Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана
Нийгэм 

Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана

Oyuk Oyuk Oyuk Oyuk
2 сарын 9, 2023
92
0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний талаар танилцуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн нэгж, 30 орчим мянган иргэн оролцож, ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг арилгаснаас гадна халтиргаа гулгаа ихтэй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замыг цэвэрлэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өнгөрсөн хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдлууд гарсан. Зарим зам, талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас халтиргаа гулгаатай холбоотой асуудлууд үүссэн. Тиймээс УБЗАА-наас зарладаг худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Техник, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хүчин чадлын хувьд шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүд хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Хуульд төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллах тухай заалтууд ч бий. Тиймээс төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хот, нийтийн аж ахуйн ажилд оролцох бүрэн боломжтой. Жишээлбэл, Гачууртын аль нэг аманд үүссэн хур хогийг шийдвэрлэхэд НЗДТГ, УБЗАА-наас заавал удирдан зохион байгуулж, оролцох шаардлагагүй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид төсвийг нь хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Аливаа асуудлыг эрхэлж буй орон нутаг төсвөө өөрөө зарцуулах бүрэн боломжийг нь олгох хэрэгтэй. Хог цэвэрлэгээ, халтиргаа гулгаа, эзэнгүй нохой, мууртай холбоотой асуудлууд гарч ирэхэд дан ганц НЗДТГ, УБЗАА-наас шийдвэр гаргаж ажиллахад хугацаа алдана. Төрийн ажлыг иргэдэд хурдан, шуурхай хүргэхийн тулд зарим төсвөө орон нутаг руу шилжүүлэх чиглэлтэйгээр ажиллана. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай байна. Мөн илүү технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлнэ” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 13 сая ам метр талбайг УБЗАА, Хот тохижилтын газраас хариуцан цэвэрлэдэг. Гэвч зарим гэр хорооллын бүсийн авто зам, явган замууд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх хуваарьт ордоггүй байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээг хурдан, шуурхай явуулахын тулд хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах санаачилгыг УБЗАА-наас ийнхүү гаргаад байна.