Орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн компанид татварын дэмжлэг үзүүлнэ
Т.АНУ
асгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосон юм.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгож, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгасан юм.
асгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллаж буй аж. Түүнчлэн орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх. Мөн орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэхээр төлөвлөсөн тухайгаа өргөтгөсөн хуралдааны үеэр ярьж байв. Түүнээс гадна нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Одоогоор Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Харин бусад аймгууд улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах ажээ.