“Watchdog Community” хөтөлбөрийн гишүүд хэлэлцүүлэг өрнүүлжээ
Т.АНУ
өгжлийн бэрхшээлтэй хүмүүс чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшиж чадахгүй байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал. Тэдний нийгэмд оролцох боломж хязгаарлагдмал байсаар... Үүнийг боловсролын салбар дахь тэгш бус байдал, сургалтын чанар, хөтөлбөр, орчин болон ажлын байрны тохируулга зэрэгтэй холбоотой хэмээдэг. Гэхдээ эдгээр нь хууль, бодлого, журамтай холбоотойг мэдэхгүй хүн ч бий, мэдсэн ч хаана хандаж хэрхэн нөлөөлөх арга замаа мэддэггүй нь бий. Тиймээс “Watchdog Community” хөтөлбөр нь залуучууд, эмэгтэйчүүд, сонирхлын бүлгүүдийн дуу хоолой, оролцоог бодлого, хууль боловсруулах түвшинд гаргахад дэмжлэг үзүүлэх, сонирхлын бүлгүүд болон хууль тогтоогч, шийдвэр гаргагчдыг холбосон сувгийг хөгжүүлэх зорилготойгоор эхлүүлжээ.
“Watchdog Community” хөтөлбөрийн багт 24 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцон хамтран ажиллаж буй. Хуульч, өмгөөлөгч, судлаач, залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИК+, байгаль орчны хамгаалагч, хүний эрхийг хамгаалагчид дээрх багт багтжээ. Тэд хүмүүсийн амьдралд хамааралтай асуудал, бодлого, шийдвэрт нэгдэж дуу хоолой, байр сууриа илэрхийлж байна.
Тус хөтөлбөрийн гишүүд олон талт төлөөллийн оролцоотойгоор Боловсролын багц хуулийн төсөл, Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа өгөх, хуулийн төсөлтэй холбоотой дагалдах бусад мэдээллүүд хууль санаачлагч байгууллагуудын цахим хаягт байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг аж. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж буй ИНБ-ууд уг хуулийн төсөл дэх зургаадугаар бүлэг буюу хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах зохицуулалтын талаар судлан хуулийн төсөлд санал боловсруулж хууль санаачлагч яаманд хоёр удаа албан бичгээр хүргүүлэхийн зэрэгцээ цахим хэлбэрээр саналаа өгчээ.
ээрх хөтөлбөрийн багийнхан өнөөдөр “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ба иргэний нийгмийн байгууллагуудын санал” олон талт цахим хэлэлцүүлэгт оролцон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх олон нийтийн оролцоог хэрхэн ханган хэрэгжүүлэх зохицуулалтын талаар боловсруулсан саналаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Watchdog Community” хөтөлбөрийн гишүүд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд санал хүргүүлэх, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Ажлын хэсэгт төлөөллийг оролцуулах санал хүргүүлэх, Нээлттэй сонсголыг зохион байгуулах санал хүргүүлэх, Цахим хэлбэрээр санал хүргүүлэх аян зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Дашрамд дурдахад, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Watchdog Community хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус сүлжээ нь хүний эрхийг хангах, жендэрийн шударга ёс, ардчиллын хэм хэмжээг төлөвшүүлэх зорилготой, 20 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, нам бус, ашгийн бус, төрийн бус байгууллага аж.