Элчин сайд Зафер Атеши “One team” клубынханд батламж гардууллаа
Д.ОЮУН
Өнгөрсөн сард Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амь насаа алдаж, орон гэргүй болсон мэдээ дэлхий нийтийг цочирдуулсан. Улс орнууд тусламжийн гараа сунгаж буйгаа ч илэрхийлсээр байгаа энэ үед Монгол Улс эрэн хайх, аврах баг илгээн зовсон цагт нөхрийн чанараа харуулсан юм.
Хаана ч, хэнд ч тохиож болох байгалийн гамшгийг даван туулах хүч хайрлах сэтгэлийн дэм өгөхөөр монголчууд өөрсдийнхөө боломжоор тусламжийн гараа сунгаж байлаа. Энэ хүрээнд “Нэг дэлхий - Нэг гэр бүл” монгол гэр хандивлах аяныг “One team” клубын залуус амжилттай зохион байгуулж Сүхбаатарын талбай дээр хандивлах гэрүүдээ барьж 100 гэр босгох зорилт таван ес хоногийн турш тасралтгүй ажилласан юм. Ард түмэн ч сэтгэл дэвсэн хандивт нэгдэж байлаа.
Хандивын аяны хүрээнд 60 орчим гэр цугларсныг дөрвөн ээлжээр Турк улс руу илгээсэн. Бидний илгээсэн тусламж аль хэдийнэ эзэндээ хүрч гэр хотхон болсон нь “Нэг дэлхий - Нэг гэр бүл” хандивын аяны үр дүн билээ.
Аяныг эхлэх үеэр Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеши монголчуудад талархаж байгаагаа илэрхийлж байв. Аяныг амжилттай зохион байгуулж, туркийн ард түмэнд орон байр илгээсэнд талархаж буйгаа илэрхийлэн аяны ерөнхий зохион байгуулагч “One team” клуб болон анхлан санаачилсан хүмүүст өчигдөр талархлын бичиг гардууллаа.
Тэрээр “Манай ард түмэнд тусламжийн гараа сунгаж бидэнтэй байнга хамт байсан монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Тэр дунд гэр хандивлах аяныг санаачлан амжилттай зохион байгуулсан “One team” клубын залуустаа баярлалаа” гэв.
“Нэг дэлхий - Нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд цугларсан гэр өдгөө гамшигт өртөн өнчирсөн хүүхдүүдийг амьдруулах хотхон болсон мэдээг бидэнд өгсөн юм.
Туркийн ЭСЯ-наас гамшгийн үед тусламж үзүүлсэн хувь хүн албан байгууллага ард иргэдэд талархал илэрхийлж "Өдрийн сонин"-ы лхагва (2023.03.15) гаригийн дугаарт нийтлүүлжээ.
Дашрамд дурдахад Турк улсад сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн их гамшиг авчирсан газар хөдлөлт аж.