С.Молор-Эрдэнэ: Амьдрал ганцхан хайр дээр биш ёс суртахуун, ухамсар, хүмүүжил дээр тогтоно
"Чингис хааны үед Төр, хууль, хот ч байгаагүй. Монгол гэдэг нь зэрлэг бүдүүлэг, дээрэмчин амьдрах хэвшлийг хэлдэг гэж ойлгогдож иржээ. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар бол Монгол хэлний хөгжилд социализмийн үед ч, өнөөдөр ч хэтэрхий их саад болсон хэвээр байна. Р.Чойном ямар ч ач холбогдолгүй, хулчгар хүн. Ямар ч утгагүй шүлэг нь тархины тураалд оруулна. Болор Цомынхонтой адил оюуны төвшин доогуур. Монгол орныг сексийн 3-р хувьсгал аварна. Хятад хүмүүс ачтанууд шүү. Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна" гэх мэтээр хэвлэл мэдээллээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй хайрын сэдвээр Үнэний тухай ярилцахаар хичээлээ.
МОНГОЛЧУУДАД ХАЙРЫН ТУХАЙ ЯМАР Ч ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
- Хайрын тухай хүн бүхэн, салбар бүр өөр өөр зүйл хэлдэг. Философичдоос хайр гэж юу вэ гэж асуувал ямар хариулт ирэх бол?
- Шашинд бурхны хайр ярихаас хүний хайр дурьдах ч үгүй. Харин философи хүний хайрын тухай авч үздэг. Ээжийн, аавын эсвэл хосын хайр гээд л ялгаад явчихна. Шинжлэх ухаан бол хайрыг хүний тархинд ямар, ямар гормон илэрдэг эсвэл сэтгэлзүйн асуудалд хэрхэн ордог талаас нь тайлбарладаг л даа. Манай салбарт хосуудын хайрын тухай 15, 16-р зуунаас хойш л ярина шүү дээ. Яагаад гэвэл тэр үеэс л хүн төрөлхтөн хайр дурлалаараа чөлөөтэй хуримладаг болсноор хосуудын хайр дурлал гэдэг ойлголт гарч ирсэн. Хайртай хүнтэйгээ хамт амьдрах боломжтой болсон гэсэн үг л дээ. Хамт амьдрахгүй бол хайртай байгаад юугаа хийх вэ дээ. Нэг нэгэндээ баттай үнэнч тэр л хайрын тухай бид ярилцана гэж ойлгож байна. Түүнээс биш ганцхан оройны юмуу түр зуурын дур хөдөлсөн болзооны дурлал бол хайр биш. Яг л роман дээр гардаг шиг чи зөвхөн минийх шүү. Би зөвхөн чинийх шүү. Гуравдагч хүн байхгүй шүү гэсэн ойлголтыг хайр гээд байгаа.
- Роман дээр бичсэн шиг тийм үнэнч хайрыг бид ийм нийгэмд байлгах боломжтой юу?
- Энэ бол хайрын тухай тэр хүний мэдлэг чадвараас л хамаарна. Хайр дурлалыг юу гэж ойлгодог, түүнийгээ багаасаа хүмүүжлээр олж авсан уу эсвэл ном зохиолоос мэдсэн үү гэдэг нь хувь хүний л асуудал. Хайрын онол гэж хаана ч байхгүй. Цэвэр сэтгэлийн хөдөлгөөн дээр болдог зүйл. Сэтгэлийн хөдөлгөөн үргэлж илрэхгүй. Өглөөнөөс орой болтол хүн хайртай байж чадахгүй. Яг энэ талаар л Монголчууд олон зуун ном бичиж, ярилцлага хийж тодорхой болгоогүй учраас өнөөдрийг хүртэл хайрын тухай бидэнд ямар ч ойлголт байхгүй.
Монголд хайрын тухай ганц ч ном бичээгүй. “Хайрлах урлаг” гээд миний орчуулсан ном л хайрыг тайлбарласан анхны ном байх. Энэ номонд хайрыг дөрвөн салбарт тайлбарладаг. Шашин, философи, сэтгэлзүй, социологийн талаас нь тайлбарладаг. Ийм олон талаас нь ярьж байж хайрын тухай ойлголтыг гаргаж ирнэ үү гэхээс нүдэнд харагдах энгийн зүйл биш л дээ. Хайр бол амьдралын жишээнүүдээр л хүнд харагдана. Хамгийн анхны жишээ бол Ромео Жулетта байна. Нэг бол хоёулаа амьдаръя нэг бол үхье. Ээж, аав, лам бүгдээрээ дургүйцээд бид хоёрыг суулгахгүй байна. Тэгвэл хоёулаа үхчихэе л дээ гэдэг биз дээ. Энэ л хайрын тухай хамгийн анхны сонгодог жишээ.