Ирэх 11 дүгээр сарын 1-нээс архивын лавлагааг дүүргээс олгоно
Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.
Тэгвэл ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болоод байна. Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.
Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.
Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.