
Ц.Өлзийтогтох: Монгол Улс халдварын нөхцөл байдалд маш буруу дүгнэлт хийсээр байна
Б.ЭНХЗАЯА
“Урилгатай зочин” булангийн энэ удаагийн зочноор вакцин үйлдвэрлэгч, судлаач Ц.Өлзийтогтохыг урилаа. Түүнтэй дэлхий дахин цар тахалтай тэмцэж буй энэ үед хүн төрөлхтний анхаарлын төвд байгаа вакцин ба Монгол гэсэн сэдвээр ярилцсан юм.
-Дэлхий нийтэд цар тахал дэгдэж хоёр дахь жилтэйгээ золгож байна. Халдварын тархалт хараахан хумигдаагүй байна. Мэргэжлийн хүний хувьд та цар тахлын нөхцөл байдлыг дотоод, гадаадад хэрхэн харж байна вэ?
-Монголчууд “цар тахал” гэж яг юуг хэлээд байгааг ойлгох нь чухал. Ерөнхийдөө Монголын нийгэмд “цар тахал”-ыг маш аюултай халдвар гэдэг агуулгаар төр, засаг болон эрүүл мэндийн салбарын зүгээс ойлгуулахыг хичээж, иргэдийн зүгээс ч ингэж ойлгочихоод л байх шиг. Дэлхий дахинд пандемик гэж нэрлэж буйг л Монголд цар тахал гэж орчуулж ойлгочихоод байна. Уг нь спорадик, эндемик, пандемик гэдэг нь халдвар тархалтыг л илэрхийлдэг нэр томьёо л доо. Спорадик гэдэг нь ганц хоёроор буюу тухайн бүл, сүрэг, популяцийн дотроос цөөн тооны бодгаль халдварладаг хэлбэрийг, эндемик гэдэг нь тухайн бүс нутаг, улс дотор халдвар түгэн тархаж олон тоо толгой амьтныг халдварлуулдаг хэлбэрийг, пандемик гэдэг бүхэл улс даяар болон олон улсыг хамарсан халдвар тархалтын хэлбэрийг л тус, тус илэрхийлдэг нэр томьёо л доо. Намайг оюутан ахуйд багш нар тэгэж зааж сургасан бөгөөд дараа нь миний уншсан шинжлэх ухааны ном, хэвлэлүүдэд ч тэгэж бичиж тайлбарласан байдаг юм.
Одоо Монголд пандемик гэдгийг маш аюултай халдварт өвчин гэж ойлгуулахын төлөө ажиллаж байгаа хүмүүс ямар ном, хэвлэл уншаад ийм буруу ойлголттой болсныг гайхаад л байна.
Нэгэнт ийм өргөн хүрээг хамарч тархаасан халдвар бол тийм ч богино хугацаанд бүрмөсөн алга болохгүй нь тодорхой шүү дээ. Коронавирусийн нэг омгоор үүсгэгдсэн халдвар нь нэг хэсэг газар, бүс нутагт дарагдаж байтал өөр нэг омгоор нь дахиад халдвар дэгдээх, зэрэгцээ бүс нутагт нь халдварлуулах гэх мэтээр энэхүү пандемик халдварыг бий болгож тархаасан зорилго нь биелэх хүртэл хүн төрөлхтөн энэ цар тахал гэгчээс бүрэн ангижрахгүй. Хамтдаа л зэрэгцээд оршихоос өөр аргагүй.
-Цар тахлыг зогсоох гол аргыг вакцин гэж үзэж байгаа. Монгол Улс ч энэ үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсээр ирлээ. Харин таныхаар бол вакцин цар тахлыг зогсоох зөв гарц биш гэж үздэг. Монголчуудын нэг хэсэг ч ингэж үзсээр байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Вакцин бол халдварт өвчинтэй тэмцэхэд ашигладаг хэрэгслүүдийн нэг. 2020 оны 11 дүгээр сард 2021 оны Улсын төсвийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үед “Ковид 19” өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 50 сая доллар зарцуулахаар гадаадын байгууллага, банкуудтай тохиролцож байгаа бөгөөд 2021 оны улсын төсөвт нэг ч төгрөг тусгаагүй гэх яриаг сонсоод коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт гэгч нь “нохойн зам”-аар орох юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд л монголчууд дээр вакцины загвар битгий туршаарай гэж бичиж, гуйж эхэлсэн. Эхлээд “Хөх толбо” сонин дээр өгүүллээ хэвлүүлээд, дараа нь 2020 оны арванхоёрдугаар сард “Монголын үнэн” сонин дээр ярилцлага хэлбэртэй хэвлэгдсэн бий. Би бол ковидийн эсрэг вакцин гэдэг юм огт байж болохгүй гэж бичээгүй.
Хамгийн гол нь тухайн үед ч, одоо ч вакцины загварууд л туршигдаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн бий болчихсон вакцин өнөөдөр ч байх боломжгүйг л вакцин үйлдвэрлэгч, судлаач мэргэжилтнийхээ хувьд л зөвлөж анхааруулсан юм.
Хоёрдугаарт, коронавирусийн халдвар буюу “Ковид 19” гэдэг өвчин нь тийм их аймшигтай халдвар биш байна аа. Угаасаа үхлийн хувь нь хоёроос хэтрэхгүй буюу 100 хүн халдварлахад 1-2 хүн л үхэж болзошгүй, эмчлэх боломжтой халдвараас тэгтлээ айгаад байх шаардлагагүй. Биемахбодын дархлаа нь гайгүй, хүнд өвчинд нэрвэгдээгүй, эрүүл хүн бол ковид 19 өвчнөөс айх ямар ч шалтгаан байхгүй. Ялангуяа, хүүхэд, залуус бол эмнэл зүйн шинж тэмдэг ч үзүүлэхгүй байгаа нь эхнээсээ л тодорхой байсан. Ийм үед вакцины үнэ, вакцинжуулалтын зардал, оношлуурын үнэ, шинжилгээний зардал гэх мэтээр Монгол Улсын төсөв дааж давашгүй үргүй зардал гаргах гэж буйгаас л сэрэмжлүүлээд байсан хэрэг. Гэхдээ би зөнч юмуу зурхайч биш шүү дээ. Мэргэжлийн үүднээс энэ бүхнийг урьдчилан таамаглаж, нилээд магадлал өндөртэйгээр тодорхойлох боломжтой. Оношлуурыг нь ч, вакциныг нь ч гардан үйлдвэрлэж, заавар, стандарт, зөвлөмж, фармакопейн өгүүллийг нь бичиж боловсруулж, гадаад, дотоодын вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэл дээр ажиллаж, анзаарч байсан туршлага дээрээ л үндэслээд хэлээд бичээд анхааруулаад байгаа нь тэр юм. Тэгээд энэ асуултын төгсгөлд хэлэхэд “вакциныг хэрэглэх үеийн эрсдэл нь халдварын үеийн эрсдэлээс хэтрэхгүй байх ёстой” гэдэг алтан зарчим бий. Гэтэл Монголд вакцин хэрэглээд л үхэл эхэлснийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх байлгүй дээ.
-Харамсалтай нь нас баралт нэмэгдсээр байна. Үүнийг албаныхан тайлбарлахдаа вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна гэж байгаа. Тоон үзүүлэлт ч үүнийг баталж харагддаг. Харин таныхаар?
-Уг нь загаснаас урт санах ойтой бүх хүн мэдэх л ёстой. Вакцинжуулалт эхлэхээс өмнө Монголд яг “ковид 19” өвчнөөс шалтгаалсан үхэл бараг бүртгэгдээгүй. Гадаадаас ирсэн цөөн тооны хүмүүсийг эмчилж эдгэрүүлээд болж байв. Нэг хүнийг витамин С, халуун бууруулах эм мэтээр эмчлэхдээ 8-9 сая төгрөг зарцуулж байхдаа нэг ч хүн үхүүлээгүй биз дээ?.
Албаны мэдээлэл бол галзуутай, солио өвчтэй хүмүүсийн яриа шиг л болсон шүү дээ. Сүүлдээ тэндээс чинь шинжилсэн сорьц, халдвартай болон үхсэн хүний тоог л хэн нэгэн сэтгүүлч эсвэл онцгой байдлын ажилтан мэдээлж байгаа нь харагддаг болсон. Одоо түүнийг тоож үзэж буй хүн ч байхгүй дээ. Тэндээс шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл олж үзэх боломж бараг байхгүй. Нас баралтын тухайд далд хэлбэртэй, бодис солилцооны хүнд явцтай өвчтэй, эрүүл мэндийн хувьд их асуудалтай, насны доройтолтой хүмүүст коронавирус халдсан үед хоёрдогч халдвар маягаар хүндрэл үүсгэж үхэлд хүргэх тохиолдол байх шиг байна лээ. Түүнээс бус цоо эрүүл хүн ковид 19 өвчнөөр өвчлөөд үхсэн нь ховор байх. Үнэн зөв мэдээлэл иргэдийн дунд байхгүй учраас яг баталгаатай статистик хэлж чадахгүй байна. Харин хятад вакцин, ялангуяа, хоёрдогч тунг нь тариулаад үхсэн тохиолдлууд олон сонсогдож байсан шүү.
-Вакцинуудын үйлчлэлийн талаар ч мөн олон янзын мэдээлэл гарч байна. Үйлчилгээ багатай нь БНХАУ-ынх гэж байгаа бол хамгийн сайн нь ОХУ-ынх гэсэн талцал олон нийтийн сүлжээнд түгэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Вакцин гэдэг “нэр алдар”-ыг хүртэхийн тулд дор хэлж 3 жил, ерөнхийдөө дунджаар 10 жил шаардлагатай гэж хэдэнтээ бичиж анхааруулсаар ирсэн. Тэр байр суурь минь хэвээрээ. Аль ч вакциныг сайн эсвэл муу гэж магтах, үгүйсгэх үндэслэл алга. Үйлдвэрлэсэн технологиуд нь өвөрмөц эпитоп болон идэвхгүйжүүлсэн вирус ашиглаж л үйлдвэрлэсэн л бололтой юм билээ. Эдгээр технологиудын алинаар нь ч тийм найдвартай вакцин үйлдвэрлэх боломжгүй. Онолын үндэслэл нь тийм юм.
Харин үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээний алдаа дутагдлуудаас шалтгаалаад вакцин бус, ямар ч дархлаа тогтоохгүй, хортой шингэн тариад байх эрсдэл маш олон янзаараа байгаа нь ажиглагдаж л байна.
Ер нь Монголд вакцин, вакцинжуулалтын талаар зөв мэдлэг, ойлголттой мэргэжилтэн байдаггүй гэдэг нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд тов тодорхой харагдлаа. Гадаадынхан ялангуяа, ковид өвчин тараагч тал болон вакцин үйлдвэрлэгчид Монголын энэ сул талыг их л овжин ашиглаж буй бололтой анзаарагдах юм.
-Ерөнхий сайдын ажлын 100 хоногийн тайлан олон нийтэд танилцуулагдсан. Ажлын тайлангийн онцлох хэсэг нь вакцинжуулалт бол хамгийн зөв алхам байсан тухай онцолж байна. Мэргэжлийн хүний хувьд Засгийн газар цар тахлын үед хэрхэн ажиллаж байна гэж үзэж байна вэ?
-Монгол улсын сүүлийн гурван Засгийн газар лав л ковид 19 өвчинтэй маш буруу аргаар тэмцсэн. Монголчуудын баттай мэдэж байгаагаар “ковид 19” өвчнийг Монгол Улсын төр, засаг, түүний харьяа байгууллагууд, тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын оролцоотойгоор импортолж, тархаасан нь бүхний нүдний өмнө ил байгаа шүү дээ.
Халдварын нөхцөл байдалд маш буруу дүгнэлт хийсээр байгаа нь тэмцэх арга замын сонголтыг буруу хийхэд хүргээд байгаа юм болов уу гэж бодож байгаа.
Засгийн газар, улсын онцгой комиссыг маш буруу мэдээллээр хангадаг мэргэжлийн багтай байгаа юм уу, эсвэл Монголын төр, засаг нь шийдвэр гаргахдаа мэргэжлийн мэдлэгт огт тулгуурладаггүй юм уу гэдэг дүгнэлт хийхээр л байгаа юм.
-Аливаа өвчинтэй тэмцэхэд зөв оношлох нь чухал гэдэг. Ковидын PCR оношлогооны эргэн тойронд бас их асуудал байх шиг?
-Ер нь халдварт өвчнийг оношлохдоо илрүүлэх болон баталгаажуулах хоёр янзын урвал буюу арга хэрэглэдэг жишигтэй юм шиг байдаг. Харамсалтай нь Монголд өнгөрсөн 2 жилийн турш ковидтой тэмцэх үедээ хэдийд оношлогооны аль аргыг хэрэглэх вэ, тухайн оношлогоо нь ямар зориулалттай вэ гэдгийг ухаарсан нь огт байсангүй. Монголд ковидыг тархаахад PCR шинжилгээг буруу ашигласан нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, PCR шинжилгээний сорьц өгснөөс хойш 72 цагийн дотор хаана ч явж болно гэх ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, төрийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд явуулсаар буй нь коронавирусийн халдварыг зориудаар тараах арга хэрэгсэл болсон.
Одоо ч үүнийхээ учрыг ойлгоогүй л байна. Тэгээд аливаа халдварт өвчинтэй тэмцэхдээ ямар оношлогооны аргыг хэдийд хэрэглэх, оношлогоог эмчилгээ болон вакцинжуулалт, бусад аргуудтай хэрхэн хослуулах вэ гэхчлэн мэргэжлийн мэдлэгээр шийдэх асуудал олон бий. Энэ бүхнийг ойлгохгүй байгаагаас Монголын эдийн засгийг сүйрүүлэх маш их үргүй зардал гарч байна.
-Коронавирусийн эсрэг вакцинаас гадна өмнө ч та вакцинтай холбоотой асуудлыг томоор нь хөндөж ирсэн мэргэжлийн хүн. Вакцин дээр манай улс ямар бодлого баримталдаг юм, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж ирэв?
-Би ноднин өгүүлэлдээ бичсэн. Монгол улс тодорхой хэмжээний вакцин үйлдвэрлэх технологийн болон хүчин чадлын чадавхитай байх шаардлагатай. Миний тэр өгүүлэл эрх баригчдын бүгдийнх нь ширээн дээр хүрсэн. Тоож харсан нь хэд байдаг юм бүү мэд шүү дээ. Тийм боломж суурь дэвсгэр нэгэнт Монголд бүрдчихсэн байгаа. Би өндөр хөгжилтэй орнуудынх нь вакцины үйлдвэрүүдтэй ч танилцаж байлаа, хөгжиж буй орнуудын вакцины үйлдвэрийг ч харж л явлаа. Монголын чадавхи бол дундаж л байдаг юм. Жаахан өөд нь татчихвал өндөр хөгжилтэй орныход дөхөөд оччихно.
Харамсалтай нь Монгол улсын сүүлийн үеийн Засгийн газрууд Монгол Улсын вакцин үйлдвэрлэх чадавхийн хүрсэн түвшинг нь хөгжүүлж дэвжүүлдэггүй юмаа гэхэд хэвээр нь хадгалж байхын оронд чадавхийг нь унагах, улмаар устгах л бодлоготой ч юмуу, бодлогогүй ч юмуу үйл ажиллагаа явуулсаар л байгаа даа. Мань мэт нь ганцаараа шахам л сүйрүүлэхгүйн тулд сүүлийн 10 гаруй жилийн турш тэмцсээр л байна. Миний тэмцэл нийгмийн өмнө ил л байгаа юм. Сонирхож, анзаардаг нь мэдэж л байгаа даа.
-Вакцин гэдэг өөрөө том бизнест тооцогддог. Манайд вакцины мафи үүссэн тухай та ноцтой баримттай нийтлэлүүд бичдэг. Нөхцөл байдал сайжирч байна уу?
-Монголд вакцины мафи үүсэж бий болсон нь баталгаатай. Тэд чинь Цагдаа, Авлигатай тэмцэх газар, Прокурор, Шүүх, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институци, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Вакцины үйлдвэр, Эм, вакцин, биобэлдмэлийн чанарын хяналтын лаборатори, Улсын ариун цэвэр оношлогооны лаборатори гэх мэт бүгдийг нь хамарсан тодорхой хэмжээний сүлжээ үүсгэсэн. Яг л Монголын нийгмийг бүрхчихсэн байгаа авлигалын сүлжээ – аалзны торны сонгодог нэгэн загвар шүү дээ. Би түүнийг нь илрүүлж гаргасны төлөөсөнд сүүлийн 10 гаруй жилийн турш л тэр мафийн дарангуйлалд байна. Ганцаараа шахам л үзэлцсээр ирсэн. Төлөөсөнд нь ажлаасаа 5 удаа хусуулаад байна.
Дөнгөж саяхнаас Энэтхэгээс 2017-2020 оны хооронд нийлүүлсэн бог малын мялзангийн вакцины эргэн тойронд вакциныг нь улсын бүртгэлд оруулсан Мал эмнэлгийн хүрээлэнд ажилладаг “хуурай ах” нь цаана нь нууц ноёнтоны үүрэгтэйгээр сүлжээг нь хариуцаад, наана нь Мал эмнэлэг үржлийн газарт хэлтсийн даргаар ажилладаг “хуурай дүү” нь шууд Энэтхэгийн компанитай нь олон улсын жишиг үнээс 10 дахин өндөр үнээр гэрээ байгуулж өгөөд л, хуурай ахынх нь төрсөн дүүгийнх нь компаниар дамжиж Энэтхэгээс нь 800 мянган доллар буюу ойролцоогоор 2,3 тэрбум орчим төгрөг орж ирээд л ах, дүү, найз нөхдүүд тэр мөнгөөр нь хувааж найрлаж байсан нь тогтоогдсон бололтой юм.
Угаасаа л илэрхий байсан асуудал л даа. Тэдгээр гэрээний заримд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын дарга бөгөөд хуурай ахынх нь ангийн найз гарын үсгээ үзэглэж өгч байсан ганцхан асуудал нь илэрсэн бололтой мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Бусад олон авлигал нь шалгагдах эсэх нь бүү мэд. Би ч олон удаа л хэвлэлээр гаргаж тавьсан даа. Одоо улс төр, хууль хяналт орчимд байгаа сүлжээ нь батлан даалтад гаргаад л, тэр хооронд тэр хэдэн тэрбумаасаа зарцуулаад л “энхийн цагаан тагтаа” болоод л өнгөрөх байлгүй дээ. Цаашид улс төрийн намын санхүүжилт ил болж, авлигалаар албан тушаалд томилдог байдлыг арилгаж, төр, засгийн албанд мерит зарчим, мэдлэг, туршлага, ур чадвар зэргийг харгалзаж ажиллуулдаг болбол л вакцины мафи болон Монголын нийгэм дэх авлигал ерөнхийдөө багасах байх. Тэгэхгүй бол ч АВЛИГАЛААР МӨНГӨЖСӨН МАФИ чинь аймаар хүчтэй байсаар л байгаа шүү дээ.
-Вакциныг дотооддоо үйлдвэрлэх асуудал мөнхийн сэдэв. Үүн дээр манайх ямар сонирхолтой байдаг вэ, ямар асуудал тулгамддаг юм бэ?
-Монголын нэгэн “их мундаг” вирусологич эрдэмтэн хүн ам нь 5 саяас доош улс орон дотооддоо вакцин үйлдвэрлэдэггүй гэж л гадаадын хэн нэг биотеррорист зөвлөснийг улс төрчид болон эрүүл мэндийн салбарынханд айлддаг юм гэсэн. Би ч ганц хоёр удаа сонсож байсан. Би бол 100 хувь эсрэг бодолтой хүн. Монгол Улс нян, вирус, микоплазм зэрэг эмгэгтөрүүлэгч бичил биетний халдалтаас хамгаалах уламжлалт болон орчин үеийн технологийн вакцинуудыг үйлдвэрлэх чадавхиа өнөөгийн хүрсэн түвшин дээрээ түшиглээд бий болгон хадгалж байх ёстой гэж үздэг.

Уншиж байна...