Цагаан сар ба “өрхийн зарлага”
З.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүйтнийг үдэж уринтай золгодог уламжлалт баяр 28 хоногийн дараа болно. Цар тахал сүүлийн гурван жил цагаан сарыг нийтийг хамарсан байдлаар “тэмдэглүүлээгүй”. Гэсэн хэдий ч монголчууд дор бүрнээ ёсолж өмнөх жилүүдтэй харьцуулахад зардал багатай өнгөрүүлсэн. Харин энэ жил хөл хөдөлгөөнтэй байх бололтой. Тиймээс цагаан сарын баярыг тэмдэглэхдээ нэг өрх хэдий хэмжээний зардал гарах вэ гэдгийг уншигч танд хүргэе.
Цагаан сарын баярын ширээнд шүүс, тавгийн идээ, бууз банш тэргүүтэн байна. Тэгэхдээ шүүсэндээ ихэвчлэн хонины ууц эсвэл үхрийн өвчүү хэрэглэдэг. Мөн наснаасаа хамаарч 3-9 үетэй тавгийн идээ засна. Түүнээс гадна ирсэн зочдоо салат, зууш, буузаар дайлна. Энэ нь уламжлал болсон идээ. Үүний зэрэгцээ чихэр жимс, ус, ундаа, сархад ч баярын ширээний “чимэг”. Үүн дээр ирсэн зочдод өгөх гарын бэлэг ч орох учиртай. Тэгвэл энэ бүхэнд өдгөө хэдэн төгрөг зарцуулах бол.
Дээрхээс үзвэл сар шинэээр нэг өрх дунджаар 2.5 сая орчим төгрөг зарцуулах нь. Магадгүй үүнээс илүү ч зардал гарахыг үгүйсгэхгүй. Учир нь газар газрын дэг жаяг, ёс заншил өөр. Тиймээс тэр бүрийг адилтгах аргагүй юм. Өнгөрсөн жилүүдэд инфляци тогтвортой байсан нь үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн гэж болно. Харин энэ удаад инфляци он гарсаар 13.2 хувьд хүрч үнийн өсөлт “захирагдахаа” больсон. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд өрхийн санхүүгээ ухаалагаар зарцуулах нь зүйтэй юм.
Хоол хүнс, тавгийн идээ, шүүснээс гадна ирсэн зочдод гарын бэлэг өгдөг уламжлалтай. Харин энэ удаад бэл бэнчингээ харуулах гэж биш уламжилж ирсэн ёсыг эрхэмлэн ёсчлохыг уриалъя. Цагаан сар гурав хоног үргэлжилнэ. Хүмүүс хаврын тарчиг, хатуу улирлыг даван туулна. Цаашилбал, дэлхий нийтээр хямарч байгаа эдийн засгийн сөрөг урсгалыг даван туулах хүнд сорилт ч өмнө тулгарч буй. Тиймээс сар шиндээ ухаалаг зардал гаргаж “минималист” маягаар шинэлцгээе.