийн үзэсгэлэнг өмнөх бүтээлүүдийнхээ үргэлж­лэл болгож, ерөнхий уур амьсгал, эмэгтэй хүний гоо сайхан, байгалийн нарийн нандин өнгө­нүү­дийг холбож гаргасан. Дээрээс нь хүүхэд насныхаа зарим дурсам­жийг бүтээлдээ шингээхийг хүссэн. Зөвхөн миний гэлтгүй хүн бүрд хүүхэд насны гэгээлэг дурсамжууд бий. Үүнийг л бүтээл болгоё гэж арваад жил бодсоны эцэст анхныхаа бие даасан үзэсгэлэнд гаргаж чадлаа.

-Ямар сэдвээр голчлон зурдаг вэ. Байгаль эх, эмэгтэй хүний дүрслэл илүүтэй харагдлаа?

-Хүн ба байгаль гэх сэдвээр зурдаг. Бүтээлдээ хүн байгалийн нэг хэсэг гэсэн утгаар нь, тэр уялдаа холбоог илүү нарийн, гоо сайхнаар тусган харуулахыг хичээдэг.

-Бүтээлүүдээс тань модер­нист, футурист хэв маяг нэг дор харагддаг гэх юм билээ?

-Ерөнхийдөө тухайн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бүтээлдээ шингээж явдаг. Заримдаа бодит зүйлийг зурж байснаа гэнэт өөр цаг хугацаанд очсон юм шиг мэдрэмж гаргахыг хүсдэг. Би өөрөө уран зөгнөлт кинонд дуртай. Тэр нь ч нөлөөлдөг юм уу, яагаад ийм байж болохгүй гэж бодоод багахан хэмжээний өөрчлөлт хийнэ. Ингээд тэр бүтээл маань модернист юм шиг, эсвэл ирээдүй цагийг илтгэх мэт өнгө аястай болдог. Гэхдээ төрсөн мэдрэмжээ шууд дүрслэхээс илүү удаан харж, бодсоны эцэст далд утгаар илэрхийлэхийг хичээдэг. Зургийнхаа жижигхэн хэсэгт нь өгөх нь гэж буй санаагаа оруулна. Анх сайхан байгалийн зураг шиг харагдах ч төвлөрч ажиглах тусам анзаарагдах түлхүүрүүдийг бүтээлдээ урлаж өгдөг.

-Зургийнхаа агуулга болон хэлбэрт хэрхэн анхаардаг вэ. Бодож төлөвлөснийхөө эцэст зурдаг уу эсвэл илүү сэтгэлд хөдлөлдөө автаж байна уу?

-Эхлээд эскизээ гаргана. Гэхдээ л “Mood” нь нөлөөлөөд байдаг. Зурж байх үед гэнэт бороо орвол миний бүтээл анхны хэлбэрээсээ өөр болно. Нартайд ч өөрчлөгдөнө. Үнэндээ сэтгэлзүйгээ илүүтэй дагадаг. Гэхдээ ерөнхий санаагаа хадгална. Анхныхаасаа өөр болно гэж үгүй. Өнгөө ч юм уу, арга техникээ өөрчилж явдаг.