Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
“Талын морьтон дайчид” үзэсгэлэн олны хүртээл боллоо
Сонин содон 

“Талын морьтон дайчид” үзэсгэлэн олны хүртээл боллоо

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
209
0

Т.АНУ

Монгол бахархлын өдөр, эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтран “Талын морьтон дайчид” үзэсгэлэнг энэ сарын 22-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарыг дуустал зохион байгуулж буй. 

Үзэсгэлэнд зочилсноор Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон морьт цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэлийн нөөц болох зэр зэвсгийн түүхэн хөгжлийг илтгэх  үзмэрүүдийг үзнэ. Түүнчлэн монголчуудын аж ахуй соёл, морины тоног хэрэгсэл, орчин үеийн дижитал үзүүлэнг ч мөн сонирхож болох аж. 

Музейн гол танхимд 13-14 дүгээр зууны эзэн Чингис хааны морьтон цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэл нөөц болох нум, сум, ховд буюу саадагтай зэв сум, арьс шир, төмөрлөгөөр үйлдсэн хатуу, зөөлөн хуяг, дуулга, илд, сэлэм зэрэг олдворууд бий. Мөн морины тоног хэрэгсэл болох эмээл, дөрөө, чөдөр, ногт, хазаар, амгай, бугуйл зэрэг 150 гаруй биет үзмэр, эд өлгийг бүрэн эхээр нь дэлгэн үзүүлж буйгаараа энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог хэмээн тус музейн Музей судлалын эрдэм шинжилгээний сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэг тайлбарлалаа. Тэрбээр “ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын эзэнт гүрний үе буюу 13-14 зууны үед хамаарах цэрэг эрсийн агсамж хэрэглэлтэй холбогдох 32 олдворыг анх удаа дэглэн үзүүлж байна” гэсэн юм. 

Түүнчлэн арьсан урлалын зураач Т.Баттулгын бүтээл болох дөрвөн их хаадын хөрөг болон авдар, ширээ сандлыг  үзэсгэлэнгийн гол гэрт байрлуулан Чингис хааны эш хөргийг музейн хойморт залжээ. Энэ үзэсгэлэнгээр үзүүлж буй түүхийн талаарх мэдээллийг үзэгчид гар утсаараа QR код уншуулж мэдээлэл авах боломжтой бөгөөд VR дижитал технологийн төхөөрөмжөөр бодит мэдрэмжийг мэдрэх боломжтойгоор дэглэсэн байна. 

Үзэсгэлэн нээлтээ хийсэн өдрөөс хойш өдөрт 400 гаруй бага насны хүүхэд, залуус үзэж сонирхжээ.