Пүрэв, 2 сарын 9, 2023
Хадгалсан мэдээ (0)
Ц.Оюунжаргал: Стратеги төлөвлөгөөг уйгагүй хэрэгжүүлснээр хөгжилд хүрнэ
Leaders club 

Ц.Оюунжаргал: Стратеги төлөвлөгөөг уйгагүй хэрэгжүүлснээр хөгжилд хүрнэ

Баяр Удвал Баяр Удвал
2 сарын 9, 2023
811
0
Д.ОЮУНЧИМЭГ
Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор “GSMi” компанийн захирал Ц.Оюунжаргалыг урилаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ УЛСЫН ХӨГЖИЛ ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

Улс орны эдийн засгийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг учраас нэн тэргүүнд тэднийг чадавхижуулах хэрэгтэй. Үүний тулд менежмент, стратегийг нь сайжруулахад анхаарлаа хандуулж ажилладаг. Мэдээж стратегийг зөв тодорхойлохын тулд зайлшгүй гадаад орчныг судлах хэрэгтэй болдог. Гэхдээ зөвхөн энэ ажлыг хийснээр улсын хөгжлийг түүчээлэх хэмжээнд хүрэхгүй гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд харагдаж байгаа юм. Тэгэхээр зөвхөн микро төвшинд биш макро төвшиндөө дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй.

Ер нь улс орныг зөв зүйтэй хөгжүүлэхийн тулд зарим нэг ойлголтын зөрүү байгааг анзаарсан. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт нь улсын хөгжил мэтээр харж болохгүй. Өөрөөр хэлбэл, 2011 онд дэлхийд байхгүй эдийн засгийн өсөлттэй байсан. Тэрхүү 17 хувийн өсөлтийг бид улсаа хөгжүүлэхэд ашигласан уу гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл, хүмүүсийн амьжиргааны төвшнийг харвал өсөхөөс илүүтэй зарим тохиолдолд бүр дордсон байгаа нь статистик мэдээллээс харагддаг шүү дээ. Мэдээж үүнд эдийн засаг, санхүүгийн хямрал нөлөөлж байгаа хэдий ч дунд орлоготой иргэдийн орлого буурч байгаа нь эдийн засагт сөрөг үр дүнг дагуулдаг зүйл.
Тэгэхээр улс орны хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь дунд орлоготой иргэд, хүн амынхаа нэлээд хувийг эзэлж байгаагаар дүгнэдэг. Тиймээс үүнд анхаарах учиртай.

ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ХЭРЭГТЭЙ

Ер нь улс орны хөгжлийг дөрвөн үндсэн шалгуураар илэрхийлдэг. Нэгдүгээрт, байгалийн баялаг буюу газарзүйн байршил хөгжилд нөлөөлдөг. Тухайлбал, манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамаардаг. Энэ нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа багахан савалгаанд ганхаад уначихдаг болохыг харлаа. Тиймээс улс орны дунд болон урт хугацааны стратеги маш хэрэгтэй. Жишээлбэл, Солонгосын хөгжсөн түүхээс харвал, таван үндсэн салбартаа бүх талын анхаарлыг хандуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжих боломжтой хэмээн тодорхойлсон салбартаа Засгийн газар болон хувийн хэвшил бусад хамааралтай бүхий л газрууд нь уялдаатайгаар дэмжиж ажилласнаар өнөөдрийн хөгжлийн төвшинд хүрсэн байна. Тэгэхээр бид үүнийг дотооддоо ашиглан хөгжих чиглэлээ зөв тодорхойлох ёстой.
Бид улсыг хөгжүүлэх, эдийн засгийн идэвхтэй байх хүн амынхаа дийлэнхийг Солонгос улсын ажиллах хүч болгож байгаа нь харамсалтай. Манай улсын хувьд эдийн засгийн идэвхтэй хүн ам нь 1.2 сая. Эдгээрийг дотооддоо ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна улсаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАРАА ТОДОРХОЙЛ

Гадаад орчны өөрчлөлтийг харах нь стратегийн гол зорилго. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлтөөс гадна дэлхий дахинд юу болж байгааг анхааралтай ажиглаж байх учиртай. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашигла. Мэдээж уул уурхайн баялгаа эргэлтэд оруулж үр өгөөжтэй байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ нь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамааралтайгаар эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Тиймдээ ч бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамгүй мэдэрсэн шүү дээ. Тэгэхээр уламжлалт болон бусад нөөц бололцоогоо ашигласнаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах боломжтойгоос гадна улсыг хөгжүүлэх алхам болно. Үүн дээр нэмээд оюуны нөөцийг ашиглах бүрэн боломж бий. Тухайлбал, Энэтхэг улс “IT”-гийн салбарыг хөгжүүлэн дэлхийн зах зээл томоохон байр суурь эзлэх болсон. Тиймээс энэ орон зайд тоглолт хийж гарч ирэх боломж нь манай залууст бий.
Харин үүнийг хэрхэн хөрөнгөжүүлж, өрсөлдөх чадвартай болгох вэ гэдэгт төрийн зүгээс анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь анзаарахгүй эсвэл ач холбогдол өгөхгүй байх шиг санагддаг. Би дээр хэлсэн Солонгос улс хөгжлөө тодорхойлох таван үндсэн салбарыг тодорхойлон түүндээ түшиглэн ажилласнаар хөгжсөн. Бид ч мөн л хөгжлийг дэмжих салбаруудаа тодорхойлон энэ зарчмаар ажиллаж болно шүү дээ.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО

Сүүлийн үед бизнесийнхэн болоод төрийнхөн өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Олон улсын тавцанд хүрч ажиллахын тулд өрсөлдөх чадвартай байх нь чухал. Тэгэхээр эхлээд тодорхойл, дараа нь нөөц бололцоогоо ашиглан ажиллах хэрэгтэй. Дэлхийн стратегийн зөвлөх, профессор Майкль Портер “Улс орон бүр өөрийн өрсөлдөх чадварыг тодорхойлох ёстой” гэсэн байдаг. Тиймээс бид бусад улсуудтай өрсөлдөхийн тулд юуг анхаарах ёстой, ямар төвшинд ажиллах вэ гэдгээ тодорхойлох юм. Өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь төрийн бодлогын залгамж халаа. Дөрвөн жилийн мөчлөгтэй бодлого баримталж ажиллаж байгаа нь эдийн засагт ихээхэн хор хөнөөлтэй гэдгийг хүн бүр хэлдэг. Энэ нь эцсийн дүндээ өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж хөгжлийг хойш татаж буй юм. Өөрөөр хэлбэл, машины мотор тогтмол хугацаанд давтамжтайгаар гацаад явахгүй байгаатай адил гэж болно.

ЁС ЗҮЙ

Аливаа зүйлийн суурь ямар байгаагаас цаашид яах вэ гэдэг нь хамаардаг. Манай улсын хувьд бизнесийнхний хувьд ч, төрийн албан хаагчийн хувьд ч сууриа тавьж чадаагүй гэвэл хилсдэхгүй. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдэд хичээл орж байхдаа ёс зүйн тухай их ярих болсон. Учир нь үүнийг дэлхий нийтээр ярьж байгаа юм.


Ер нь дэлхийн хэмжээний санхүүгийн хямралыг судлахад эцсийн дүндээ ёс зүйгээ алдсанаас үүдсэн байдаг юм билээ.


Тухайлбал, богино хугацаанд их ашиг олохыг хүссэн, амин хувиа хичээсэн харалган бодлоос үүдэлтэй байдаг. Манай улсын хувьд алдаа дутагдлаа ойлгож, ярьдаг. Гэтэл хэрэгжүүлэх нь чухал гэдгийг л ойлгомоор байгаа юм. Жишээлбэл, компанийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ уйгагүй, тууштай хэрэгжүүлэх нь чухал.

ЁС ЗҮЙ БА ХӨГЖИЛ

Оюуны чадамжаа хөгжүүлэх нь олон зүйлийн суурь болж өгдөг. Хүн боловсрол эзэмшихийн хэрээр ёс зүйд суралцдаг гэж боддог. Гэвч зарим тохиолдолд боловсролоос хамаарахгүйгээр ёс зүйгүй үйлдэл гаргах нь бий. Энэ нь хувь хүний суурь хүмүүжилтэй холбоотой байж болох юм. Манай улсын хувьд оюун ухаанд суурилсан боловсролын системтэй. Энэ нь өрөөсгөл талтай гэж боддог. Хэдий чинээ ухаантай байлаа ч хүн чанар, хүнлэг сэтгэл дутвал манлайлагч байж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл, хүн бүр манлайлагч байхын төлөө зорьдог. Харин үүндээ хүрэхийн тулд ёс зүйгээ орхигдуулдаг байж болохгүй юм. Тэгэхээр бид оюуныхаа чадамжийг ашиглан алдаа дутагдлаа тодорхойлон, улсаа хөгжүүлэх стратеги боловсруулж чаддаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг нь бодит үнэн. Тиймээс тодорхой зүйлийг бодит ажил болгохын тулд ёс зүй дутаж байгаа юм. Мөн хөдөлмөрч байдал ч дутагддаг. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн хөгжилд ёс зүйтэй байх нь суурь болдог гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй байх нь өнгөрсөн үеэ үгүйсгэхгүй залгамж чанарыг эрхэмлэн хөгжих нэг боломж.

Түүнчлэн хувь хүний өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд ёс зүйтэй, хүн чанартай хүн болж төлөвших учиртай. Үүний дараагаар хэлний боловсролдоо анхаарлаа хандуулснаар ирээдүйд мэргэжил эзэмшин дэлхийн тавцанд үнэлэгдэх эхний алхам болно шүү дээ.

ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАГЧ ҮЛГЭРЛЭДЭГ БАЙХ ЁСТОЙ

Институцийн хөгжлийг бас орхигдуулж болохгүй. Учир нь үүгээрээ хүн бүрийн хэлдэг залгамж халаа болон хууль эрх зүйн орчин зэргийг өөрчлөх боломжтой. Цаашид институцийн чадавхийг хөгжүүлснээр ярьдаг биш хийдэг хэвшилд суралцах юм. Биднийг манлайлагч удирдах ёстой гэдэг. Гэхдээ манлайлагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Жинхэнэ манлайлагч өөрөөрөө үлгэрлэдэг удирдагчийг хэлдэг. Орчин үед хэрэв манлайлагч байхыг хүсвэл өөрөөсөө гадна ёс зүйтэй, чадвартай, чадалтай удирдагч олныг төрүүлэх ёстой гэж үздэг.

Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд оюуны чадамжаа ашиглах хэрэгтэй бөгөөд чадварлаг, чадалтай, ёс зүйтэй удирдагчийг төрүүлэх нь зүйтэй гэж боддог. Энэхүү удирдагч нь нийгмийн болон иргэний ёс зүйг ухамсарлан шилдэг удирдагчдийг олноор бий болгож улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах учиртай. Тиймээс төрийн албанд мэдлэг чадвартай, ёс зүйтэй, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх боловсон хүчнийг тохоон томилдог байх хэрэгтэй юм.

 “Зууны мэдээ” сонин 2017.05.15
Д.Болор: Өнгөрснөө үгүйсгэх хэрэггүй, түүний оронд хүнээ хөгжүүл
Э.ШИЖИР: Бид туршлагагүй байсан бол ямар ч үр дүн гарахгүй
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration