
Б.Гэрэлмаа: Маргаашийг төлөвлөхгүй өнөөдрийг устгах нь мөхөлд хүргэнэ
Д.ОЮУНЧИМЭГ
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос гишүүн болон харилцагч байгууллагуудынхаа дунд санхүүгийн хүртээмжийг нэмэдүүлэх зорилт дэвшүүлэн энэ оныг “Хүртээмжтэй санхүүгийн жил” болгон зарлажээ. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжил, хүртээмжийг олноо таниулах зорилгоор банк бусын удирдлагуудтай зорилго, зорилт хийгээд хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцан уншигч олноо хүргэхээр бэлтгэж буй. Ярилцлагын анхны зочноор “Төв хөгжил” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлмааг урилаа.
ЭРХ АШГУУДИЙН “ТУНГ” ТААРУУЛАХ НЬ ЧУХАЛ
-“Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй юм байна. Санхүүгийн зах зээл дээр ажиллаж эхэлсэн үеийн туршлагаасаа хуваалцна уу?
-Манай банк бус 2001 оны долдугаар сарын 23-нд Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх Төв аймгийн Засаг дарга М.Мэндбилэг надад санал тавьсан. Хэдийгээр санхүүгийн чиглэлээр олон салбарт ажилласан ч банкинд ажиллаж байгаагүй учраас жаахан бэргэсэн. Тэгтэл М.Мэндбилэг дарга “Чи Плехановын нэрэмжит эдийн засгийн академийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн биздээ. Олон түмний төлөө ажилла, чад” гэж тулгасан юм. Би “хэдэн өдөр бодъё” гэж хэлчихээд банкны хууль хийгээд холбогдох, заавар, журам, баримт бичгүүдийг уншиж судаллаа. Эцэст нь аймгийн даргын саналыг зөвшөөрч, компанийн дүрмийн санг бүрдүүлэхээс ажлаа эхэлсэн.
Олон хүнтэй уулзаж хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшигч болох санал тавьж байсан ч хүссэнээр болдоггүй юм билээ. Хэсэг хугацааны дараа 11.2 сая төгрөгийн дүрмийн сантайгаар ажлаа эхлүүлсэн. Дүрмийн сангийн 56 хувийг иргэд, 44 хувийг орон нутгийн өмч эзэлж байлаа.
Аливаа бизнесийн хөгжих, дэвжих нь хөрөнгийн эргэлтээс хамааралтай. Хөдөө орон нутагт санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах амар биш. Анх 11.2 сая төгрөгийн дүрмийн сантай эхэлж байсан бизнес маань өнөөдөр гурван тэрбумд хүрсэн. Гэхдээ энэ хэмжээнд хүрч ажиллахын тулд 20 жил тасралтгүй ажилласан байна. Энэ хугацаанд бид хүмүүсийг санхүүгийн бэрхшээлээс гарах дэмжлэг, туслалцааг үзүүлсэн юм шүү дээ. Мэдээж олон хүнд хүрч ажиллахын тулд тодорхой тооны ажилчдыг цалинжуулж, нийгмийн даатгалыг төлөх учиртай. Цаашилбал, сайн ажилчдаа алдахгүй авч үлдэхийн тулд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээс эхлээд бидэнд ч санхүүгийн асуудлууд тулгардаг.
Хүмүүсийн дунд “мөнгө хүүлэгч” гэдэг нийтлэг ташаа ойлголт байдаг. Үүнийг бид ажил үйлсээрээ залруулж харуулахыг хичээдэг. Үнэн хэрэгтээ бид хүмүүсийг санхүүгийн сахилга батад суралцахад хөшүүрэг болдог. Банкнаас зээл авч чадахгүй байгаа хүн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг юм. Мэдээж хэр их хариуцлагатай байна төдий чинээгээр хүүгээ бууруулах боломж бий.
Ер нь мөнгө зээлдүүлэх, зээлээ графикийн дагуу эргэн төлөх гэдэг хүмүүс хоорондын харилцан итгэлцэл дээр тогтдог юм. Манай байгууллага “Эвлэвэл бүтдэг. Нэгдвэл хүчирхэгждэг” гэдэг уриатай. Бид тодорхой зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй иргэд, байгууллагад санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн хамтдаа хөгжих эрхэм зорилготой. Энэ дашрамд, харилцагч, хамтрагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Хөдөө орон нутагт бизнес эрхлэх гэдэг тийм ч амар биш гэдэг. Тэр дундаа санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулна гэдэг хүнд байсан болов уу?
-Мэдээж амар биш. Хот, хөдөөгийн ялгаа гардаг л юм. Тухайлбал, зарим үед манай хувь нийлүүлэгчдийн тоо 62 хүрч байлаа. Ямар ч компанийн хувьд гурван төрлийн ашиг сонирхол бий. Тухайлбал, хувь нийлүүлэгчид их хэмжээний ногдол ашиг авахыг хүснэ. Үйлчлүүлэгчид, харилцагчид чирэгдэл багатай, хүү багатай зээл авахыг бодно. Түүнчлэн ажиллагсдын тухайд цалин хангамж нь амьдралд нь хүрэлцээтэй байхыг л хүсдэг. Тиймээс 20 жилийн хугацаанд гурван тусдаа эрх ашгийн аль нэгийг давамгай байдалд хүргэхгүйн төлөө “тунг” нь тааруулж ажиллахыг хичээсэн. Түүнээс гадна Монгол Улсын хууль, дүрэм журмыг ягштал биелүүлдэг, зөв жишиг, зөв хандлагыг олонд түгээж ажиллахыг зорьсон. Мөн хувь нийлүүлэгчдэдээ дүрмийн сангаа өсгөх талд анхаарал хандуулахыг шаарддаг. Тиймээс үүсгэн байгуулагдсан цагаас хойш бид хөрөнгөө нэмсээр гурван тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон хэрэг.
Нөгөөтэйгүүр дүрмийн сангийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр, компаний эдийн засгийн чадавхи сайжирч улмаар зээлийн хүүгийн хэмжээг бууруулж ирсэн. 2001 онд Төв аймагт ХААН, Хадгаламж банк хоёр үйл ажиллагаа явуулдаг байв. Тэд сарын таван хувьтай зээл олгодог байсан юм. Тухайн үед манай аймагт хоёр банк, нэг банк бус санхүүгийн байгууллага, хэд хэдэн ломбардтай байсан юм шүү дээ. Тиймээс бид хүүгээ бууруулах бодлого баримталж сарын долоон хувийн хүүтэйгээр зээл гаргадаг байлаа.
НИЙГМИЙН БҮХИЙ Л СИГМЕНТЭД ХҮРЧ ҮЙЛЧИЛДЭГ НЬ БИДНИЙ ДАВУУ ТАЛ
-Эрэлт, нийлүүлэлтээс гадна эдийн засгийн чадавхи бизнест илүү нөлөөлдөг гэдэг. 2000 оны эхээр хөдөө орон нутагт төдийгүй улсын хэмжээнд эдийн засаг сул байсан гэж болно. Гэтэл гарааны бизнесээр эхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллага банктай өрсөлдөхүйц хүү амлана гэдэг...?
-Ер нь эдийн засгийн чадавхи сайн болохын хэрээр зээлийн хүү буурах боломж бүрддэг. Энэ бол эдийн засгийн зүй тогтол. Гэтэл эдийн засгийн чадамж нь төдийлөн сайжрахгүй байхад хөгжингүй оронтой эн зэрэгцэхүйц бодлого нэхэж байгаа нь буруу. Тэр ч бүү хэл өөрийн боломжоос давсан хэрэглээ хувь хүнийг эцэст нь маш хүнд байдалд оруулдаг. Үүнтэй адил эдийн засгийн чадамжаасаа давсан шийдвэр гаргах нь эргэж сэргэж чадахгүйгээр унах эрсдэлтэй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэж үг бий. Бид 20 жил тасралтгүй ажиллаж эргэлтийн хөрөнгөө өсгөсний үр дүнд зээлийн хүүгээ 4-2 хувь болтол буурууллаа. Мөн гаднаас хүү багатай эх үүсвэр олдсон нөхцөлд сарын 0.5-1.5 хувийн хүүтэй зээл олгосон үеч бий.
2003-2004 онд манай банк бусаас зээл авахыг хүссэн хүмүүс өглөө 06:00 цагт ирж дугаарладаг байсан юм шүү дээ. Тухайн үед манай эргэлтийн хөрөнгө бага байсан учраас мөнгө нь дуусахаас өмнө авах гэсэн юм гэдэг байв. Дүрмийн сан бага учраас зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгөө буцаагаад өөр харилцагчид олгодог байсан хэрэг. Одоогоор манайх 800-аад байнгын харилцагчтай. Төв аймгийн төвөөс гадна сумдаас ирж үйлчлүүлдэг болсон.
-Банк байсаар атал банк бусаас зээл авах шаардлага бий гэж үү. “Мөнгө хүүлэгч”-ээс заавал мөнгө зээлэх албатай гэж үү гээд хүмүүс асуух байх?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа зарим мэдээллээс харахад ийм асуудал тавьж байгаа харагддаг. Гэвч энэ нь амьдралын зайлшгүй шаардлагаар үүссэн, асуудлаа шийдвэрлэхэд түргэн шуурхай үйлчилгээгээр дэмжлэг, туслалцаа үзүүлж буй ганц салбар гэхэд буруудахгүй болов уу. Банкны шалгуур давж чадахгүй учраас зээл авах боломжгүй бизнес эрхлэгч, хувь хүмүүс манайд ханддаг. Өөрөөр хэлбэл, өөртөө ажлын байр бий болгох, амьдралаа өөрчлөх цаашилбал өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхийг зорьсон хүмүүс ирдэг. Магадгүй тэдгээр хүмүүсийн эрхэлдэг бизнес нь тогтвортой орлого олох боломжгүй байж болно. Гэхдээ тасралтгүйгээр ажилладаг, ажлын байрыг нэмэгдүүлдэг, ажиллах, хөдөлмөрлөх чин эрмэлзэлтэй хүмүүст итгэлцэл дээр үндэслэн зээл олгодог нь бидний давуу тал. Бид нийгмийн бүхий л сигментэд хүрч үйлчлэхийг зорьж бас үүгээрээ дамжуулан нийгэмд эерэг зүйлийг түгээхийг хичээнгүйлэн ажиллаж байна.
-20 жилийн өмнөх цаг үеийг одоогийнхтой харьцуулбал. Магадгүй хадгаламж зээлийн хоршооны дампуурал банк бусынханд сөргөөр нөлөөлсөн юм болов уу гэж хардаг. Таны хувьд?
-Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага хоёрыг нэг байгууллага мэтээр ойлгож болохгүй. Учир нь хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүдэд үйлчлэх ёстой. Харин банк бус санхүүгийн байгууллага нь гишүүн байхыг шаарддаггүй бөгөөд банк шиг үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, банкны шаардлага давж чадахгүй байгаа бизнес эрхлэгчид болоод хувь хүмүүст боломж олгож байгаа юм.
Нөгөөтэйгүүр манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс сэтгэгдэл өндөр байдаг учраас “мөнгө хүүлэгч” гэж хэлэхгүй гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл, хэдийгээр банктай харьцуулахад хүү нь бага зэрэг өндөр боловч тухайн зээлдэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Манайхаас зээл авч гэртэй болж байсан залуу бий. Тэрээр идэвхийлэн хөдөлмөрлөдөг учраас гэрээ байшин болгосон. Бүр цаашлаад байр, машин гээд хүний хэрэгцээтэй бүхий л зүйлийг бий болгож чадсан. Саявтархан тэр залуутай ярьж суугаад “За ашгүй дүү минь зээл чинь ч дууслаа. Амьдрал ахуй чинь ч дээшиллээ. Миний дүүгийн хичээл зүтгэл амьдралынхаа бүхий л хэрэгтэй зүйлсийг, тав тухыг бий болгож чадлаа. Амжилт хүсье” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр залуу “Та надад дахиж зээл өгөхгүй гэж үү. Би дахиж зээл авна. Өөр олон зүйл хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Үнэхээр зээл авсан хүмүүс зээлээ цаг хугацаанд нь төлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилладаг юм.
ИТГЭЛЦЭЛ БИДНИЙ БАРЬЦАА БОЛОХ НЬ Ч БИЙ
-Банкны шалгуур өндөр байх нь зайлшгүй. Учир нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг алдах вий гэх болгоомжлол байгаа. Банк бус санхүүгийн байгууллага ч ялгаагүй эрсдэлээ тооцдог биз дээ?
-Мэдээж эрсдэлээ тооцно. Гэхдээ итгэл даана гэдэг бизнесийн нэг зарчим бий. Харилцагчиддаа итгэж байгаагаа сайтар ойлгуулсан байхад зээлээ эргэн төлөхгүй алга болчих нь ховор. Ер нь иргэд санхүүгийн бэрхшээлээсээ банк бус санхүүгийн байгууллагын тусламжтайгаар гардаг гэвэл буруудахгүй болов уу. Учир нь банкны хүрч үйлчилж чадахгүй байгаа тэр орон зайг банк бус санхүүгийн байгууллага нөхдөг юм. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд бид итгэлцлийн хэмжүүрийг олонд таниулж, хүрч үйлчлэхсэн гэж боддог.
Монголын санхүүгийн системийн салшгүй нэгэн хэсэг нь банк бус санхүүгийн байгууллага. Тэдний нэг нь манай байгууллага. Бид 20 жилийн турш харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг биелүүлж ажилласан. Цаашид ч илүү хөгжиж, хөрөнгөө өсгөж, хүүгээ бууруулах чиглэлд анхаарч ажиллах болно.
-Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос 2021 оныг “Хүртээмжтэй санхүүгийн жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд танай байгууллага ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Холбооноос хүртээмжтэй санхүүг хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилт дэвшүүлсэн. Бидний хувьд ч ялгаагүй санхүүгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн. Манай компанийн хувьд энэ жил гар утасны лизингийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад гар утас хүмүүсийн хэрэглээ болжээ. Биднийг гар утасны лизингтэй болсон дариуд харилцагчийн тоо нэмэгдэж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бас нэг боломж гэж харж байгаа. Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий.
Энд бас нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Зээл авах амархан байж болно. Төлөх хэцүү шүү гэдгийг харилцагчдадаа сануулдаг. Тэгэхээр тухайн зээл хүсэгч өөрийн төлбөрийн чадварт нийцүүлж зээлийн хэмжээгээ тодорхойлж сурах хэрэгтэй. Энэ нэг талаас хүнийг басамжилсан мэт санагдах ч нөгөө талаас нь харвал санхүүгийн сахилга бат, тооцоонд сургах хөшүүрэг болох учиртай. Манай байгууллагын байнгын, найдвартай харилцагчийн зээлийн хүү буурсаар байдаг. Учир нь тэд бидэнтэй харилцах хугацаандаа эдийн засгийн хүртээмж, санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн удирдах, хэрхэн зарцуулах вэ гэдэгт суралцдаг юм. Бид зөвхөн зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Хэдийгээр манай байгууллага 20 жилийн хугацаанд ажиллахдаа 800 гаруй тогтмол харилцагчтай болсон ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд илүү зүйлийг сэдэж, санаачилж хийх хэрэгтэй юм. Тиймээс бидний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын дийлэнх нь хүртээмжтэй санхүүгийн жилийг үр дүнд хүргэхэд чиглэн ажиллаж байна. Би дээр ярьсан. Манай байгууллага хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр эргэлтийн хөрөнгөө босгодог. Тэгэхээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг. Энэ жил бидэнд олон ажлыг амжуулах шаардлага байгаа ч цар тахлын улмаас уулзаж, ярилцах боломж хомс байна.
САНГИЙН САЙД НЬ “ЯМАР Ч БОДЛОГО АЛГА” ГЭСЭН
-Бизнесийнхний хувьд татвар төлөх нь зарим талдаа хүндрэл болдог гэдэг. Ялангуяа үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт чухал байгааг олонтаа сонсч байлаа?
-Манай аймагт 2000 гаруй аж ахуйн нэгж бий. Тэр дундаас бид татвар төлөлтөөр тэргүүлдэг. Тийм ч учраас Татварын Ерөнхий газрын болон аймгийн татварын хэлтсээс “Хөх дэвтэр”, “Найдвартай татвар төлөгч” гэх мэт хүндэтгэл, өргөмжлөлүүдийг удаа дараа хүртэж ирсэн хамт олон. Энэ бол манай хамт олны болоод харилцагчдын маань хичээл зүтгэлийн үр дүн. Би үйлдвэрлэгчидтэйгээ барьцахгүй. Учир нь тэд олон ажлын байр бий болгож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд татвар төлдөг шүү дээ. Манай байгууллагын хувьд цөөн тооны ажилтантай ч гэлээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон ногдол ашгийн татвараа цаг тухайд нь төлсөөр ирсэн. Бидний төлөх татварын дүн жил бүр өссөөр байгаа.
Ямар ч компани өсч, дэвжихийн хэрээр улсад төлөх татварын хэмжээ нэмэгддэг. Хамгийн гол нь татвар төлсөн хэмжээгээр нь аж ахуйн нэгжүүдээ төрөөс дэмждэг байх учиртай. Харамсалтай нь тийм тогтолцоо манай улсад алга. Өөрөөр хэлбэл, тухайн ажил олгогч өөрсдийнхөө амьжиргааг дэмжиж байна. Түүний дараагаар олсон ашгаасаа улсад төлдөг татвараараа дамжуулан хүмүүсийн халамж хийгээд тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин, бусад зардлуудыг төлж байгаа шүү дээ.
-Төрийн дэмжлэг бизнесийнхэнд дутагдсаар ирсэн зүйлийн нэг. Таны бодлоор төрийн дэмжлэг гэж юуг хэлэх вэ. Хэрхэн хөрсөнд буулгах ёстой вэ?
-Хэрэв төрөөс дорвитой дэмждэг болчихвол манай аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох, хөгжих нь илүү амар болно. Мэдээж татварын бодлогоор бодитой дэмжлэгийг бизнесийнхэнд үзүүлдэг болвол тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхээс эхлээд ААНОАТ, ногдол ашгийн татвар гээд төрд төлөх учиртай бүхий л татварын хэмжээ өсөх юм.
Тухайлбал, манай компани жилд 160-170 орчим сая төгрөгийн татварыг төлж байна. Гэтэл бидэнд ямар нэгэн дэмжлэг огт үзүүлдэггүй. Бидний хувьд дүрмийн сангаа өсгөхөөс гадна харилцагчиддаа хүү багатай зээл олгохыг хүсч байна шүү дээ. Бас нийгмийн хэрэгцээ шаардлагаар зээлийн хүүгээ бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хүү багатай хөрөнгийн эх үүсвэр татах шаардлага тулгардаг. Харамсалтай нь төрөөс энэ төрлийн дэмжлэг үзүүлэлгүй өнөөг хүрсэн.
2008 оны үеэс банк, банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээлийн эх үүсвэр олгох “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-г Дэлхийн банк санаачлан байгуулсан юм. Тус байгууллага Монгол Улсад өрхийн амьдралын төвшинг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Учир нь бид хямд өртөгтэй эх үүсвэрээс авч харилцагчиддаа 1-1.5 хувийн хүүтэйгээр дамжуулан олгож байсан. Гэтэл өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-г татан буулгачихсан. Би тухайн үед нь “Зээлийн хүүг бууруулахыг иргэд шаардаж байгаа энэ үед банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгийн эх үүсвэр олох боломжийг бүрдүүлэх ямар бодлого баримталж ажиллах вэ” хэмээн Сангийн яамны ажилтнуудаас асуусан. Гэвч “Ямар ч бодлого алга” гэж хариулсан юм. Энэ бол эмгэнэл.
Сангийн яам Монгол Улсын эдийн засгийн бодлогыг барьж ажиллах төв байгууллагын хувьд “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-г татан буулгаж байгаа бол түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаггүй юм гэхэд зээлийн хүүг бууруулах хүсэлт, шаардлагыг биелүүлэх өөр хөшүүргийг бий болгох учиртай. Маргааш яах вэ гэдгээ огт төлөвлөхгүйгээр өнөөдөр болж байгаагаа устгах нь мөхөлд хүргэнэ.
МАНАЙ СИСТЕМИЙНХЭН ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛААР ХӨГЖИЖ ИРСЭН
-Бизнесийнхний хувьд дотоод эх үүсвэрээс эргэлтийн хөрөнгө босгохоос илүүтэй гадаад зах зээлээс мөнгө босгохыг зорьдог юм болов уу гэж анзаарсан?
-Зөвхөн манай салбарынхны хувьд гэвэл дотоодын бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр байхгүй болж байна л даа. Гадаад захаас зээл авч болно. Гэхдээ гадаад эх үүсвэрт ханшийн эрсдэл сөргөөр нөлөөлдөг. Алдагдалд орох нэг шалтгаан болдог юм. Нөгөөтэйгүүр, тухайн байгууллагын хөрөнгийн хэмжээг гадны хөрөнгө оруулагчид чухалчилдаг. Бидний хувьд хэдийгээр гурван тэрбумын дүрмийн сантай гэж байгаа ч гадаад захад төдийлөн хангалттай хөрөнгө биш гэж үздэг. Одоо бол банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн хүчээр л үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү дээ.
-Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж байгааг танай салбарын хэд хэдэн компани харууллаа. Санхүүжилтийн нэг эх үүсвэр нь хөрөнгийн зах байж болох уу?
-Бид ирээдүйд нээлттэй компани болохыг зорьж байгаа. Манайд хадгаламж байршуулах хүсэлтээ илэрхийлж хүмүүс ханддаг. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагыг иргэдээс хадгаламж татахыг хориглосон байдаг. Тиймээс бид хуульд заагаагүй үйлчилгээг иргэдэд үзүүлж болохгүй учраас хувьцаат компани болох нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бидэнд тавьж байгаа хүсэлт нь манайхыг хөрөнгийн зах зээлд гарвал хөрөнгө оруулна гэдэг санаагаа хэлж байгаа хэрэг. Үүний тулд бэлтгэл ажлуудаа хангах шаардлагатай юм.
-Банк, банк бус санхүүгийн байгууллагын ялгаа юу вэ?
-Асар том ялгаа бий. Банкуудын нийт активын 10 хувь нь өөрийн, 90 хувь нь бусдаас татсан хөрөнгө байдаг. Тодруулбал, хувь хүний хадгаламж, төрийн байгууллагаас байршуулсан хөрөнгө зэрэг нь 90 хувьд нь багтдаг юм. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн 90 хувь нь өөрийн өмч байдаг. Гэхдээ нийгэмд банк илүү хүчирхэг харагдаж бас ойлгогдож байна. Угтаа бол банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас санхүүгийн хувьд илүү чадамжтай юм.
Банкны системийг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хөндөхдөө болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл, хадгаламж эзэмшигчид мөнгөө татвал тэр систем хүнд байдалд орно. Харин банк бус санхүүгийн байгууллагад дүрмийн сан буурах эрсдэл харьцангүй бага учраас төр манай системд итгэл үзүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл айлын “шоовдор” хүүхэд шиг л явж ирлээ. Гэвч бид хэзээ ч гомдоллож байсангүй. Манай системийнхэн өнөөдрийг хүртэл өөрийн хүч чадлаар хөгжиж ирсэн нь бидний бахархал юм шүү.

Уншиж байна...