Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Д.Болор: Өнгөрснөө үгүйсгэх хэрэггүй, түүний оронд хүнээ хөгжүүл
Leaders club 

Д.Болор: Өнгөрснөө үгүйсгэх хэрэггүй, түүний оронд хүнээ хөгжүүл

Баяр Удвал Баяр Удвал
2 сарын 9, 2023
0
Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна.Энэ удаагийн зочноор “Эн Си Эс” компанийн гүйцэтгэх захирал Д.Болорыг урилаа. 

Залгамж халааг бүү тасал
Төрийг удирдана гэдэг бусдаас ялгаатай зүйл огт биш. Өөрөөр хэлбэл, компани удирдахтай ижил. “А” гэх компанийг хөгжүүлэх үү, дампууруулах уу гэдэг эрх мэдэл бүхий удирдагчийн ур чадвараас хамаарна.

Аливаа зүйлийн суурийг хэрхэн тавьснаас олон зүйлийг бий болгож болох юм. Тиймээс эрхэм зорилгоо тодорхойлж, алсын хараа, үнэ, цэнийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлнэ гэвэл эхлээд эрхэм зорилго, алсын хараагаа тодорхой болго. Түүний дараа ямар үнэ, цэнэтэй байх вэ гэдэг чухал.

Манай улсын хувьд төрөөс 2030 он хүртэл хөгжих стратеги төлөвлөгөөгөө боловсруулан баримт бичиг болгоод гаргаад ирсэн боловч түүнийг эргүүлж харахгүй байна. Тухайлбал, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж ном гарсан байдаг. 

Цаашилбал, стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хэн нэгнийг үгүйсгэхээс илүүтэй хэрхэн үргэлжлүүлэх вэ, яаж үр дүнд хүргэх вэ гэдэг чухал. Энэ мэтчилэн төрийн тогтвортой байдлыг хадгалах, залгамж халааг бэхжүүлэх талд манайхан алдаад байгаа юм.

Учир нь улс төрийн шалтгаанаар төрийн албанд томилгоо хийх нь оновчтой шийдэл биш гэдгийг сүүлийн 26 жилийн турш харсан. Гэвч бид алдаанаасаа суралцдаггүй. Тиймээс улсын хөгжлийн тухай ярих ч хэрэггүй. Харин хэрхэн залгамж халаатай ажиллах вэ гэдэгт суралцах хэрэгтэй гэж хардаг.

Жишээлбэл, компани удирдахын тулд өмнөх удирдлагуудын хийж байсан зөв алхам, оновчтой шийдлийг үргэлжлүүлэхийг зорьдог. Ингэхдээ хэрхэн сайжруулах вэ, үр өгөөжийг нь өсгөх боломжийг яаж нэмэх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

Миний удирдаж байсан компаниудын амжилттай ажиллаж ирсэн шалтгаан ердөө энэ. Залгамж халаа, хэтийн төлөвлөгөөг тасалдуулахгүй үргэлжлүүлсний үр дүн юм. 

Төр сайн засаглалтай болох хэрэгтэй
Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээр олон зүйлийг олж авсан. Гэхдээ алдаа, оноогоо дэнслэхгүйгээр цааш хөгжихгүй гэдгийг орхигдуулсан. Учир нь хувь хүн өөрийн өмчтэй байж болох тэр боломжийг зарим талдаа буруугаар ашиглажээ гэж хардаг. Яагаад гэвэл, хувийн компани учраас зөвхөн захирал ашиг хүртэнэ, эсвэл бүхий л эрх мэдэл захиралтай хамааралтай мэт ойлгосон. Энэ нь эцсийн дүндээ компанийн сайн засаглалыг үгүй хийж, хөгжих боломжийг боомилсон хэрэг.

Хэрэв дэлхийтэй хөл нийлүүлэн алхая гэвэл, олон улсын стандартыг нэвтрүүлснээр шинэ технологиос гадна бизнесийн соёлд суралцах хөшүүрэг болдог. Гадны хөрөнгө оруулагчид орж ирснээр бизнесийн соёл болон бусад сайн туршлагуудыг Монгол Улсын хөрсөнд буулгаж байна.

Үүнийг дагаад дотоодын аж ахуйн нэгжүүд ч компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх нь хөгжлийг түүчээлэх боломж гэдгийг харж эхэлжээ. Тухайн компани засаглалтай сайтай байснаар хөрөнгийн зах зээлээс хүүгүй хөрөнгө оруулалт татах боломжийг ч мөн л компанийн захирлууд олоод харчихсан байгаа юм. Энэ нь ирээдүйд үйлдвэрлэлээ өргөтгөх маш том боломж гэдгийг гадны компанийн туршлагаас харж болно. Манай улсын хувьд ч ялгаагүй дээрх зарчмаар төрөө удирдаж сайн засаглалтай болсноор хөгжилд хүрэх боломж бий.

Мэдээж үүнийг хийхийн тулд улс төрийн тогтворгүй байдлыг бууруулах хэрэгтэй. Үүний тулд зах зээлийн удирдлагын ухаанд суралцах ёстой юм. 

Өнгөрснөө үгүйсгэх хэрэггүй
Үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг баримт бичгийг боловсруулж байсан юм билээ. Гэвч түүнийг нь хэрэгжүүлэх гэж явсан нэг ч төрийн түшээ, сайд дарга байхгүй гэвэл хилсдэхгүй болов уу.

Тухайлбал, 2008 онд баталсан Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлсон боловч ганц ч удаа сөхөж хараагүй. Тэр ч бүү хэл шинээр гарч ирсэн хүмүүс нь өнөөх л хөгжүүлэх төлөвлөгөөг өөрийнхөө хэмжээнд л боловсруулан цаг алдсаар байгаа юм.

Жишээлбэл, бизнес төлөвлөгөөг тухайн компани өөрийн онцлогтоо тохируулж боловсруулдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд сар, улирал, жилд юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Үүнийхээ дараагаар сар тутам биелэлтийг нь дүгнэж, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ зөвлөлдөнө.

Ингээд болохоос нь болохгүйг хүртэл бүхий л гарцыг удирдлагын баг хамтдаа эрэлхийлдэг юм шүү дээ. Мэдээж энэ бүхнийг гүйцэлдүүлэхийн тулд дунд шатны үүрэг оролцоо чухал. Тиймээс ажилтнуудаа хөгжүүлэх талд илүү анхаардаг. Улсын хувьд ч ялгаагүй хүнээ хөгжүүлэх талд анхаарах хэрэгтэй.



 Үнэгүйдсэн боломж
Нөгөөтэйгүүр, эдийн засгаа чадавхжуулснаар ирээдүйн төлөвлөгөөг биелүүлэх боломж бүрдэнэ. Гэтэл бид одоогоор хямарсан эдийн засагтай байхын зэрэгцээ зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтайгаар амьдарч байна. Тэгвэл цаашид энэ замаар явах уу, өөр салбаруудаа хөгжүүлэх үү гэдэг сонголттой тулна.

Манай улс 70 сая малтай, гурван сая хүнтэй гэж ярьдаг. Гэвч бидний сайрхаад байгаа таван хошуу малаас гарч байгаа түүхий эд ямар үнэ цэнэтэй вэ. Түүнчлэн малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байгааг хүн бүр ярьдаг. Жишээлбэл, хонины нэхий 500 трөгрөг болсон гашуун үнэн бий. Харамсалтай нь бидний 500 төгрөгөөр зарсан арьсыг европт 110 ам.доллараар борлуулж байна.
Тэгэхээр бид үнэгүйдсэн боломжийг ашиглах хэрэгтэй гэсэн үг.

Өнөөдөр малаас гарч байгаа түүхий эдийг олон улсын стандартын дагуу ядаж хагас боловсруулаад гаргахад л эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал өснө.
Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хийж чадах зүйлийг дэлхийн зах зээл дээр Монгол Улсын брэнд бүтээгдэхүүн болгох ёстой юм. 

Бодит өсөлт цаасан дээр бус амьдрал дээр буух хэрэгтэй
Эдийн засаг өсч байна, хөрөнгө оруулалт нэмэгдлээ гэх мэтчилэн тоон баримтуудыг төрийн албаныхан мэдээлдэг. Гэвч тэр нь бодит хөрсөнд бууж байгаа эсэх нь чухал гэдгийг хэлдэггүй. Үнэхээр эдийн засаг 5.3 хувь өссөн бол жирийн иргэдийн тэр дундаа захын хороололд амьдарч байгаа өнөөх Дондог, Дулмаагийн амьдарл энэ хэрээр өссөн үү гэдэг.
Ядаж л тал талх, шулсан яс авахаа больсон уу гэдэг л чухал.

Түүнээс гадна манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч байгаа эсэхийг хардаг бай. Жишээлбэл, 2014 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 17500 ам.долларт хүргэнэ гэж бичсэн байгаа юм.

Гэтэл энэ тоо бодит амьдралд ямар байгааг хүмүүсийн амьдрал харуулна шүү дээ. Тэгэхээр цаасан дээр тавьсан тоог хөрсөнд буулгах ажлыг хийхгүй байгаа хэрэг.

Ер нь аливаа зүйлийг ярьж өнгөрөхөөс илүү ажил хэрэг болгоход анхаарах нь чухал. 
Манай улс эдийн засгаа өсгөж, улсаа хөгжүүлнэ гэвэл гадаад харилцаагаа сайжруулах тэр дундаа харилцан худалдаа хийх талд илүү зангарагтай байх хэрэгтэй. Гадаад талаас өгч байгаа боломжийг алдалгүй ашиглах учиртай.

Тухайлбал, гаалийн татварын хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг бизнесийнхэнд ашиглах боломжийг нь төрөөс гаргаж өгөх. Мэдээллийг ил тод болгох ёстой. Ингэснээр эцсийн дүндээ улсын эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжинэ. Энэ хэрээр хүмүүсийн амьжиргааны төвшин сайн болно.
 
Алсын хараа
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр олон зүйл хийсэн. Манай улс жижигхэн зах зээлтэй гэдгийг харгалзаж үзэх учиртай юм. Харамсалтай нь үүнийг тооцоолоогүйгээс босгохыг зорьсон үйлдвэрүүд хүнд байдалд орсон нь бий. Тухайлбал, гангын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд багадаа долоон сая хүн амтай зах зээл дээр босгох хэрэгтэй юм билээ. Учир нь дотоодын худалдан авалтаар нэн тэргүүнд дэмждэг. Нөгөө талаас манайхны онцлог бий.

Хэн нэгэн бизнес эрхлээд, үйлдвэр байгуулаад ажиллахаар даган дуурайдаг. Энэ нь эцэстээ биесээ татаж унагах хөшүүрэг болдог юм шүү дээ.
Жишээлбэл, барилгын салбарт хэдий хэмжээний хөрөнгө түгжигдсэн гэдгийг хэлэхэд хүнд. Зарим нэг нь тэсч байгаа бол зарим нь аль хэдийнэ өрөнд ороод хаалгаа барихад хүрсэн. Тиймээс зах зээлийн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай.

Мэдээж тухайн эхлүүлж байгаа бизнесийн хэтийн үр өгөөж, хөгжих боломжийг судлахгүйгээр эхлүүлсэн бол хөрөнгөөрөө шатахаас өөр гарцгүй болж байна гэсэн үг. Тиймээс компани эсвэл улс орон аль нь ч бай хөгжихийн тулд алсын хараатай байх ёстой гэдэг зарчмыг алдагдуулж болохгүй.

Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ баримтлах зарчмаа төр болон хувийн хэвшлийнхэн өөрчлөх цаг болсон. Үйлдвэрлэгч зөвхөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байх ёстой. Түүний савлах баглаа боодлыг хариуцдаг аж ахуйн нэгжтэй, борлуулалтыг нь хийх тусдаа газартай байдаг. Гэтэл манайд энэ бүхнийг нэг компани ганцаараа хийх гэж оролдсоноос хөгжиж чадахгүй байгаа юм.

Бүтээгдэхүүнээ хэрхэн сайжруулж олон улсын зах зээл рүү гаргах вэ гэдэгт санаа тавихын зэрэгцээ бусад зүйлд ч анхаарлаа хандуулахаар хүч тарамдсан зүйл болдог. Энэ нь бүтээмж, үр өгөөжид сөргөөр нөлөөлдөг. Улс орны хувьд ч ялгаагүй өөрийн хийж болох, болохгүй ажлыг тодорхойлон хүч алдахгүйгээр ажиллахыг зорих нь маш чухал. 

Орхигдсон хүний хөгжил 
Ер нь хувь хүний аливаад хандах хандлага ажлын бүтээмжид нөлөөлдөг. Тиймээс хүнийг хөгжүүлэх талд улсын зүгээс анхаарах хэрэгтэй. Гэхдээ хөгжүүлэхийн тулд заавал их, дээд сургуульд сурах хэрэггүй. Хувь хүн өөртөө үнэнч байх хэрэгтэй. Түүнээс гадна сул талаа давуу тал болгон ашиглах, айдсаа дарах зэрэгт суралцах ёстой.

Хэн нэгнээр шахуулж, шаардуулахгүйгээр үүрэгт ажлаа ягштал хийж сурах учиртай.
Манай улсын хувьд мэргэжилтэй боловсон хүчний хомсдолтой. Дээр нь хувь хүн ажилдаа хандах хандлага нь төлөвшөөгүй. Үүнээс гарах үр дүн, эрсдлийг аж ахуйн нэгж өөрөө үүрнэ. Улсын хэмжээнд авч үзвэл, төрийн ажлын цалгардлаас харж болно. Тиймээс хүнээ хөгжүүлэх нь маш чухал.

Жишээлбэл, компанийн удирдлагын төвшинд ямар зорилгын хүрээнд ямар үүрэгтэй оролцохоо сайтар ухамсарласнаар гарах үр дүн өндөр байна.
Мэдээж дунд болон доод шатанд ч ялгаагүй зорилгоо ойлгож, нэг баг болж ажиллах чадавхид суралцах учиртай. Үүний үр дүнд ирээдүйд тухайн компани өсөн дэвжих, цаашилбал дэлхийн хэмжээнд үнэлэгдэх алхам болох юм. 

Нөгөөтэйгүүр удирдлагын багынхан хүнийг байнга урамшуулдаг арга барилд суралцах хэрэгтэй.
Манай монголчуудын араншин бий. Хүнийг үгээр урамшуулахдаа дэндүү харам. Түүнчлэн эд материалын урамшуулал тийм ч оновчтой шийдэл биш гэж боддог. 


Ч.Эрдэнэдалай: Валют ол, өрнөөс гар, хадгаламж үүсгэ
Э.ШИЖИР: Бид туршлагагүй байсан бол ямар ч үр дүн гарахгүй
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration