
А.Гансүх: Хуурамч мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Д.ОЮУНЧИМЭГ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
алба хаагчид 20 сая ам.долларыг хилээр оруулж ирсэн талаар мэдээлэл гарч
байгаа. Энэ талаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх мэдээлэл хийлээ.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврын
дагуу тайлбар өгч байна. Өнөөдрийн хэвлэл мэдээллээр гарч байгаа “ҮАБЗ-ийн
албан хаагчид 20 сая ам.долларыг оруулж ирсэн гэдэг хуурамч мэдээллийг гүтгэлэгийн
шинж чанартайгаар тараалаа. Маш хариуцлагатайгаар хэлье. Энэ бол гүтгэлэг
бөгөөд хуурамч мэдээлэл. Яагаад гэдгийг мэдэхгүй. Улстөрийн зорилготой юм болов
уу гэж таамаглаж байна” гэсэн юм.
ҮАБЗ-ийн ажлын алба бол төрийн тусгай
чиг үүргийн байгууллага. Төрийн албаны хийгээд цэргийн тангараг өргөсөн тусгай
албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэдэг. ҮАБЗ-ийн алба хаагчид, ажлын албаныхан
хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Монгол Улсын онцгой эрх
ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэйгээр хуулийн хүрээнд биелүүлж
байгаа гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн юм.
ҮАБЗ-ийн алба хаагчид албаны тусгай
үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үдэ хүртэл автомашинаар яваад буцаж ирсэн. Онгоц
нисэхгүй байгаа учраас автомашинаар явсан нь үнэн. Бидний ажил далд хэлбэрээр
явдаг. Ямар нэг сурталчилгаа огт шаардлагагүй бас хийдэггүй. Албан томилолтоор
явсан алба хаагчид бүхий л бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн ажлаа
гүйцэтгэж ирээд тусгаарлалтад орсон. Унаж явсан машин нь хил, гаалийн бүртгэлд
бүртгэгдэж, хяналтын байгууллагаар шалгагдсан. Энэ машинд ямар нэг хууль бус
мөнгө байгаагүй, байх ч боломжгүй.
Өнөөдөр үүссэн улстөрийн нөхцөл
байдлын үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хэзээ ч хийж байгаагүй
гэдгийг дахин хэлье. Түүнээс гадна Хил хамгаалах байгууллага, гааль, тагнуул,
цагдаа бүгд Засгийн газрын эрх хэмжээний байгууллагууд. Тиймээс эдгээр
газруудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгох
хэрэгтэй.
Монгол Улсад улстөржөөгүй үлдсэн
ганц байгууллага нь ҮАБЗ гэдгийг тэрээр тодотгохын зэрэгцээ улстөржүүлэх
шаардлагагүй гэдгийг улстөрчдөд хандаж хэлсэн юм. Түүнээс гадна хууль, шүүхийн
байгууллагад ҮАБЗ нөлөөлж хэргийг шүүн таслах явцад оролцсон байж магадгүй гэх
мэдээллийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх үгүйсгэсэн юм. Тэрээр “Хэрэв
шүүгч хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ҮАБЗ-ийн гурван гишүүн
хамтарч эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжтой хуулийн заалт байсан ч
хүчингүй болгосон” гэлээ.

Уншиж байна...