Лхагва, 6 сарын 7, 2023
Хадгалсан мэдээ (0)
ХАРДЛАГА ДАГУУЛСАН ХОЛЫН ТОМИЛОЛТ
Эдийн засаг 

ХАРДЛАГА ДАГУУЛСАН ХОЛЫН ТОМИЛОЛТ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 7, 2023
470
0

Д.ОЮУНЧИМЭГ 

ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИД...

лаанбаатарт 17:20 цаг болж байна. Вокзалын CU-гийн зүүн хойд талын буланд хэсэг залуус шаагилдана. Тас тас инээлдэж буй залуус хаа нэгтээ зорьж буй бололтой. Төд удалгүй галт тэрэгний гадна талын зогсоолд эгнэж зогсоод патиар татуулан бужигналдаж эхлэв, тэд. “Хэн хэн байна. Дутуу хүн байна уу. За бүгдээрээ галт тэргэндээ сууцгаая” хэмээн зохицуулах залуу Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох байлаа. 

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өрх тусгаарлан бие даан ажиллаж буй тус клубын гишүүд 2023 оны анхны холын томилолтоор Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар зорьж буй нь энэ. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб 60 гаруй гишүүнтэй. Энэ удаагийн томилолтод 22-уулаа аяласан юм. 13 жилийн тэртээгээс эдийн засгаар мэргэшиж бичиж эхэлсэн сэтгүүлчдээс эхлээд дунд болоод залуу үеийн төлөөлөл томилолтын багт багтсан байлаа.

Биднийг хотоос гарах тэр үед Эдийн засгийн сэтгүүлчид Эрдэнэт рүү явж байна гэх “шум” дэгдэж ГОК-ийн хэвлэлийн албаныхныг чамгүй “чилээсэн” сураг чих дэлсэв. Гэвч тэд биднийг очиж байгаа эсэхийг мэдээгүй байсан юм. Учир нь клубын зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гишүүдээ танилцуулахыг хүсч буйгаа албан бичгээр илэрхийлж, зөвшөөрөл авсан билээ. 

рдэнэт үйлдвэр “саалийн үнээ”, цар тахлын үед ард түмний ус дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн, улсын төсөвт төвлөрүүлдэг татварын дүнгээр байнга тэргүүлдэг зэрэг мэдээллийг бэлтгэдэг эдийн засгийн сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр чухам хэрхэн ажилладаг вэ гэдгийг харж, танилцах нь илүү өгөөжтэй гэж үзсэн хэрэг л дээ. Тиймээс хэл ам дагуулан байж “Эрдэнэт”-ийг зорьсон нь энэ. 

Аялал өгөөжтэй, хөгжилтэй, бас олныг эргэцүүлж, туршлага хуримтлуулсан томилолт болсныг харих замдаа Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүд дүгнэн ярилцсан юм. Хоёр өдрийн турш шахуу хуваарьтай завгүй “гүйсэн” хэдий ч ганзага дүүрэн буцаж буй залуус элчит тэргийг доргитол инээж, зам зуурын хөгтэй явдлаа дурсан маазарч явлаа. Гитартай, дуутай, хошин яриагаар хөгжилдсөн залуус зорчигчдын амрах цаг хугацааг хүндэтгэн их хотын зүг жолоо залах нь тэр ээ. 

НӨӨЦ НЭМЭГДҮҮЛЖ, ЗАРДАЛ БУУРУУЛНА

нх 30 жилийн нөөцтэй хэмээж байсан Эрдэнэт үйлдвэр өдгөө 60-70 жилийн геологийн нөөцтэй, хайгуулын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хайгуулын зургаан лицензээ албажуулсан тухай тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон бидэнд ярьсан юм. Хэдийгээр нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч зэсийн агуулга буурах эрсдэл бий. Үүнийг хэрхэн даван туулах тухайгаа тэрбээр 

“Эрдэнэ үйлдвэр нөөцөө тогтмол өсгөх ёстой. Тогтмол найдвартай ажиллагаагаар хангах хэрэгтэй. Бид таван жилийн зорилтдоо геологийн нөөцөө бүрдүүлэхийн сацуу зардал багатайгаар ашиглахаар тусгасан. Нөөц нэмэгдэхийн хэрээр агуулга буурч, хүдрийн хатуулга нэмэгдэж байгаа. Энэ бүхэн байгалийн өгөгдөл учраас зардал бууруулахад анхаарч байгаа юм. Нөгөөтэйгүүр баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх учиртай. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч байна” гэсэн юм. 

Эрдэнэт үйлдвэр улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс нэг минут ч зогсч болохгүй. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр хүдэр олборлолт, боловсруулалтаараа түүхэн амжилтыг тогтоосон хэмээн онцолж байв. Цаашид ч энэ түүхэн амжилт өсөх боломжтой аж. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийг хэвийн явуулахад гол түлхэц болдог техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг сүүлийн таван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна. Хэрэв энэ шинэчлэлийг хийгээгүй байсан бол тоног төхөөрөмжийн элэгдэл 54 хувьд хүрч үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа доголдох эрсдэл үүсэх байжээ. Тиймээс энэ чиглэлээр хийж байгаа ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ ч мөн үйлдвэрийн удирдлагууд илэрхийлсэн юм. 

БААТАР ХОТЫН ИРЭЭДҮЙ

рдэнэт бол уурхай дагасан хот. Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших уул уурхайн мега төсөл дагаж хөгжсөн Монгол Улсын Баатар хот. Мэдээж сайн бас муу тал бий. Ухдаг баялаг шавхагдахын цагт одоогийн эрдэнэтчүүд яах вэ гэх асуулт байнга л “сэдэв” байсаар ирсэн. Тэгвэл биднийг аялах үед энэ асуулт ч бас сэдэв болон үргэлжилсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Г.Ёндон “Бид геологи хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлсэн ч хэзээ нэгэн өдөр нөөц шавхагдана. Тэр үед Эрдэнэт хотын нийгмийн амьдрал хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуудал тулгарна. Үүнийг эргэцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг байгуулсан” гэлээ. Тэгэхээр Баатар хот ирээдүйд ухдаг баялгаас ургадаг баялаг бүтээдэг “хошой баатар” хот болон хөгжих нь ээ. 

Тус төв үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийг ардаа үджээ. Шар хуайс, монос, гүйлс, интоор, улиас гээд зургаан төрлийн мод тарихаар зэхэж буй. Байгуулагдсан даруйдаа 34.6 га талбайд 2.1 сая мод тарьсан тухайгаа Ойн генетик нөөцийн төвийн ажилтнууд ярьж байв. Тус төвийн захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” нэгжийн дарга, доктор Я.Ариунзул “Ойн генетик нөөцийн төв байгуулагдсанаар “Тэрбум мод” хөдөлгөөнд хамгийн том хувь нэмэр оруулна. Үндэсний хөдөлгөөн анх хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 230 кг үрийн нөөц байсан. Харин одоо зөвхөн манай төвд нэг тонн үрийн нөөц байна. Үүгээрээ бид мод тарих үрийн нөөц бүрдүүлж болно гэдгийг харууллаа” гэлээ. 

аашилбал, тус төвийг байгуулан үрийн төвтэй болсноор тухайн үрийг шинжилж судлаад сертификат олгох аж. Түүний дараагаар тухайн үрийн хэдэн хувь нь хөрсөнд амьдрах чадвартай вэ гэдгийг цаг алдалгүй мэдэх боломж бүрдэнэ. Тухайлбал, нийт үржүүлсэн үрийн 70 хувь нь амьдарлаа гэхэд үлдэх 30 хувь нь хоосон байж болно. Тиймээс цаашид бүтэн болсон, ургах нөхцөлийг сайн бүрдүүлсэн үрийг тарина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ургах эсэхийг нь мэдэхгүй үр тариалах байдал үгүй болох аж. Мэдээж энэ нь эдийн засгийн хувьд ч өгөөжтэй. Ургахгүй үрэнд зарцуулах мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг гэдгийг мэргэжилтнүүд ярьж байв. 

УНТАЖ АМАРДАГ НЬ БАЙГАЛИЙН “ХУУЛЬ”

Бас нэгэн зүйл. Ургамал хүний адил унтаж, сэрж, босч ургаж, төлждөг “амьтай”. Хүмүүс хэдийгээр ургамал амьтай гэлцдэг ч хэрхэн “хөлд ордог” тухай төдийлөн анзаардаггүй. Энэ талаар доктор Я.Ариунзул “Ургамал гэдэг бол байгаль эх болохоор унтаж, сэрж, босоод навч нь цухуйж “хөлд ороод” мод болдог. Эхний гурван жил асар их арчилгаа шаарддаг. Эко системийг мод л зөөлрүүлж, доройтлыг бууруулж зогсоодог. Түүнээс биш хичнээн цэцэг тариад, өвс ургуулаад зөөлрүүлэхгүй. Тиймээс бид мод л тарих хэрэгтэй” хэмээн онцоллоо.