Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
М.Наранчимэг: “Монголын нууц товчоо”-ны үг бүрийг судалж тайлж болно
Урилгатай зочин 

М.Наранчимэг: “Монголын нууц товчоо”-ны үг бүрийг судалж тайлж болно

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
199
0

Ч.ҮЛ-ОЛДОХ 

Монголын Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүл зүйн багш доктор, профессор Мөнхөөгийн Наранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал болох нь сэдвээр сэтгүүлзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан отгон эрдэмтэн юм.

-“Монголын нууц товчоо”-г сэтгүүлзүйн судлагдахуун болгож задлан шинжилсэнд  мэргэжил нэгт  сэтгүүлч хүний хувьд танд их  баярлаж  явдаг юм. Энэ сэдвээр асуудал дэвшүүлсэн сэтгүүлч цөөнгүй. Таны судалгаа юугаараа онцлог вэ? 

-Баярлалаа. Манай сэтгүүлзүйн салбарын судлагдахуун өргөжин хөгжиж байна. Энэ салбарт “Монголын нууц товчоо”-г оруулж ирсэндээ би ч бас  баяртай байгаа. «Монголын нууц товчоо» өөртөө улс төр, удирдахуйн ухаан, дипломат харилцаа, цэрэг дайн, эдийн засаг, аж ахуй, худалдаа, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг гээд асар их мэдээ, мэдээллийг багтаасан учраас олон салбарын эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээнийх нь судлагдахуун болсоор даруй 150 гаруй жилийг өнгөрүүлжээ. 

Миний хувьд “Монголын нууц товчоо”-г сэтгүүлзүйн судлагдахуун болох талаас одоогоос 7-8 жилийн өмнөөс эхлэн судалсан. Түүнээс  өмнө Монголын нэрт сэтгүүлч, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуай “Монголын нууц товчоо” тэр чигтээ өнөөгийн сэтгүүлзүйн загвар юм биш үү гэсэн санааг хэлж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт судлаач, сэтгүүлч, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Норовсүрэн, зохиолч, сэтгүүлч, сэтгүүл зүйн нэрт судлаач, шүүмлэгч доктор (Ph.D), профессор Т.Баасансүрэн гээд миний эрдэм шинжилгээний ажлыг удирдсан багш нар маань “Монголын нууц товчоо”-д сэтгүүлзүйн элементүүд байна гэдгийг өөр, өөрсдийн бүтээлд дэвшүүлэн тавьж байсан. Ялангуяа доктор Т.Баасансүрэн багш сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-г эрчимтэй судалж 2014 онд нэг сэдэвт бүтээл гаргаж,  2017 онд нэг бүлэг нэмж мөн хэвлүүлсэн байдаг юм. Түүнээс гадна «Монголын нууц товчоо»-г нийтлэлийн бүтээл болох талаас нь сэтгүүл зүй судлаач доктор Л.Ариунзаяа, Г.Өнөрбаяр болон бусад салбарын эрдэмтэн судлаачид өөр өөрийн судалгаа шинжилгээний өгүүлэл, ном бүтээлдээ тусгаж бичсэнийг би уншиж өөрийн судлагаандаа ашигласан. Олон жилийн судалгааны үндсэнд цааш дэлгэрүүлэн авч үзэх ёстой юм байна гэж үзсэн. Сэтгүүлзүйн багш нартайгаа санаа бодлоо хуваалцсан. Ингээд яг  судалгааны ажил эхлүүлэхэд тийм амархан байгаагүй. “Сэтгүүлзүйн хамгийн анхдагч нэгж болох мэдээний шалгуурыг хангаж байна уу” гэдгээс эхлэн ахиулсаар  бүхий л төрөл жанртай харьцуулан судалсан. Докторын ажлаа танилцуулахад багш нар маань  бүгд дэмжсэн. Анхны эрдэм шинжилгээний өгүүллээ бичихэд сэтгүүлзүйн зарим судлаач хүлээж авсан, “Хэтэрхий том юмаар оролдоод байгаа юм биш үү” гэж эргэлзэх, тээнэгэлзэх хүн ч байсан. Мөн намайг энэ сэдвээр судалгаа хийх мөн үү, биш үү гэх нь ч байсан. Ямартай ч өөртөө итгэл төрсөн учраас 2013 оноос эхлэн судалгаа хийж явсаар 2019 онд “Монголын нууц товчоо нийтлэлийн дурсгал болох нь” сэдвээр (Ph.D) эрдмийн зэрэг хамгаалсан. 

-Нийтлэлийн дурсгал болохыг  баталсан  бичлэгийн арга хэлбэрээс юу нь анхаарал татав? 

-Орчин үеийн сэтгүүлзүйн мэдээний жанр ямар байх ёстой вэ гэдгийг “Юу болсон бэ,  хэзээ, хаана, хэн оролцсон бэ,  энэ яаж болсон бэ, яагаад ийм болсон бэ” гэх асуултуудад хариулагдах “5W1H” шалгуураар тодорхойлдог. Тэгвэл  өнөөгийн сэтгүүлзүйн жанрууд болох мэдээ, ярилцлагаас эхлээд тэмдэглэл, тойм, тайлан, захидал гээд энэ бүхэн  “Монголын нууц товчоо”-д  бий. “Монголын нууц товчоо” 282 зүйлтэй. Нэг үгээр хэлбэл, түүний 171 зүйлд нь өнөөгийн сэтгүүлзүйн жанрууд байна гэж үзэж, үүнийг би хүснэгтээр гаргасан. Жишээ нь, түрүүнд дурдсанчлан  мэдээ гэхэд л ийм шаардлагуудыг хангасан байна. Энд ярилцлага, мэдээ холилдож орсон бичвэр байна. Тэнд нь тэмдэглэл, ярилцлага холилдож орсон. Энэ хэсэгт  цэвэр  ярилцлага  байна, тэмдэглэл байна гэх мэтээр зүйл бүрээр нь ангилж авч  үзсэн. Тухайлбал, «Монголын нууц товчоо»-ны 269 дүгээр зүйл нь Эзэн Чингис хааны захиасаар Өгэдэйг Их Монгол Улсыг захирах хаанаар өргөмжилсөн тухай улс төрийн онцгой үйл явдлыг товч тодорхой мэдээлсэн явдал юм. Дээрх өгүүлэмж орчин үеийн мэдээнд тавигддаг үндсэн шаардлагад бүрэн хариулт өгч чадаж байгаа тул улс төрийн мэдээ хэмээн тодорхойлсон гэх мэт «Монголын нууц товчоо»-нд орчин үеийн сэтгүүл зүйн мэдээний төрөлд багтаан авч үзэж болох жишээ олон арваар бий. Энэ мэдээ гэхэд “5W1H” мэдээний шалгуурт яв цав тэнцэж байгаа юм.

Хэзээ: Хулгана жил (1228)

Хаана: Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д

Юу болов: Өгэдэйг хаан өргөмжлөв.

Хэн: Цагадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд,  Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түмний ноёд, мянганы ноёд бүгдээр

Яагаад: Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор

Яаж: Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв гэсэн байна.

“Монголын нууц товчоо”-нд баатарлаг туульс, хууч яриа, билиг сургаал, зүйр цэцэн үг болон дуун бариулах ёс, анд барилцах ёс зэрэг аман болон бичгийн зохиолын шинж чанар хийгээд орчин үеийн нийтлэлийн төрөл зүйл мэдээ, ярилцлага, тэмдэглэл өгүүлэл, тайлан зэрэг бичлэгийн зүйл өнөөгийн  дүр төрхөөр байгааг дээрх жишээ баталж байгаа юм. Тиймээс энэхүү алдарт дурсгал нь орчин үеийн сэтгүүл зүйн туурвилын цогц найрал болсон бүтээл мөн хэмээн дүгнэлт хийхэд хүргэсэн.

-Таны судалгаанаас “Тухайн үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээллийг тусгасан нийтлэл” гэж тодорхойлсон нь ихээхэн  сонирхолтой юм?

-“Монголын нууц товчоо”-д тухайн үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л асуудлыг тусгасан байдаг. Энэ бол манай өнөөгийн Монголын сэтгүүлзүйн өдөр тутам мэдээлж буй мэдээлэл шүү дээ. Үүгээрээ “Сэтгүүлзүй бол нийгмийн толь” гэдэгтэй  дүйж байгаа юм. Аж ахуйн талаар  Өэлүн ижий хүүхдүүдээ тэжээхийн тулд уулнаас гогод мангир түүж, хүүхдүүд нь  загас жараахай гогдож дэгээдэж эхийгээ тэжээлээ гэх мэт үйл явдлыг дүрслэн мэдээлсэн мэдээ байдаг. Үүнээс үзэхэд, тэр үеийн хүмүүс юу идэж, ууж, юугаар амьдралаа болгож хоол хүнсэндээ ямар төрлийн хүнс ногоо хэрэглэж байсан тухай танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг авах боломжтой. Юу эдэлж хэрэглэж байсан тухай ч бий. Айраг, цэгээ исгэж,  ноос савж эдлэл хэрэглэл хийж байсан гээд бүгдийг өгүүлсэн. Монгол дахь нүүдэлчдийн соёл иргэншлийн үүсэл, уламжлал залгамжлал түүхийн урт хугацаанд түүний гүйцэтгэж ирсэн нийгэм-эдийн засгийн, улс төрийн үүрэг, хөгжлийн зүй тогтол, мөн чанарыг задлан шинжлэж ойлгоход «Монголын нууц товчоо» чухал хэрэглэгдэхүүн болдог. 

Учир нь Их Монгол Улсын үед эдийн засаг, аж ахуйн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байсан баялаг баримт мэдээллийг «Монголын нууц товчоо» бидэнд өгч байна. XXI зууны Монгол Улсын төрийн тогтолцоонд Их Монгол Улсын төрийг удирдах бодлогын менежментийг бүтээлчээр ашиглах, эзэн Чингис хааны өв их ухааны бэлэн загварыг өвлөн Чингис хааны улс төр, эдийн засаг, гадаад бодлогодоо баримталж ирсэн үзэл номлолыг зарим талаар өнөөгийн улс төрчид харгалзан үзэх, судлах хэрэгтэй гэж боддог хүний нэг юм би.

Хүн төрөлхтний түүхэнд Ази Европыг дамнасан  хүчирхэг том эзэнт гүрэн байгуулсан XIII зууны үеийн түүхт үйл явдал, урьд хожид хэзээ ч байгаагүй 150 жилийн түүхтэй энх амгаланг тогтоож, худалдаа арилжаа, шашин соёлын харилцааг хөгжүүлж чадсан түүх бол монголчуудын зүрх сэтгэлд үндэсний мөнхийн бахархал, хүн төрөлхтний хувьд аугаа их түүхэн сургамжийг үлдээсэн. 

Нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн нийгмийн харилцааны хөгжил нь өвөрмөц соёл, боловсролыг буй болгосон юм. Тэдгээр нь нүүдэлчдийн ахуйн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, эдлэх, хэрэглэхэд ачиж буулгахад тохиромжтой сууц (гэр), морь унааны хэрэгсэл, аян замд авч явахад тохиромжтой хоол хүнс, гэр сууц, бат бөх арьс шир, шавар, мод, чулуу, төмөрлөг сав суулга, тэрэг, чарга зэрэг өдөр тутмын амьдрал ахуйд шаардлагатай эд эдлэл, хувцас хунар, унаа хөсөг, нүүдлийн иргэншилд тохирсон ажил алба, нүүдлийн соёл түүний хөгжлийн явцад бий болсон байна. Энэ тухай өгүүлсэн баримт жишээ «Монголын нууц товчоо»-д цөөнгүй.

Эдийн засгийн асуудлыг хөндсөн Чингис хааны зарлиг, тушаалууд байна. Жишээ татвал, Чингис хаан соёрхож зарлиг болруун: «Хуилдарын зүтгэсний тул түүний ургийн ураг хүртэл өнчдийг тэтгэх хишгээс хүртэж яв» гэж зарлиг буулгасан тухай тэмдэглэл бий.

Түүн дээр айл бүрээс ийм  хэмжээний татвар татаас авья. Ядарсан зүдэрсэн иргэд, эцэг эх нь нас барсан өнчин ядуу хүүхдүүдэд улсын сангаас жил бүр ийм хэмжээний тэтгэмж олгоё. Улс орныхоо төлөө явж байгаад амь эрсэдсэн бол ар гэрт нь ийм тэтгэлэг олгоно гэхчлэн  тодорхой дурдсан байдаг. Энэ бүхэнд тулгуурлан  нийгэм, улс төрийн байдал, дотоод гадаад зөрчил тэмцэл, дайн байлдааныг зүйл бүрээр ангилан  авч үзвэл энэ нь улс төрийн,  тэр нь   аж ахуйн чиглэлийн, нийгэмд хандсан мэдээ гэдгийг тогтоож болно. Энэ мэт нууц товчооны гайхамшигт нэвтрэн уудлан судлан шинжилж тухайн цаг үеийнхээ нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээллийг тусгасан бодит үйл явдлын түүхэн бүтээл болохыг олон талаас батлан нотолж  судалгааны энэхүү ажлаа хийсэн. Уг сурвалж бичиг бол тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн үйл явдал, ард түмний ахуй байдал, ёс заншлыг өргөн хүрээнд тусгасан нь бүхэлдээ нийтлэлийн агуулгатай гэж болно.

Хариуцлагын талаар, хулгай хийсэн иргэнийг, эзэн ноёноосоо урвасан, хууль цааз зөрчсөн бол гэхчлэн тус бүрд нь  шийтгэл, ял зэм оногдуулж байсан зэргээс үзэхэд хууль эрхзүйн мэдээллүүд, тодруулбал өнөөдөр манай сэтгүүлчдийн “Шүүхийн танхимаас”, “Хуулийн цаг” гэхчлэн мэдээлдэг төрөл, жанрууд  бүгд тэнд байна. Энэ бүхнийг цааш гүнзгийрүүлээд үзэх юм бол улстөрийн менежмент, эдийн засгийн менежмент гээд ярьж болно. Тэр бүү хэл, улс төр, нийгмийн асуудлыг ямар төрөл жанраар яаж, хэрхэн бичиж, хүмүүст хүргэх вэ гэдэг сонирхолтой асуудлууд ч байна. Ярилцлага гэхэд өнөөдрийн сэтгүүл зүйн ярилцлагын төрөл шинж чанарыг бүрэн хадгалсан гэж хэлж болно. Сонирхоод үзвэл, өнөөгийн шуудан харилцаа, харилцаа холбооны асуудлууд ч тэнд  байгаа. Тухайлбал, мэдээ мэдээллийн түгээлтийн тэр үеийн  хэлбэр нь  морин өртөөгөөр зар мэдээг хүргэдэг. Мэдээч нар гэж тусгай элч нар байсан байгаа юм. 

Өнөөгийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх тушаал шийдвэрийг сэтгүүлчид олон түмэнд мэдээлдэг үйл ажиллагаатай адил бодит жишээ, баримт нууц товчоонд цөөнгүй. Чингис хааны зарлиг, шадар хишигтэн цэргийг байгуулсан болон газар орны хил хязгаарыг тогтоон, хан хөвүүд болон Их Монгол Улсыг байгуулахад онцгой гавъяа байгуулсан шадар туслах нартаа олгосон цол хэргэм, албан тушаал, томилгоо зэргийн талаар дурдан бичжээ.  «Монголын нууц товчоо» нь тухайн цаг үеийн нийгмийн байдлын бодит үйл явдлыг тусгасан байдлаараа, албат ардуудынхаа ажил үүргийн хуваарийг тодорхой зааж, үнэнчээр биелүүлэхийг тушааж, зарлиг буулгасан тухай мэдээллийг бичсэн арга хэлбэр, мэдээллийг боловсруулан буулгасан бичлэгийн хэв маяг нь  орчин үеийн сэтгүүл зүйн нийтлэлтэй адил төстэй шинж илэрхий байна гэж үзэх үндэслэлтэй.

Чингис хааны зарлигаар төрийн алба хаших албат иргэдийг томилж, албан тушаалын эрх мэдэл, эрх мэдлийн хүрээнд хаших ажил үүргийг тодорхой заасан тухай «Монголын нууц товчоо»-ны 192-р зүйлд: Хорчин буюу нум сум агсагчид, торгууд, хишигтэн, буурч, тогооч, хаалгач, агтач нар өдөр бүр ээлжлэн сэргийлэх, хамгаалах үүрэг гүйцэтгэж, уг үүргээ нар шингэхийн урьд хэвтүүлийн хүмүүст шилжүүлж, өөрсдөө агтанд гарч хонотугай! хэмээгээд хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай. Хорчин торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтугай гэх мэтээр эрхлэх алба ажил үүргийг тов тодорхой зааж өгч байсан.

Тухайлбал Архай Хасар жирийн цэргийн ахлагчийн үүрэг хүлээж, байлдааны үед дайнд оройлон байлдах үүрэг хүлээж байсан бол нум сум агсагчид, хаалгач, агтач, тогооч, торгууд, хишигтэн нар өдөр бүр тус тусын үүргийг гүйцэтгэж, шаардлагатай үед агт манах болон бусад ажилд ч хуваарилагддаг байсан байна. 

Тэр үеийн төрийн ажил хэрэг эмх цэгцтэй, албан хаагчид нь даалгасан ажил үүргээ шаргуу үнэнчээр гүйцэтгэж байсан учраас, нэг нь нөгөөгийнхөө төлөө, нийт нь нэгийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж чаддаг байсан тул Чингис хааны төр хүчтэй байжээ гэж хэлж болох юм. Ажил үүргээ гүйцэтгэж дуусаад дараагийн хүн албаа хүлээж авсан бол ажлын байранд дэмий сэлгүүцэх, бусдын ажлын байранд орж гарах нь хатуу хориглодог байжээ. Шөнө орой хааны өргөө болон манаанд гарсан цэргүүдийн ойр орчмоор явахыг хориглож, хэрэв явж байгаад торгон цэрэгт баригдвал шийтгэл хүлээлгэх эрхийг тухайн торгон цэрэгт өгсөн тухай «Монголын нууц товчоо»-нд тодорхой тусгасан байна. 

-Мэдээ, мэдээлэл дээр нэмээд  “уран сайхан” гэдэг зүйл дурдагджээ. Энэ тухай жишээ хэлбэл сонирхолтой юм?

-Бидний өвгөд дээдэс үгийн ончийг олж хэлэхдээ гаргуун, монгол хэл бичгийн, найруулга зүйн   гайхалтай авьяастай хүмүүс байжээ. Найман зууны тэртээд “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэдгийг хэрэгжүүлсэн ард түмэн байж. Ончтой цөөн үгээр энэ бүхнийгээ сургасан нь ч бий. Жишээ нь, үр хүүхдээ зэмлэхдээ  ч, Чингис хаан өөрийн шадар туслахуудад хэлэхдээ ч дандаа “Өвгөдийн үгийг өв болгож, мэргэдийн ухааныг эш болгож”  гэж сургаж, зэмлэдэг байсан байгаа юм. Хууль, цаазаа танилцуулахдаа, зарлиг тосуулахдаа “Чамд ийм хууль цааз оногдуулж байна” гэсэн хуурай үгээр бус хүмүүсийн ой ухаан, оюун санаанд хандсан  ойр дөт үгээр,  ард түмний  хэдэн үеэр хэлэлцээд шижир мэт тунгаагдаж,  сэтгэлд нь хоногшсон  зүйр цэцэн болон хэлц үгээр уран сайхнаар хэлдэг байж. “Монголын нууц товчоо”-ны хэллэг нь сургамжлах, хүнд хүргэх санаагаа ил тод, уран гоёмсог байдлаар өгүүлдэг нь аж байдлын цэцэн цэлмэг үгийн өвөрмөц онцлог бөгөөд ард түмний өдөр тутмын олон талт үйл амьдралыг илүүтэй онч мэргэн адилтгал зүйрлэлээр тусган харуулсан.

Жишээлбэл, «Монголын нууц товчоо»-ны 192 дугаар зүйлийг доктор Г.Өнөрбаяр Таян ханыг жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй эм Таян гэж бичсэн нь түүний сул дорой байдлыг дүрсэлж хэлсэн өнгөцхөн харваас аж байдлын цэцэн үг хэмээн хамаатуулж ойлгож болох боловч агуулга талаас нь тунгааж үзвэл гүн ухааны утга агуулга талаас нь харвал “юм үзэж нүд тайлаагүй” хэмээсэн гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлсэн. Энэ мэт уран сайхны өнгө аястай, гүн гүнзгий утга агуулгатай ой ухаан, ахуй байдалтай нь ойр дөт зүйр цэцэн үг, адилтгал зүйрлэлийг хослуулан нийгмийн оюун санаанд гүн бат суулгаж, уран нийтлэлийн аргаар бичигдсэн жишээ “Монголын нууц товчоо”-д олон бий. Тэгэхээр “Монголын нууц товчоо” бол тэр чигээрээ онч мэргэн үг, онож хэлсэн сургааль номлол гэж хэлж бас болно.Тэгэхээр манай сэтгүүлчид, үгийн урлагийнхан, үгээр шатар нүүх мэт өдөр болгон мэдээ, нийтлэлээ бичиж байдаг та бүхэн маань “Монголын нууц товчоо” руу гүнзгий нэвтэрч судлах юм бол үг бүрийнх нь утгыг тайлахаар юм билээ. Энэ мэтчилэн “Монголын нууц товчоо”-г нийтлэлийн дурсгал болох нь гэж авч үзэхэд олон үндэслэлүүд байна. Шинжлэх ухааны талаас хүн судлал, сэтгүүлзүйн талаас  баримтат нийтлэлийн элементүүд бас бий. Ер нь судлаад байвал “Монголын нууц товчоо” дуусашгүй, дундрашгүй арвин өв, олон талт судлагдахуун.  

-Тухайлбал? 

-Дэлхийд түгсэн мэдээллийг ч авч үзвэл, “Монголын нууц товчоо”-д Эзэн Чингис хаан зөвхөн Монголыг бус дэлхийг төвшитгөсөн удирдагч болохыг дурдсан. Тэгвэл үүнийг хойч үеийнхэн   “Мянганы суут хүн”-ээр онцолсон үйл явдлаас  дүгнэж  болно. Нөгөө талаас, Монголын  үе үеийн Ерөнхийлөгч нар Их Монгол Улс байгуулсан түүхт  ой болгоноор онцлон тэмдэглэж, түүнийгээ  бататгаж байснаас харж болох юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч «Монголын нууц товчоо» зохиолыг бүх шатны боловсролын байгууллага, эрдэмтэн судлаачид шат шатандаа судлах, айл өрх бүр дээдлэн хүндэлж хоймортоо залах зарлиг гаргаж байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  Их Монгол Улсын 800 жилийн ойгоор “Их Монгол Улс” гэсэн  ном гаргасан байдаг. Энэ ном яаж бүтсэн бэ гэвэл, тухайн үед дэлхийг байлдан  дагуулж, тусгаар тогтнолыг нь төвхнүүлж  байсан улс орон бүрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Чингис хааны тухай юу гэж боддог вэ. Чингис хаан тухайн үед танай улсын нутаг дэвсгэрт  ямар гавьяа байгуулсан бэ. Ямар сайн үйл, ямар муу үйл хийсэн бэ гэдгийг тухайн улс орнуудын Ерөнхийлөгч нараар тодорхойлуулсан байгаа юм. Тэгэхэд тэр улс орны Төрийн тэргүүнүүд Чингис хааныг гайхалтай удирдагч байсан, гарамгай  улстөрч байсан, гайхамшигтай менежмент хийсэн, маш мэдрэмжтэй  эдийн засагч байсан гээд түүний байгуулсан гавьяаны мөрөөр манай улсад өнөөдөр зам харилцаа ийм байна, Чингис хааны байгуулсан “Торгоны зам”-ын мөрөөр манай улс өнөөдөр дэлхийн улс оронтой холбогдож байна  гэхчлэн өөр өөрийн улс орны хөгжилд Чингис хааны оруулсан хувь нэмрийг үнэлэн цэгнэж Ерөнхийлөгчид захидал ирүүлсэн байдаг. Энэ бол тухай үеийн нийгмийн түүх болж үлдсэн ч гэсэн өнөөгийн сэтгүүлзүйн  баримт, төрөл жанр юм. Тэр үед шинжлэх ухаан өндөр  түвшинд хүртэл хөгжөөгүй байсан ч гэлээ сэтгүүлзүйн эхлэл тавигдаж, мэдээ баримтыг бичиж үлдээсэн байна. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээл дор “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”  ном гаргасан. Түүндээ  “Монголын нууц товчоо”-г  судалсан монголын төдийгүй дэлхийн бүх эрдэмтдийн бүтээлийг багтаасан. Түүнээс харахад “Монголын нууц товчоо”-г бүтээсэн өв бол найман зууны тэртээх их  гүрнийг Чингис хаан тусгаар тогтнолыг нь олуулсан, дэлхий ертөнцийн, дотоод, гадаад дахь хямралыг төвшитгөн тогтоосон. ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын үнэт өв хэмээн бүртгэсэн, “Монголын нууц товчоо судлал” гэсэн монгол судлалын биеэ даасан томоохон салбар ухаан хөгжиж байна. Энэ нь нэг талаас  түүх бичлэг, нөгөө талаас дандаа баримтад тулгуурласан учраас сэтгүүлзүйн бүтээл юм. Ингэж олон талаас нягталж, судалсан учраас “Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал болох нь судалгааны  ажил маань  докторын зэрэг хамгаалах бүтээл болж чадсан. Тэр зорилгоо биелүүлж, ард нь гараад  эрдэмтэн судлаач нэрийг зүүж, өнөөдрийг хүртэл багш, сурган хүмүүжүүлэгчийн ажилд зүтгэж яваа минь өнөөдөр өөртэй чинь уулзуулж, өдөр тутмын сониноор дамжуулан олон түмэнтэйгээ учран золгож, ярилцлага өгч байгаа нь  бахархалтай сайхан  байна.

-Энэ жил Чингис хааны музейтэй болсон нь олон талын ач холбогдолтойг салбар, салбарын эрдэмтэд дүгнэж байх шиг байна. Та юу гэж үзэж байна? 

-Монгол Улс Чингис хааны музейтэй болж, Монгол бахархлын өдрөөр нээлээ. Их хааныхаа эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хоймортоо залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч хэрэгжлээ. Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулагдлаа. Чингис хаан одонг  хоёр эрдэмтэнд хүртээсний нэг нь “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч эрдэмтэн Жэк Уэтерфорд байсан зэрэг түүхэн үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Музей байгуулна гэдэг судалгаа талаас ч,  соён гэгээрүүлэхүйн талаасаа ч, нөгөөтэйгүүр эдийн засагт  аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэхчлэн олон талын ач холбогдолтой. Гэхдээ хэт  материаллаг  байдалд анхаарах бус монгол хүн бүр дотогшоо  сэрж, сэхээрч, Чингис хааныхаа үлдээсэн өв соёл, бахархлыг өндөрт өргөж, судалж шинжилж амьдрал практикт хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлж, өөрийгөө хөгжүүлж өөдөө дээшээ байгаасай. Ингэж чадвал улс орон маань жинхэнээсээ мандан бадрах болно. 

 М.Наранчимэгийн судалгааны талаарх эрдэмтдийн байр суурь  

Т.Баасансүрэн: НИЙТЛЭЛИЙН БИЧЛЭГИЙН СОНГОДОГ БИЧВЭР 171 БАЙГААГ ТОГТООЖЭЭ 

/Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор/

“Монголын нууц товчоо”-г нийтлэл зүйн талаас нь судлахыг хүссэн судлаачдын хүрээ нэмэгдэж хүрээгээ тэлсэн юм. Энэ үеэс “Монголын нууц товчоо” судлалаар сэтгүүлзүйн салбарт нэг эрдэмтэн төрүүлэх бодол тархи толгойноос салахаа больсон юм. Тэр хүн нь миний шавь М.Наранчимэг болж таарсан. Шаргуу, маш тэвчээртэй ажиллаж байгааг нь хараад баярлах сэтгэл төрдөг байлаа. Ахин дахин засч уйгагүй суусан даа. Шинэлэг санаа нэг бусыг дэвшүүлсэн. Ганцхан жишээг хэлье. 

“Монголын нууц товчоо”-нд сэтгүүлзүйн төрөл, зүйлийн шалгуурыг яв цав хангаж байгаа 54 ширхэг мэдээ, уг жанрын шинж тэмдгийг өөртөө агуулсан атлаа бусад зүйлийн элементүүдтэй холилдсон бичвэр 63 байна. Ярилцлага 22 ширхэг, уг жанрын бусад элементүүдтэй нийлж нэгдэж холилдсон бичвэр 12 ширхэг байна. Сурвалжилсан тэмдэглэл 10 ширхэг, түүнтэй холилдож нэгдсэн бичвэр 15 байна. Тэмдэглэл 69 байна, түүнээс улбаатай бусад бичлэгийн зүйлтэй сүлэлдсэн бичлэг 20 байна. Өгүүлэл 11, захидал харилцааны мэдээ тав, холилдсон нь хоёр  байна. Тайлан хэлбэрийн мэдээ бас байна гэдгийг М.Наранчимэг баталж нотолжээ. “Монголын нууц товчоо”-нд нийтдээ нийтлэлийн бичлэгийн сонгодог бичвэр 171, жанр холилдож сүлэлдсэн бичвэр 111 байна гэдгийг тогтоожээ. Нийлээд “Монголын нууц товчоо”-ны 282 зүйл болж байгаа юм. Энэ бол маргахын аргагүй том амжилт, нүсэр их хүч хөдөлмөр, олон талын судалгаа шинжилгээний нэгдсэн үр дүн мөн. 

Тэр “Монголын нууц товчоо”-г судалж шинжилсэн дотоод, гадаадын эрдэмтдийн холбогдох 255 ном зохиолыг уншиж харьцуулан судалж, нэгтгэн дүгнэж байж ийм үнэлэлт дүгнэлтэд хүрсэн байна. Түүнийхээ үр шимийг хүртэж “Монголын нууц товчоо”-гоор докторын зэрэг хүртсэн монголын анхны эрдэмтэн боллоо. Ийм хувь заяа хэр баргийн хүнд тохиохгүй ээ. Монголын сэтгүүлзүйн онол практик шинэ санаагаар баяжиж байна. 

Л.Норовсүрэн: “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” СУДЛАЛД  ШИНЭ САЛАА МӨЧИР НЭМЛЭЭ 

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

“Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал болох нь сэдвээр сэтгүүл зүйн докторын зэрэг хамгаалсан миний шавь М.Наранчимэг нь хэн хүний барьж аваад байдаггүй чухал сэдвийг сонгон авч, удирдагчдынхаа санал зөвлөгөөг тусган, арвин дэлгэр эх хэрэглэгдэхүүнийг ашиглаж үнэхээр зүтгэл чармайлт гаргаж энэ сэдвийг боловсруулсныг тэмдэглэн хэлье.

Доктор М.Наранчимэг “Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал гэж үзэхийн тулд эхлээд нийтлэлийн онол, түүнд тавигдах шаардлага, хамрах хүрээг үндэслэл сайтай тодорхойлж, тэрхүү онолын шаардлагыг “Монголын нууц товчоо”-ны өгүүлэмж хэрхэн хангаж байгааг шинжлэн судалсан. XIII зууны Монгол орны улс төр, нийгмийн амьдралын тусгал энэхүү “Монголын нууц товчоо” мөн болохыг том агуулгаар нь харж, дараа нь түүнийгээ нийгэм-улс төрийн амьдрал, улс төр засаг захиргаа, харилцаа холбоо, мэдээллийн тогтолцоо гэж авч үзэн бусад эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, нууц товчоон дахь мэдээ мэдээлэл, нийтлэл-уран сайхны бичлэгийн зүйлс гэх мэтээр задлан шинжилсэн юм. Өөрөөр хэлбэл, судалгаагаа ерөнхийгөөс тусгай руу шилжих замаар хийж, түүнээс гаргасан итгэл үнэмшлээрээ нэгдсэн дүгнэлт хийсэн нь арга зүйн хувьд зөв зүйтэй гэж үздэг.

Монгол судлалын бие даасан томоохон судлагдахуун болж, хүн төрөлхтний соёлын үнэт өв хэмээн бүртгэгдсэн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт дурсгалыг доктор М.Наранчимэг нийтлэл мөн гэж эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолын түвшинд анх удаа зориглон туурвисан, ингэснээрээ сэтгүүл зүйн судалгааны салбарт цоо шинэ зам мөр гаргасан төдийгүй “Монголын нууц товчоо” судлалд нэгэн шинэ салаа мөчир нэмсэн гэж болно. 

М.Баярсайхан: Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал алдагдаж байна
Х.Одгэрэл: Нэг ч гэсэн монгол хүний ой ухааныг сэрээхийг зорьдог
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration