Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
А.Энхжин: Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ
Эдийн засаг 

А.Энхжин: Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
342
0

Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн зээлээ төлж эхлэх вэ?

-Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпорац болон арилжааны банк хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан бөгөөд нийтдээ 63 мянган зээлдэгч хамрагдсан. “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаатай холбогдуулан эдгээр 63 мянган зээлдэгчид зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлнэ. Ингэснээр хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс ипотекийн зээл хэвийн төлөгдөөд эхлэхээр тус хэмжээгээр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оны эхний 6 сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна.

-Энэ жилээс орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийн журам нь батлагдсан уу. Ямар нөхцөл, шаардлагыг тусгаж байгаа вэ. Урьдчилгаа төлбөр дээр Зээлийн батлан даалтын сантай тодорхой хэмжээнд хамтран ажиллах юм байна гэж ойлгосон. Энэ талаар арилжааны банкуудтай эцсийн байдлаар яриа хэлэлцээр хийж тохирсон уу. Энэ зээл хэзээнээс олгогдож эхлэх вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт ороод өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

-Журмын зохицуулалттай холбоотой зарим нэг тодруулах зүйл байна. Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа нь шилжээд түүнийг дагаад очсон ажилчин тухайн зээлд шууд хамрагдах боломжтой юм байна гэж ойлгосон. Гэтэл өөрийн санаачилгаар хөдөө орон нутагт ажиллаж, амьдрахаар шийдээд ажил төрлөө солиод очсон иргэдийн тухайд яах вэ?

-Иргэдэд аль болох чирэгдэл багатай, ойлгомжтой байлгахыг Монголбанк, Сангийн яамнаас зорьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн хувьд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой байхаар холбогдох журам, гэрээнд тусгасан байсан. Одоогоор яг нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк, Сангийн яам болон банкууд хамтраад зээлдэгчид аль болох чирэгдэл багатай байхаар шийдвэрлэхийг зорьж байна.

-Шийдвэр яг хэдийгээр эцэслэгдэж гарах вэ?

-Гэрээний төсөлд тусгагдах саналуудыг холбогдох байгууллагуудаас аваад бэлэн болсон байгаа. Иймд эцсийн байдлаар Сангийн яамнаас батлах тул энэ талаар тус яамнаас тодруулах нь зөв байх.

-Орон сууцны 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох асуудал иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Энэ тал дээр тодорхой судалгаа хийгдсэн үү. Ямар нэг шийдвэр гарах уу?

-Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ дагуу ажиллаад санал, дүгнэлтээ гаргаад хүргүүлсэн байгаа. Уг санал, дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Харин энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бид шийдэл олж чадаагүй байна. Бидний урьдчилан тооцоолж байгаагаар нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж, энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа. Тэгэхээр бонд эзэмшигчдийн энэхүү зардлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм.

-Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв дээр ипотекийн зээлийн хүүгийн татаас гэж хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа вэ. Хуучин 60/40 байсныг 80/20 болгосон байгаа. Тэгэхээр Монголбанканд ирж байгаа ачаалал нэлээн өндөр байхаар байна.

-Орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийн 3 хувийн зээлийн хүүгийн татаасанд 7 орчим тэрбум төгрөг суусан, бусад нь улсын төсөвт суугаагүй. Бидний хувьд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай ярилцаж байгаа гол асуудал нь 2023 оны 2 дугаар хагаст энэ хөтөлбөр Засгийн газарт шилжихэд эх үүсвэрийг нь таслалдуулахгүйгээр хэрхэн яаж цааш нь хэвийн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр голлон гарц, шийдэл хайж байна. Нэг үгээр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар хагаст Засгийн газарт шилжүүлэхдээ эх үүсвэрийг нь бууруулахгүйгээр цаашид хэвийн үргэлжлээд явах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг л бид зорьж байгаа.

-Өнгөрсөн онд гадаад валютын албан нөөц багагүй хэмжээгээр буурч, энэ нь ханш өсөх гол шалтгаан болсон. Тэгвэл энэ жилийн хувьд гадаад валютын албан нөөцөд ямар эерэг хүлээлт байна. Энэ онд Оюу толгойн далд уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор Оюу толгойн оруулж ирдэг хөрөнгө оруулалтын хэмжээ буурах вий гэсэн болгоомжлол байх шиг байна?

-2022 он зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бүхий л улс оронд хүндрэлтэй жил байлаа. Цар тахлын хүндрэл бүрэн арилаагүй, мөн геополитикийн тодорхой бус байдал нь эрсдэлийг нэлээд нэмэгдүүлсэн. Нөгөөтээгүүр, хөгжингүй улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд олон бэрхшээлийг дагуулсан. Манай улсын гадаад валютын нөөц 2022 оны эхний хагаст эрчимтэй буурсан. Харин 2022 оны хоёрдугаар хагасаас эхлээд экспортнэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжирсан. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Мөн “Оюутолгой” компани Монгол Улсад оруулж ирэх валютын хэмжээгээ 2022 оны 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн. Эдгээр эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 3 тэрбум 392 сая ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 460 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

2023 оны тухайд тодорхой бус байдал мөн л өндөр байгаа. Бидний төсөөлж байгаагаар нүүрсний экспорт сэргэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрлээ. Дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэснээр зөвхөн авто замаар биш төмөр замаар мөн экспорт хийх боломжтой болсон нь экспортын гарцыг өсгөх нэг боломж болж байна. Мөн 2023 оны 1 дүгээр улирлын төгсгөл, 2 дугаар улирлын эхээр Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй байгаа. Энэхүү далд уурхай ажиллаж эхэлснээр манай улсын зэсийн экспорт нэмэгдэж, оргил үедээ жилд 450 орчим мянган тонн зэс олборлох тооцоотой байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023, 2024 онд “Оюутолгой” компанийн мэдээлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал төдийлөн буурахгүй. Тэгэхээр бидний 2023 оныг харж байгаа төсөөллөөр, хэрэв манай экспорт тасралтгүй сайжраад, Хятад улс хилээ бүрэн нээгээд, мөн түүхий эдийн үнэ өндөр байвал 2020 оны түвшнээс эдийн засаг харьцангуй дээшлэн, өөдрөг байна гэж төсөөлж байна.

-Бондын өр төлбөрүүд гээд валютын гадагшлах урсгал дээр томоохон дарамттай жил байх нь. Валютын нөөцөөс хэд орчим ам.долларын өр төлбөрийг төлөхөөр байгаа бэ?

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрлээ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын өрийг дарах нөөц, боломж бол бүрдсэн. Гэхдээ 2023 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай байхаар төсөөлж байна. Ийм үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогоор энэ өрийг дахин санхүүжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд УИХ-аас гадаад өрийн стратегийг баталсан. Энэхүү стратегийн хүрээнд ч бондын төлбөрийг дахин санхүүжүүлж явна гэсэн төсөөлөлтэй байна. Өөр хүлээгдэж буй том төлбөрийн тухайд Монголбанкны Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юанийн своп гэрээ дуусгавар болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр энэхүү гэрээг Хятадын талаас 2023 онд сунгахаа мэдэгдсэн. Тиймээс энэ онд своп хэлцлийн гэрээг сунгахаар хүлээж, төлөвлөж байна. Эдгээр өр төлбөрийг шийдвэрлэсэн тохиолдолд 2023 онд гадаад өрийн дарамтийг бууруулахаар байна.

-Зээлийн нийлүүлэлт ямар хэмжээнд байна гэж хүлээж байгаа вэ. Төв банк бодлогын хүүгээ нэлээн өсгөсөн тул 2023 онд банкууд зээлээ хумьж Төв банкны үнэт цаас худалдан авахыг илүүд үзэх байх. Энэ тал дээр?

-Дэлхий нийтээр нийлүүлэлтийн шинжтэй инфляц өндөр байна, мөн манай улсын тухайд экспорт хүндрэлтэй байснаас шалтгаалаад Төв банк 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны турш ерөнхийдөө мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн. Энэ онд цаашид эдийн засгийн нөхцөл байдал, хүлээгдэж буй нөхцөл байдалтай уялдуулан Мөнгөний бодлогын хороо хэлэлцэж, тухай бүр шийдвэрээ гаргаад явна. Манай улсын экспорт харьцангуй сэргээд, мөн нийлүүлэлтийн шинжтэй инфляцын дарамт буурвал мөнгөний хумих бодлого баримтлах шаардлага багасч, улмаар бодлогын төлөв зөөлрөх боломжтой. Үүнийгээ дагаад зээл олголт нэмэгдэх боломжтой гэж бодож байна.

-Алт худалдан авалтын тухайд ямар хүлээлттэй байгаа вэ. Өнгөрсөн онд хэчнээн тонн алт худалдаж авав. Энэ онд алтны экспортыг 20 тоннд хүргэж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг ч нэмж баталсан. Тэр хүлээлтэд хүрэх боломжтой юу?

-Монголбанк өнгөрөгч 2022 онд нийтдээ 22.9 тонн үнэт металлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Энэ нь 2021 онтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны тухайд үнэт металлын худалдан авалт өмнөх оныхоо түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Манай улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүд ч үндсэн орд руу чиглэсэн олборлолт хийж эхэлсэн тул цаашид олборлох алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ хэмжээгээрээ валютын нөөцдөө ч эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанкнаас санхүүжилт олгодог. Тэгвэл энэ санхүүжилтийн хүрээнд хэчнээн төгрөг олгосон бэ, энэ онд үргэлжлэх үү?

-УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд Монголбанкнаас дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан санхүүжилт олгосон. Өнгөрсөн онд нийт 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2022 оноор дуусгавар болсон тул Монголбанкнаас энэ төрлийн арга хэмжээнд санхүүжилт олгох эрх зүйн боломжгүй болсон.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:  https://mongolbank.mn/
Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration