Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
А.Отгонбаатар: Тусгай хэрэгцээт хүүхдийн хэрэгцээ шаардлагыг эхлээд ойлгох хэрэгтэй
Урилгатай зочин 

А.Отгонбаатар: Тусгай хэрэгцээт хүүхдийн хэрэгцээ шаардлагыг эхлээд ойлгох хэрэгтэй

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
142
0

А.СҮНЧИГМАА

Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэлзүйн байдал болон хэрэгцээ шаардлагын талаар “Хүслийн ордон” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн сэтгэл зүйч А.Отгонбаатартай ярилцлаа. 

-Танай цэцэрлэгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага нийгэм дэх тэдний сэтгэлзүйн болон материаллаг байдал хэр хэмжээнд хангагдсан бэ?

-Тусгай хэрэгцээт хүүхэд онцлог ялгаатай ч зарим хэрэгцээ нь бидэнтэй төстэй ойролцоо байдаг. Хамгийн гол нь тэдний хэрэгцээ нь юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд мөлхөх, алхах зэргээр орон зайн баримжаа буюу логик сэтгэлгээний суурийг олж авдаг. Харин хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд орон зайн баримжааг авахдаа ч саадтай тулгардаг. Жижиг юм шиг атлаа суурь чадваруудыг эзэмшүүлэхийн тулд тухайн хүүхдийг ямар үед хэрхэн дэмжих вэ гэдгийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Тиймээс бид хүүхдийн онцлогийг тодорхойлж, хүүхдийн хөгжлийн түвшнийг тодорхойлох апплейкшныг нэвтрүүлэн ажиллаж байна. Суурь сэтгэлзүйн чадамжууд, хөгжлийн сэтгэлзүйн сууриудыг таньж мэдэх, түүнд тохирсон дэмжлэгийг хүүхдэд үзүүлэхийн тулд тухайн хүүхдийн чадвар нь юуг илэрхийлэх вэ гэдгийг мэдэх ёстой. 

Жишээлбэл, аутизмтай хүүхэд бусад хүүхдийг хазаж гэмтээдэг үйлдэл юуг илэрхийлж байна вэ. Энэ үйлдлийг өнгөцхөн харвал сөрөг үйлдэл хийж байгаа учраас бэрхшээл гэж харагдаж болно. Гэтэл хөгжлийн сэтгэл зүйн талаас харвал хүүхэд өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж байгаагийн илрэл. Магадгүй битгий ойрт, надад саад болохоо боль гэх зэрэг утгыг бусдыг хазах байдлаар илэрхийлсэн байж болно. 

Нөгөөтэйгүүр хүүхдийн биологийн нас нь зургаа. Харин чадварууд нь нэг настай хүүхэдтэй ижил түвшинд байх тохиолдол бий. Тиймээс хөгжлийн насыг нь тодорхойлох нь чухал. Суурь чадвараа эзэмшээгүйгээс үүдэж дараа дараагийн эзэмших чадварууд орхигдох эрсдэлтэй. Мөн хөгжлийн насыг нь ойлгоогүйгээс хүүхдэд хэт өндөр хүлээлт тавьж хэт хүнд эсвэл хөнгөн даалгавруудыг өгснөөс хамаарч хүүхдийн хөгжил хязгаарлагдах эрсдэлийг ч мөн дагуулдаг. Ийм учир эрт илрүүлэг, эрт боловсролын үйлчилгээ гэдэг хамгийн чухал. Манай улсын хувьд хэрэгцээнд нь тохирсон илрүүлэг орхигдож байгаа. 

Оношилгоо хийдэг ч дараа нь хаана хандах вэ гэдэг асуудал бий. Жишээлбэл, боловсролын байгууллага юу байж болох вэ гэх мэт мэдээлэл, зааварчилгаа дутмаг. Зарим дүүрэг хороод оношилсны дараа халамж, группэд хэрхэн хамрагдах талаар зааварчилгаа өгөөгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээг зөв үе шаттайгаар гаргаж ирэх хэрэгтэй. 

-Тэдний хэрэгцээ шаардлагаа илэрхийлэх сэтгэлзүйн илэрхийлэмж нь яаж илэрдэг вэ? 

-Тэдний сэтгэлзүйн онцлог биднээс тэс өөр гэсэн зүйл байхгүй. Сайтар таньж мэдвэл тэдний сэтгэлзүйн илэрхийлэмж нь хэвийн хүүхдүүдтэй маш ойролцоо байдлаар илэрдэг. Тэднийг ойлгохгүй байх үед сөрөг үйлдлүүдийг хийж болно. Хэрэгцээг нь ойлгоогүйгээс хоёрдогч бэрхшээл үүсэх магадлалтай. Зарим тохиолдолд аутизмтай хүүхдүүд бусдад түрэмгий хандах, өөрийгөө гэмтээх зэрэг өөрчлөхөд төвөгтэй, бусдад болон өөртөө эрсдэлийг дагуулах үйлдлүүдийг хэрэгцээгээ илэрхийлэхийн тулд хийдэг. Мөн хэрэгцээг нь ойлгоогүйгээс эцэг, эх хүүхдээ буруутгах, цаашлаад ямар нэгэн байдлаар хүчирхийлэх, хориглох зан үйлийг хийх эрсдэлтэй. Тэгэхээр таньж мэдэх ойлгох нь чухал. 

-Хүүхдийн шилжилтийн үеийн сэтгэл зүйн талаар тайлбарлаж өгөөч. Жишээлбэл, цэцэрлэгээс сургуульд орох үеийн сэтгэл зүй ямар байдаг вэ? 

-Шилжилт гэдэг нь аль аль талын сэтгэл зүйн орчин, үйлийн буюу оролцох боломжийг хангасан байх ёстой. Тусгай хэрэгцээт хүүхэд тэр дундаа мэдрэхүйн онцлогтой зарим хүүхдийн хувьд дасан зохицох үйл явц нь удаан байдаг. Мөн орчиндоо үзүүлэх хариу үйлдлийн хувьд удаан талдаа байж болно. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд стрессдэх, тавгүйтэх, өөрийнхөө чадварыг бүрэн гаргахгүй байх тохиолдол их. Шилжилтийг хийхэд нэг анхаарах зүйл нь тухайн хүүхдийн талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй багш болоод хүүхдүүдийн дунд байршуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл болох эрсдэлтэй. Одоогийн нөхцөлд багш мэргэжилтнүүд бүгд тэгш хамруулалтын суурь буюу онолын сургалтад хамрагддаг ч практикт оролцох, тэдэнтэй тулж ажиллах нь дутмаг байдаг гэвэл хилсдэхгүй. Хүүхдийг зөвхөн сургууль, цэцэрлэгт хамруулахаа тэгш хамруулалт гэж ойлгох нь түгээмэл. Энэ нь нэг талаасаа тэгш хамруулж байна гэсэн үг биш юм. Тэгш хамруулна гэдэг нь тухайн хүүхдийн очиж байгаа сургуулийн мэргэжилтнүүд тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогийг мэддэг, сургалтад хамрагдсан, хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээ бэлэн байх ёстой. Цаашлаад хүлээн авч буй багш, анги танхим, хүүхдүүд, эцэг эхчүүд ч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн онцлогийг мэддэг, сэтгэл зүйгээ бэлдсэн байх ёстой. Гэтэл хангалттай бэлтгэл, ойлголтгүйгээс зөрчил үүсэж аль аль талдаа цочрол өгч болох юм. 

Түүнчлэн хороо, дүүргийн ажилтан, багш хүүхдүүд, эцэг эх нь нэгдсэн байдлаар хүүхдийг тэгш хамруулж чадна гэсэн ойлголттой байх ёстой. Энэ ойлголтод зөвхөн багш биш тухайн ангийн хүүхдүүд, хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хамруулж хөтөлбөрийг хамтран боловсруулж ажиллах шаардлагатай. 

Манай улсын хувьд нийгмийн нөхцөл байдал болон хэрэгцээг таньж мэдэлгүйгээр, шууд материаллаг орчныг бүрдүүлж байна. Бид суурь ойлголтыг сайн таних хэрэгтэй. Энэ нь итгэл үнэмшил, ойлголт хандлагыг системтэйгээр хүргэх. Үүний хамт бодитоор тусгай хэрэгцээт хүүхдүүд, эцэг эхчүүд, мэргэжилтнүүдийн тал бүрийн оролцоог хангах юм. Нэг ёсондоо материаллаг байдлаас урьтаж тухайн хүнийхээ хэрэгцээг бүгд ойлгох ёстой.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдын тухайд та юу хэлэх вэ? 

-Тэд маш гайхалтай даван туулагчид. Бусдын онцлог болоод мэдрэмжийг яаж ойлгох вэ гэдгийг тэд хүүхэдтэйгээ ажиллаж байхдаа хэрэгцээг үнэлж, ойлгоход суралцана. Цаашлаад энэ чиглэлийн мэргэжилтнүүд болдог. Тэдний дунд хүлээн зөвшөөрөх, танин мэдэх асуудал, бэрхшээлтэй тулгарсан хүмүүс байдаг. Үүнийг даван туулж хараахан чадаагүй байгаагаас тэд стресст автаж ч болох юм. 

Миний бодлоор хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд чиглэсэн үйлчилгээг бий болгож, дэмжлэг үзүүлэх боломжийг нээх нь чухал. Эцэг эхчүүд эргээд хүүхдийн хөгжилд маш чухал нөлөөтэй. Ийм ч учраас тэдний сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрийгөө хайрлах өөртөө цаг гаргаж сурах нь чухал. Үүний тулд хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулах хэрэгтэй. Зарим нь цэцэрлэг сургуулиас илүү анагаахын үйлчилгээг чухалчлаад хүүхдийн хөгжлийг орхигдуулах гээд байдаг. Энэ нь магадгүй хөгжлийн онцлогтой хүүхэдтэй болж буй эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүй байгаатай холбоотой. Тус үедээ дэмжлэгийн цогц үйлчилгээг авах хэрэгтэй болдог. Гэтэл системийн хүрээнд энэ үйлчилгээ нь хязгаарлагдмал. 

-ТББ-ууд, хувь хүмүүс өөрсдийн нөөц бололцооны хэрээр төсөл боловсруулж ажилладаг. Харин төрөөс ямар шийдтэй, үр дүнтэй алхам хийж байгаа вэ? 

-Төрөөс манай байгууллагын нэвтрүүлж буй үйлчилгээтэй зэрэгцэхүйц ашиглагдах хэрэгсэл нь ягаан дэвтэр. Гэхдээ үүнийг яаж ашиглах, хүүхдийн онцлогийг хэрхэн хянах вэ гэдэг тал дээр зөвлөгөө, мэдээлэл дутмаг. Уг нь хүүхдийнхээ хөгжлийг тухайн дэвтэр дээр зааснаар харьцуулан ажиглах ёстой байдаг. Харин ихэнх ээж зөвхөн эмнэлэгт үзүүлэхэд л хэрэглэх зүйл мэтээр ойлгодог. 

Бидний хувьд өөрсдөө санхүүжилтээ босгож, төрөл бүрийн гадны төслүүдтэй хамтран явуулж ирсэн. Энэ жилээс эхлэн улсаас ч гэсэн үүрэг хүлээх ёстой гэсэн үүднээс эрт илрүүлэгтэй холбоотой өрхийн эмнэлгийн зөв чиглүүлэг болон хүүхдийн хөгжлийн түвшин тогтоох зэрэг ажлыг хамтран хийхээр төлөвлөж байна. 

-Танай тусгай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхэд үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэж сонссон?

-Бид олон төрлийн төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилтээ бий болгодог. Герман, Швейцарийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй хамтран ажиллаж үүнээс орж ирсэн санхүүжилтээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Манай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс өөрсдийн саналаараа сэтгэл зүйн үйлчилгээг авдаг. Зөвхөн сэтгэл үйн үйлчилгээгээр зогсохгүй хүүхэдтэйгээ хэрхэн, яаж ажиллах талаар сургалт ордог. Мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг жилийн эхэнд болон жилийн эцэст хүүхэд нэг тус бүр дээр үнэлгээ хийж гарган эцэг эхчүүдэд танилцуулдаг. Цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьд өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэдтэй ажиллаж буй төлөвлөгөө, эцэг эхийн оролцоог байнга танилцуулдаг. 

Манай цэцэрлэг “Энэрэлийн түүчээ” ТББ-т харьяалагддаг. Энэ байгууллага 2012 оноос эхлэн таван чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь “Хүслийн ордон” цэцэрлэг юм. Энэ нь үндсэн гурван бүлэгтэй. Дотроо цагийн үйлчилгээ болон хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломжтой. Жилд ойролцоогоор 40-50 хүүхэд хамрагддаг. Үүний дараа боловсролын үйлчилгээнд тодорхой шалтгааны улмаас хамрагдах боломжгүй байгаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд гэрт нь очиж боловсролын үйлчилгээг үзүүлдэг. Тус явуулын үйлчилгээнд жил бүр 20 орчим хүүхэд хамрагддаг. 

Мөн сургалт судалгааны төвийг ажиллуулж бусад сургууль, цэцэрлэг, олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн тэгш хамруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах болон хувь хүний хөгжлийн гэх мэт олон төрлийн чиглэлээр сургалт болон үйлчилгээ үзүүлдэг.

М.Наранчимэг: “Монголын нууц товчоо”-ны үг бүрийг судалж тайлж болно
Х.Одгэрэл: Нэг ч гэсэн монгол хүний ой ухааныг сэрээхийг зорьдог
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration