Нүүрс ачилтын тендерээс 4.7 тэрбум төгрөг хэмнэжээ
Б.БОЛОР
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хороо нь энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр ЭТТХК/202302003 дугаартай “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан шалгаруулжээ. Тус тендерт "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК 47.8 тэрбум, "Тэсүн майнинг" ХХК 47.4 тэрбум, "Кэй Эй Рентал Сервис" ХХК 46 тэрбум төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендер тус бүрийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хийж хуульд заасан бүх нөхцөлийг хангасан "Кэй Эй Рентал Сервис" ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн байна. Ингэхдээ дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалт болон холбогдох дагаж мөрдөх журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан хэмээн тус компаниас мэдэгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлж нүүрс ачилт гүйцэтгэх нэгж үнийг 1.675 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнийн санал ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардан төсөвт өртгийн хэт хөөсрөлтөөс урьдчилан сэргийлснээр 4.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг бий болгосон. Улмаар удаах үнийн санал ирүүлсэн компаниудаас 1.4 тэрбумаас 1.7 тэрбум төгрөгийн хооронд бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулсан аж.