Энэ засгийн “зовлон” жинхнээсээ эхлэв үү?
Ч.Ганга
УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгт орооцолдсон, эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн төлөөлөл байна гэж монголчууд сүүлийн 10 гаруй жил ярьсан. Тэгсэн атал 10 гаруй жил тэднийг сонгож ирсэн. Тэгвэл одоогоос бараг хоёр сарын өмнө “УИХ нь өөрөө олигахиудын гарт орчихсон төр хөдлөхөд их хэцүү байдаг юм байна. Энэ бол Засгийн газрын хувьд зовлон. Ийм байдалтай ажиллахад засагт маш хэцүү” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэвлэлд ярьсан байдаг.
Өнөөдөр иргэд төв талбайд жагсаж, нүүрсний хулгайн гэмт хэргийн асуудал УИХ, Засгийн газрын түвшинд ид яригдаж байна. Засгийн газар авлигатай тэмцэнэ, “Нүүрсний хулгай”-г илрүүлнэ гэж байгаа. УИХ-ын гишүүдийн тал нь “Нүүрсний хулгай”-тай холбоотой хүмүүс байх жишээтэй. Тэр бүү хэл, УИХ-ын 20 гаруй гишүүн нь “давхар дээл” өмсөөд Засгийн газарт сайд хэмээн сууж байгаа. Энэ тохиолдолд засаг хулгайчтай тэмцэж чадах уу. “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах”, хулгайч хулгайчаа барьдаггүй гэгч болоод өнгөрөх магадлал өндөр юм. Тиймээс Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн засгийн зовлон одоо л жинхнээсээ эхэлж байна уу даа гэмээр байна.
Түүний хувьд Монгол Улс социалист системээс ардчилсан тогтолцоо руу шилжилт хийсэн 1990-ээд оны хүндхэн үед Засгийн газрыг тэргүүлж байсны хувьд үе үеийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч чадах эксперт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүний хэлсэн Засгийн газрын талаарх онцлох эшлэлүүдийг хүргэе.
1. Засгийн газрын үйл ажиллагаа ямар үр дагавартай байх нь юуны өмнө танхимаа хэрхэн бүрдүүлж вэ, хэн тэр Засгийн газрын нэрээр ажиллаж байна вэ гэдгээс ихээхэн хамаарна.
2. Одоогийн засаг 22 сайдтай боллоо. Миний бодоход, төрийн сайд хүн тухайн салбараа мэддэг байх учиртай. Хааш нь жолоодох вэ, хүчин чадал, нөөц бололцоо нь ямар вэ гэдгийг мэддэг хүн сайд байвал салбарыг удирдаж чадна. Огт мэдэхгүй хүн тэнд очоод сайд болно гэдэг сонин шүү дээ.
3. Одоогийн хүчин чадал, нөхцөл байдлыг харахад хэн дуртай нь давхиж очоод сайд болчихдог. Тэгээд янз бүрийн үр дагавартай үлдэж байна. Тэр дунд улс эх орноо худалдаад алга болж байгаа хүн ч байна. Салбараа нураачихаад явж байгаа нь ч байна. Ажил нь нурчихсан хүмүүс ч байна. Нэр томъёо ч үгүй улс байна.
4. Төрийн ажлыг явуулахад Монголын одоогийн төр нэгдүгээрт, саад бус сайдыг томилдог байх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, тарга биш даргыг томилдог байх хэрэгтэй. Гуравдугаарт, шүүгчдийг томилохдоо анхаарах хэрэгтэй. Ингэвэл ажил нь урагшаа явна.
5. УИХ нь өөрөө олигархиудын гарт орчихсон төр хөдлөхөд их хэцүү байдаг юм байна. Энэ бол Засгийн газрын хувьд зовлон.