Лхагва, 6 сарын 7, 2023
Хадгалсан мэдээ (0)
Л.Батцэнгэл: Багш хүн шавь нарынхаа мөнхийн хөтөч юм
Урилгатай зочин 

Л.Батцэнгэл: Багш хүн шавь нарынхаа мөнхийн хөтөч юм

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 7, 2023
192
0

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн унаган шавь нарын нэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэлийн багшийнхаа тухай дурсамжаас  хүргэе. 

-Анх багштайгаа хэрхэн учирч байв? 

-Би 1992 онд аравдугаар ангиа төгсөөд хоёр жил хөдөө хонь хариулсан юм. Тэгээд 1993 оны хоёрдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод ирж, ногоон хүрмэн дээлтэй, орос бакалтай залуу анх Т.Галсан багшийндаа очиж байлаа. Тэгэхэд Цагаан сарын шинийн 2 байсан юм. Багшид шүлгийн дэвтрээ үзүүлээд буцсан. Тэр жил сумын 70 жилийн ой болсон учраас багш нутагтаа очихдоо надад “Наймдугаар сарын 25 гэхэд Улаанбаатарт очоорой. Би чамайг сургууль соёлд оруулж өгнө” гэсэн. Би тэр үед Баянхонгор аймгийн Заг суманд хонь хариулж, хомоол түүж явлаа. 

-Тэгээд хэлсэн амлалтандаа хүрч сургуульд оруулсан уу? 

-Тэгэлгүй яахав. Би ч наймдугаар сар гаруут сэтгэл догдлоод 25-ныг хүлээлгүй Улаанбаатар хот руу яарч 15-нд багшийнхаа хаалгыг тогшоод зогсч байлаа. Ингэж багш маань намайг хотод авчирч утга зохиолын чиглэлийн  тав, зургаан сургуулиар дагуулан явахад нь би харж байгаад агуу их О.Дашбалбар, Л.Хүрэлбаатар, Ш.Гаадамба нарын эрхэм хүмүүс хичээл заадаг, мундаг багш нартай сургуулийг сонгосон нь С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургууль байлаа. Хорин настай, хонгор зүстэй байхдаа багшийнхаа гэрт амьдарч, сургуульд сурч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жил багш, шавийн барилдлагатай явж байна. 

-Тангадын Галсан гуай үзэл суртлын  хатуу нийгэмд уран бүтээлчийн хувьд, өөрийн гэсэн үзэлтэй тэмцэгчийн хувьд ч “Болд хэрхэн хатаагдсан” гэдэг шиг хатаагдсан болохыг тэмээчин болсон түүхээс нь мэднэ. Хүний мөс чанар хийгээд багш хүний нандин чанарын хувьд хэн юм бол?

-Багш маань бусдын зовлон жаргалыг маш сайн мэдэрдэг, хүнийхээ хувьд гайхамшигтай. Ядарч зовсон үед, ээжийгээ алдах ч юм уу, дүү нараа алдах ч юм уу, ерөөс амьдралын минь хүндхэн үеүдэд бүгдийг элэг зүрхээрээ мэдэрч, тэгэхдээ тэрийг дагаж уярч уйлах биш хатуу үгээр ойлгуулж ирсэн. Багш хүн гэдэг “Чи шүлгээ бич, тийм ном унш” гэхээс гадна амьдралын  маш гайхамшигтай ухаанаар хөтөлж дагуулж явдаг залуурч байдаг. Бид бурхан багш гээд ярьдаг, гэтэл бурхан өнөөдөр биеэрээ байхгүй. Хүн төрөлхтөн Христ багш, Мухамед багш гэлцдэг. Шашны том мяндагтнуудыг бүгдийг “багш аа” гэдэг. Бүгдийг нь хүндэлж дээдэлдэг. Түүнтэй нэгэн адил багш гэдэг бол хүний амьдралын зовлон жаргалын алинд ч хөтлөн дагуулж байдаг сартвахиуд байдаг юм байна. Би ингэж л боддог. 

-Тангадын Галсан гуай гаднаа бол ёж үгтэй, хэгжүүн эрхэмсэг төрхтэй. Дотроо асар зөөлөн, дүүрэн ухаан, хайр нинж дүүрэн эгэлгүй ертөнц юм байна?  

-Багш бол ерөөс ганц эрдэм номын гэлтгүй амьдралд ч хөтөлж байдаг, сургааль айлдаад байхгүй ч биеэрээ үлгэрлэж байдаг. Цуг явж байхад гудамжинд нэг нохой гүйгээд өнгөрөхөд л  “Энэ нохой хүртэл зүрхтэй шүү дээ. Нохой хүртэл амьтан шүү дээ” гэж хэлэхэд сэтгэл дотор олон юм бодогдож сонин болдог. О.Дашбалбар багшийн тухай Д.Хулан бичсэн байдаг шүү дээ. О.Дашбалбар ахтай гудамжинд явж байхад энэ хүний хөл хатгачих вий гээд зэвтэй хадаасыг аваад хармаалдаг, тийм хүн байсан гэж Д.Хулангийн дурсамжинд байдаг. 

Миний багш ч гэсэн тэнд нэг хөөрхий доголон нохой явж байхад хэдийгээр тэр монхорын хоёр талын ёнхороосоо алт, мөнгөн сувд хэлхэж дуслуулахгүй ч гэлээ дотоод сэтгэл нь нохойд ч гэсэн амьдрал байдаг юм шүү гэж хэлж, ухааруулж байдаг, ийм л хүн. Энэ бол эрдэм ном заахаас ч илүү амьдралын маш том ухагдахуун байгаа юм. Би тэгж л боддог. 

-Тангадын Галсан гуай өөрийн чинь хувьд багш, бас аав шиг нөмөртэй хүн байна шүү?  

-Тийм ээ, ингээд бодохоор багшийнхаа тухай өнөөдөр үнэхээр их юм яримаар байвч яг ярих гэхээр бас юуг нь ярихаа мэдэхгүй, орхигдуулаад байгаа ч юм шиг. Нэг зүйлийг хэлэхэд, өнөөдөр багш бид  хоёрын нэг нэгэндээ зориулсан шүлэг гэхэд л бараг ном болохоор хэмжээнд болчихсон байдаг юм. 

Багш хэлэхдээ 116 гэвүү, 119 гэлүү ном гаргасан гэж хэлж байсан. Тэр бүтээлүүдийнх нь 30 орчим нь надад байдаг гэж бодоход тэр номуудын бүгдээрэн дээр нь шүлэглэж гарын үсгээ зурж өгдөг. Энэ номын шүлгүүдээр нь би тусдаа ном гаргахад зөвхөн Тангадын Галсан багшийн Л.Батцэнгэлд зориулсан ном бэлэн байж байх жишээтэй. Миний багшид зориулсан шүлгүүд бас олон бий. Бүр хүүхэд байхаасаа л

“Өвсөнд дүрсэн гараараа 

Өгсүүр замыг дуулж...” гээд өөрийнх нь номын нэрээр толгой холбоод шүлэглэж байснаас эхлээд олон юм байдаг юм. Ингээд бодоход багш хүн гэдэг бол мөнхийн хөтөч юм. Мөнхийн гайхамшигтай залуурч юм. Багшийгаа урт насалж, улам ихийг бичиж туурвихын ерөөл дэвшүүлье.

Ц.Тулга: Барилгын чанар, аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай
М.Наранчимэг:Тугалхүүгийн Баасансүрэн бол цуцашгүй хөдөлмөрч, олон талт эрдэмтэн судлаач юм
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration