Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Төсөвтэй үндэсний хөдөлгөөн
Эдийн засаг 

Төсөвтэй үндэсний хөдөлгөөн

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
2 сарын 9, 2023
218
0

Д.ОЮУНЧИМЭГ

онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт нээсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь, Дундговь аймагт нээлтээ хийлээ. Нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа. Уулзалтаар УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг сонсов.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 60 гаруй үйлдвэр, 350 гаруй иргэн аж ахуйн нэгж хүнсний худалдаа явуулдаг. Нутгийн хишиг хөтөлбөрт хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимт үйлдвэрлэлийг сайжруулахаар ажиллаж байна” гэв. Тэрбээр, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаараа ч мөн дуулгав. Өмнөговь аймгийн удирдлагууд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг бөгөөд ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх түлхэц болно гэж үзэж буй. Эрүүл хүнс эрүүл иргэнтэй аймаг болж хүнсний хувьсгал хүнсний хөдөлгөөнийг нээж байгаагаа дуулгалаа. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Өмнөговь аймагт нээх үеэр Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж танилцуулсан юм. 

МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ ТАЙВАН БҮС БОЛНО

үнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг өмнөговьчуууд хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Эл хөдөлгөөнөөр нийт хүн амын гурилан бүтээгдэхүүний хэрэглээний 30 хувийг хангах зорилт тавьж буй аж. Түүнчлэн орон нутгийн таван брэндийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүнд шаардлагатай сав баглаа боодлын үйлдвэр байгуулна гэдгээ аймгийн удирдлагууд онцолж байлаа. 

Өмнөговь аймаг уул уурхай түшиглэн өөрийгөө санхүүжүүлэгч хэдий ч жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамлын тариалалтын талбайгаа 70-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн түүнчлэн эрүүл хүнс үйлдвэрлэлд малчдын зөв хандлага чухал байгааг ч тэд онцолсон юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын халдварт өвчингүй тайван бүс нутаг болж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх ажээ.