Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Д.Үүрийнтуяа: Дундговьчууд байгалиас өгөгдсөн дуулах авьяастай хүмүүс
Сонин содон 

Д.Үүрийнтуяа: Дундговьчууд байгалиас өгөгдсөн дуулах авьяастай хүмүүс

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
226
0

Ч.АРИУН

“Шуранхай” хамтлагаас гараагаа эхэлсэн уртын дуучин Д.Үүрийнтуяа уран бүтээлээ хийхийн зэрэгцээ мэргэжлээрээ  багшилж  байна. Урлаг соёлоор дамжуулан үндэсний өв уламжлал, зан заншил, монгол соёлоо  сурталчилж яваа түүнтэй ярилцлаа. 

-Дуулахаас гадна багшилж байгаа гэж сонслоо. Энэ хүртэл уран бүтээлийн замыг эргэн харвал дуучин Үүрийнтуяа хэн  өнөөдөр хэн болсон бэ?

-Би уртын дуучны мэргэжлийг эзэмшээд арав гаруй жил болж байна. Эхлэл нь яах аргагүй “Шуранхай” хамтлаг юм. Том зорилго өмнөө тавьсан гэнэн  томоогүй атлаа маш ихийг хүсч мөрөөдөж, хийж бүтээхээр тэмүүлсэн гурван бүсгүй анх хамтлаг байгуулж,  уртын дуугаа орчин цагийн хөгжимтэй хослуулан дуулж байлаа. Бид  Монголд анх удаа уртын дууг  хоолой салгаж дуулсан. Үүнээс хойш ч гэсэн зорилгоосоо ухраагүй. Монгол ардын дууг  олон нийт сонсоод өнгөрдөг   бус  хэрэглэдэг, дуулдаг байгаасай гэж зорьсон минь талаар өнгөрөөгүй. Өнөөдөр эргээд харахад залуус ардын урлаг, урт, богино дууг ихээхэн сонирхдог болсон. Ардын урлагийн хамтлагууд ч олноороо байгуулагдаж уран бүтээл хийж байна. Гадаад, дотоодод аялан тоглож байна. Бид “Шуранхай” хамтлагаа анх байгуулахад  орчин үеийн хөгжимтэй дуулж ардын дууг эвдэж байна гэж хэлэх хүн гарч байсан. Гэвч бид уртын дууны хөг аялгуу,  уламжлалт дэг жаягыг нь  эвдэлгүй хэвээр баримтлах  зарчмыг хатуу барьсан.  Харин хөгжмийн найруулгад шинэчлэл хийсэн нь тухайн цаг үедээ тэсрэлт болж олон хүнд хүрсэн. Олон хүүхэд, залуусыг ардын урлаг, уртын дуугаа сонирхоход хөтөлсөн. Сүүлийн үед би уран бүтээл хийхийн зэрэгцээ уртын дуучин бэлтгэдэг мэргэжлийн  сургуульд багшилж байна. Уртын дуучин болохоор орж ирж байгаа  шавь нараасаа асуухад” Н.Норовбанзад багшийг мэднэ, “Шуранхай” хамтлагийг мэднэ, таны дуулахыг сонсдог” гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гэдэг агуу дуучин бол Монголын үе үеийн дуучдын их багш, миний , бидний бүгдийн багш. Зарим нь тэр хүнийг амьд сэрүүн байхад шавь орсон байхад  хожмын  үеийнхэн дуулж үлдээсэн бичлэгийг  нь сонсч тасралтгүй суралцсаар  байна. Хамтлаг маань тарсан ч хүүхэд, залуус өнөөдөр ч “Шуранхай” хамтлагийг, бүтээлүүдийг нь мартаагүй, та гурвын дуулахыг сонсоод ардын дуугаа сонирхож, дурлаж, сонсдог болсон гэж ярьж байгаагаас бид зорилгоо биелүүлжээ гэж боддог. 

-Сүүлийн үед үндэсний хөгжимтэй дуулах болсноор ямар өөрчлөлт гарав? 

-Одоо бид нас 30 гарч байна. Уртын дуугаа орчин үеийн хөгжимтэй, бөмбөртэй, хөнгөн аяар  дуулах нь багассан. Тухайн үед залуу ч байж бөмбөртэй хөнгөн аяар  дуулах нь  гоё санагддаг, хүмүүс ч сонсох дуртай байлаа. Одоо  дууны сонголт, сонгосон хөгжим нь ч өөр болсон. Сонсогч, үзэгчдийн урлагт хандах  хандлага, урлагийн боловсрол ч  өөрчлөгдсөн.  Иймд бид эргээд натурлаг хэв маяг руу орсон. Дан морин хууртай,  ингэхдээ ширэн цартай хууртай,  лимбэтэй дуулах юм сан. Уламжлалт хэв маягаар дууныхаа  манерыг гаргах сан гэсэн үзэл бодол давамгайлах болсон. Гэхдээ орчин үеийн хэв маягийг хослуулж явах  нь  хэзээ ч надаас салахгүй. 

-Дуулах авьяасыг хэнээс өвлөв? 

-Би боржигон нутгийн цөм болсон Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж өссөн. Манай өвөө Дамчаа гэж ус нутагтаа алдартай дуучин хүн байсан, хаана том найр хурим болно уригдаж залагдаж дуулна. Намайг жаахан байхад “Энэ ер нь амьсгаа их урттай хүүхэд юм. Ирээдүйд дуучин болбол болмоор шиг” гэдэг байлаа. Тухайн үед би өөрийгөө дуучин болно гэж бодож байсангүй. “Амьсгаа  урт авалттай” гэж дуг хэлээд байгааг ч сайн мэдэхгүй.  Хүмүүс “Дамчаа гуайн  зээ охиноор дуулуулна, найрандаа урьж аваачина, хөөрхөн дуулдаг юм” гэхэд нь дурамжхан, яасан ядаргаатай юм бэ гэх маягтай  үеийнхэнтэйгээ тоглох гээд яардаг байсан. Одоо бодоход надад багаас дуулах авьяас, нэг тийм төрмөл зүйл, өгөгдөл мэдрэгдэж байсан юм болов уу. Манай Дундговийнхон ихэнх нь байгалиасаа заяасан өгөгдөлтэй, захын айлд ороод айраг уугаад суухад дуу хуур аяндаа  хөгжиж,  дууны дугараа эхэлж байдаг. Уртын дууны багш болсноор энд тэндээс ирж байгаа хүүхдүүдийн дуулахыг их сонсч байна. Нутаг нутгийн  онцлогоос гадна хоолойных нь өнгө өвөрмөц болох нь  анзаарагддаг юм байна. 

-Та  уртын дууг ямар аялгуугаар дуулж байна? 

-Би СУИС-д анх ороод л төв халх аялгуугаар дуулж сурсан. Боржигон аялгууны цохилго, шигшлэг гээд дуулах урыг   өвөөгийнхөө  дуулж байснаар сэтгэлдээ хоногшуулж авч үлдсэн. 

-Урын сандаа хэчнээн дуутай  вэ? 

-Миний урын санд 100 гаруй ардын дуу  бий. Тэр дотор уртын дуу 40-50 орчим. 

-Уртын дуучдад үгүйлэгдэж байгаа зүйл юу байна? 

-Монголчууд уртын дуугаа найрнаас найрны хооронд сурдаг байсан гэж түүх сурвалжид бичсэн байдаг. Тэр найранд тэр маань тэгж дуулж байсан, энэ найранд ингэж дуулж байсан. Ийм үгийг оруулж байсан гэхчлэн бидний ахуйгаас өвлөгддөг байж л дээ. Одоо шууд “Энэ дууг ингэж дуулаарай, төдөн бадаг байдаг юм” гэж тулгах маягтай, уламжлал, шинэчлэл, дэг жаяг нь орхигдож байгаа тал бий. Дээрээс нь төрийн зүгээс үндэсний өв соёлдоо хандах бодлого дутмаг байна.

“Талын морьтон дайчид” үзэсгэлэн олны хүртээл боллоо
Эгэлгүй төрсөн Надя
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration