Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир: “Үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцэнэ” гэв
З.ОЮУ
“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулсан. Тэгвэл тус хуулийн талаар өнөөдөр (2023.01.21) ардчилсан нам мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Батлагдсан хуулийн талаар ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хуулийн зорилго нь олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай хууль гэж харж байна. Товчхондоо, монголчууд амаа хамхиуллаа. Цахим хөгжлийн сайд Н.Учралын улс төрийн аав буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр салбарын сайд тролл гэдэг хүмүүсийг Монголын номер нэг асуудал болгон гаргаж тавьж байна гэж ажиглалаа. Түүнчлэн сайд хүн хүссэн үедээ салбарынхаа асуудлыг Монгол Улсын хамгийн чухал асуудал мэт ярьдаг болжээ. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс хаврын жагсаалаас өмнө энэ хуулиар хүний эрхийг хаах гэж байгаа нь илт байна.
-Талбай дээр болсон жагсаалд МАН холбоотой байна уу?
-Аливаа нэг зүйлийг хааж боогоод ирэхээр тэрнээс илүү эмх замбараагүй байдал үүснэ. Ядаж ард иргэдийнхээ үгийг сонсоочээ. Оны өмнөх жагсаал хаана байна? Нүүрсний хулгай яав? Бүр ярих ч эрхгүй боллоо, бүгд амаа хамхиж байна шүү дээ. Хэрэгжсэн өдрөөс эхэлж Ерөнхийлөгч хэсэгчилсэн болон бүхлээр нь хориг тавих ёстой. Ерөнхийлөгч энэ хуулийг өөрөө захиалж батлуулсан. Өөрийнхөө захиалсан хуульд бантаад хориг тавьж магад. Эсвэл цэнхэр зангиагаа зүүж гарч ирээд, Н.Учралыг дэд сайдтай нь өрөөндөө дуудан загнах байх.
-Үндсэн хуулийн цэц ямар оролцоотой байна вэ?
-Үндсэн хуулийн цэц гэж шүдгүй арслан байна. Үүнд бичиг аваачиж өглөө гээд шийдэхгүй. Гэсэн ч бид тус хуульд хориг тавь гэсэн албан бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. ҮХЦ-д бичиг өгнө. Бидний бичгийг шийдвэрлэж өгөхгүй бол төв талбайд жагсана. ҮХЦ, Ерөнхийлөгчид найдах хэрэггүй. Өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдах хэрэгтэй л гэж бодож байна.