Уншиж байна...

Уншиж байна...

Д.Бямбасүрэн: Ковид дуусна гэсэн ойлголт одоо байхгүй болсон
Урилгатай зочин 

Д.Бямбасүрэн: Ковид дуусна гэсэн ойлголт одоо байхгүй болсон

Oyukhaa Oyukhaa
10 сарын 3, 2021

Х.ЭРДЭНЭБУЛГАН

Цаг үеийн асуудлаар Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. 

-Сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж өнгөрүүлж байна. Энэ нь нэг талаараа ажлын байр, нийгэм эдийн засагт “хортой” байгааг эдийн засагчид онцолж байгаа. Харин иргэдийн тухайд төрийн дэмжлэг, туслалцаанд дэндүү найдаад хэтэрхий цалгар байна уу гэж харагдах юм?

-Цар тахал дэлхий нийтийг хамарч монголчуудад ч хүнд нөхцөл байдал үүссэн. Гэхдээ олон хүүхэдтэй хүмүүс ажил хийх сонирхолгүй. Өдрийн 50 мянган төгрөгөөр ажилд авъя гэхээр олдохгүй байна шүү дээ. Учир нь хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарч болох нь гэдэг ойлголт нийтлэг болсон юмуу даа. Зүй нь хүүхдийн мөнгөний зарцуулалт буруу байгаа учраас ажилгүй, залхуу хүмүүстэй нийгэм болж хувирч байна. Тэгэхээр дээрх мөнгийг зөвхөн хүүхдийнхээ хэрэгцээнд, хоол унданд зарцуул гэдэг чиглэлтэй болговол зөв юм болов уу гэж бодож сууна. Ер нь Монголд халамж хэт хавтгайрсан.

Монгол Улсын эдийн засгийн дотоод нөөц бололцоог харвал төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг 70 хувь нэмэх боломж бий. Зөвхөн цалин шүү, халамж биш.  Цалингийн нэмэгдлийг үндэсний компаниуд нь дааж чадна. Тэртэй тэргүй хувийн компаниудын цалин төрийнхөөс хоёр дахин их байгаа. Харамсалтай нь үүнийг хийчих зоригтой хүн төрд алга. 

Тэгсэн атлаа халамжаар л хөөцөлдөөд байх юм. Цахилгааны мөнгө, байрны төлбөрийг нь төр дааж байх жишээтэй. Үнэн хэрэгтээ хөрөнгө, орлогын бололцоотой айл өрхийн цахилгааны мөнгийг улсаас төлөөд яах юм бэ. Үүний оронд зүгээр төрд ажилладаг  албан хаагчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй. 

Манай улсын Засгийн газар сүүлийн үед их сонин бодлого явууллаа шүү дээ. Малчдыг даатгалд хамруулна гэнэ. Малчин гэдэг чинь хувиараа хөдөлмөр эрхлээд, бүтээгдэхүүнээ борлуулаад орлогоо авдаг. Гэтэл нийгмийн даатгалд хамруулна гэхээр их утгагүй юм болж байгаа юм. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын сан хүртэхээ болино. 

-Нийгмийн даатгалын сан гэснээс аж ахуйн нэгжид татвараас илүү ачаалал өгч байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл гэх юм? 

-Бизнесийнхэнтэй ярьж байхад жижиг, дунд бизнэесийнхэнд тулгамддаг асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл гэж байна лээ. Харин тэт татвар бол ачаалал байхгүй гэдгийг хэлж байсан. Тухайлбал, жижиг аж ахуйн нэгжийн дундаж цалин 600-700 мянга. Гэтэл түүнээс нь элдэв даатгал шимтгэлд чамгүй хэсэг нь явчихдаг. Тэгэхээр гар дээр ирэх цалин нь бага болчих нь хэцүү юм гэж байсан. Тэгээд ер нь нийгмийн даатгал гэж юу вэ. Цааш хэрхэн авч явах вэ гэдгийг хаа сайгүй л ярьж байна. Тэр ч бүү хэл барууныхан ч яриад эхэллээ. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал арилж эдийн засаг сэргэхдээ тоон эдийн засаг л сэргэнэ. Хуучин эдийн засаг бол сэргэхгүй. Өөрөөр хэлбэл, дижитал капитализм сэргэнэ гээд яриад байгаа юм. Тэгэхээр асар их бүтээмж, асар их хурдтай болно гэсэн үг. Тухайлбал, манай урд хөршийн “Алибаба”–гийн нэг өдрийн борлуулалт нь Монгол Улсын бүх бүтээгдэхүүний жилийн борлуулалтаас гурав дахин их. Ийм байдалд орсон нөхцөлд нийгмийн даатгал ямар зарчмаар явах, ямар байх ёстой вэ гээд зохицуулалт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийг төрийн бодлогоор хийх сэтгэл дутаад байна уу даа гэж боддог. 

-Одоо тун удахгүй ирэх оны төсвийг батлах учиртай. Өнгөрсөн пүрэв гаригийн морин цагт төсөв өргөн барьж байгаа харагдана лээ. Төсвийн бодлогод ямар өөрчлөлт хийж байж цар тахалын үеийн эдийн засгийг сэргээх хөшүүрэг болох вэ? 

-Энэ Засгийн газрын Сангийн сайд Б.Жавхланг овоо дориун ажиллах болов уу гэж хардаг. Учир нь тэр мэргэжлийн хүн. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог дэндүү сайн мэдэх хүн. 

Одоо эдийн засаг сэргэнэ гээд л яриад байгаа. Ийм нөхцөлд төр яах ёстой юм. Би өөрөө эдийн засагт хутгалдаж явсан болохоор миний хувьд, төр  одоо оролцох хэрэггүй. Ерөөсөө төр хоёр л юм хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, хяналт шалгалт хийхээ болих. Үүнийг ядаж хоёр жилдээ зогсоох хэрэгтэй. Манай хойд хөрш гурван жил дараалан хяналт, шалгалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн.

Манайд ч үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ажлын байраа хадгалах гэж, ашиг орлогоо тогтвортой байлгах гэж бизнесийнхэн, жижиг, дунд үйлдвэрлэгчид хичээж л байна. Тэд өөрсдийн боломжит хэмжээгээр тэсч байгаагаа ярьж байгаа шүү дээ. Гэтэл хянаж, шалгаж байгаа гэх нэрийдлээр сайд, дарга нар нь очиж загнаж зандраад, доод шатныхаа хүмүүст боломжгүй даалгавар өгч бужигнуулаад байвал эдийн засаг сэргэхгүй.

Төр хянадаг, шалгадаг ажлаа больчихвол эдийн засаг өөрөө сэргэчихнэ. Монголын эдийн засаг ямар ч бай инфляцийг зургаан сарын дараа шингээдэг юм. Манай улсын эдийн засаг их авсаархан шүү дээ. Үүний эсрэг үйлчилдэг хүч бол ерөөсөө төр. Төр өөрөө л будлиулдаг.

Бохир улстөрийн уршгаар мөнгөнийхөө нийлүүлэлтийг хэт өсгөөд, ашиггүй хөрөнгө оруулалт хийсний горыг бизнесийнхэн л амсдаг. Одоо Дарханы замыг хар дөрвөн жил болж байна. Нийслэлийн газар сайгүй дутуу бариад орхисон байшин, барилга бий. Энэ бол үхмэл хөрөнгө. Тэгээд үүнээс харахаар төр өөрөө оролцох хэрэггүй сайхан боломжийг нь өгөөд дэмжих талдаа л ажиллах ёстой. Бүү саад бол. 

Төр бизнест битгий хутгалд, элдэв шахалт битгий үзүүл. “За чи нэг жилдээ яаж ийгээд хөл дээрээ бос. Чамд боломж олгоё. Хөнгөлөлттэй зээл өгь гэх хэрэгтэй. Би хуучин социализмын үед аж ахуйд ажиллаж байсан. Тэгэхэд салбарын яам шиг хэрэггүй зүйл байгаагүй. Мэдээж салбарын асуудлыг зохицуулж, дүрэм журмыг биелүүлэх зэрэгт салбарын яам байх хэрэгтэй. Харин үйл ажиллагаанд оролцох, хэтэрхий хянаж, цагдах нь дэмжлэг биш дарамт болдог юм. 

Харин банк шиг хэрэгтэй зүйл байдаггүй юм. Банкнаас санхүүжилтээ босгоод асуудлаа шуурхай шийдвэрлэж байвал бизнес хөгжих, өсөх боломж бүрдэнэ. Яг энэ тохиолдолд аж ахуйгаа эрхэлж байгаа хүн хэр сийрэг сэтгэж, хурдтай ажиллаж байгаагаас бүх зүйл хамаардаг. Эндээс харахад л бужигнуулаад байгаа нь төр өөрөө. 


Одоо хар л даа Замын-үүд дээр очоод хэчнээн бужигнуулав. Тэр үед чинь тэнд 4000 контайнер байсан. Гэтэл саяхны мэдээллээр 6000 болсон байна. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл бий. Улсыг удирдах, эдийн засгийн өсгөх гэдэг амар ажил биш л дээ. Яг одоогийн байдлаар манай улсын төрийн удирдлагууд нь эдийн засгийнхаа бодлого дээр л алдаад байна. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж чадахгүй байх. Зүгээр сурах бичгээр мэдэмхийрдэг улсууд их олон гарч ирж байна. Худлаа яриад л... Ингэдэг юм... Тэгдэг юм гээд л байх юм. Уг нь одоогийн нөхцөл байдалд бодит эдийн засгийн асуудал дээрээ бууж л хандмаар байгаа юм. 

-Цар тахалын дараах эдийн засгийн сэргэлт гэж ярих болсон. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харахаар өвчлөл хавтгайрч байна шүү дээ? 

-Ковид дуусна гэсэн ойлголт одоо байхгүй болсон. Үргэлж ийм л нөхцөлд байна. Тиймээс улс орон хэрхэн амьдрах аргаа олох нь чухал. Түүнээс гадна сая ковидын үед дэлхийн бүх улс орон маш их хэмжээний цаасан мөнгө гаргасан. Энэ бол хамгийн том аюул. Жишээлбэл, Америкт долоон их наяд ам.доллар гаргалаа. Энэ их мөнгө чинь одоо дэлхийн инфляцийн суурь болчихоод байна. 2022, 2023 оноос дэлхий даяар эдийн засгийн сүйрэл эхэлнэ. 

Сая оросын Төвбанкнаас ойрын дөрвөн жилийн дэлхийн эдийн засгийн хувилбарыг гаргасан байна лээ. Тэр дотроос хамгийн их өндөр магадлалтай нь сүйрэл. Хамгийн бага магадлалтай нь одоогийн байдал хэвээрээ үргэлжилнэ.

Одоо жишээлбэл зэсийн үнэ өсөөд гээд манайхан өчигдөр учиргүй л баярлаж байна. Гэтэл Японы авто машин үйлдвэрлэл дөчин хувь буурлаа. Одооны зэсийн хэрэглээ чинь машины мотор орооход л байгаа юм шүү дээ. Энэ удаан үргэлжилбэл цаашид зэсийн үнэ ч унана. Ер нь эдийн засгийн уналт эхэлсэн нөхцөлд бол хэцүү дээ. Тэгээд чухам уналт нь ямар маягаар явах нь вэ үйлдвэрлэлийн уналт маягаар явах нь уу,  үнийн хөөрөгдөл маягаар явах нь уу.

Хэрэв үнийн хөөрөгдөл маягаар явбал Монголд ашигтай. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш унахаар бидэнд ашигтай. Хэрэв үнийн хөөрөгдөлөө дагаад эдийн засаг, үйлдвэрлэл унаж үр ашиггүй болвол бид маш хүнд байдалд орно  гэсэн үг.

Тийм болохоор ойрын хэдэн жил төрийнхөө бодлогыг маш их анхаарах хэрэгтэй. Ялангуяа хятадын эдийн засгийг анхааралтай ажиглах ёстой. Тодруулбал, хятадын эдийн засаг энэ жил таван хувь өсөж байна. Үүнийгээ барина гэж л оролдох байх. Яагаад гэвэл, дотоод зах зээл дээрээ ажиллаад байгаа. Гэтэл Америк хятадын харилцаа маш хурцдаж байгаа нөхцөлд Америк руу гаргадаг хятадын экспорт нь саатаад эхэлбэл хятадын эдийн засаг маш хүнд болно. Тэр нөхцөлд юу болох вэ.

Тэгтэл өчигдөр нэгдсэн үндэсний байгууллагын чуулган дээр Ши Жиньпин “Бид нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихгүй. Одоо ажиллаж байгаагаа зогсооно гэж” хэлсэн. Тэгэхээр НҮБ-ын индэр дээрээс цахилгаан станц барихгүй гэдгээ мэдэгдсэн байхад бид Хятад улсаас нүүрсний цахилгаан станц бариад өгөөч гэж гуйвал барьж өгөх болов уу гэж л бодож сууна. 

Хамгийн гол нь энэ мэдэгдэл манай улсын Засгийн газрын цахилгаанаар өөрийгөө бүрэн хангана гэсэн төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болчих эрсдэл үүсч байна гэсэн үг. Ер нь одоогийн Засгийн газар ерөөсөө гол асуудлаа олж харахгүй байна. “Цахим Монгол” болно гэж байгаа нь хэтэрхий оновчгүй бодлого. Магадгүй “Алибаба”-гийн сүлжээнээс бараа авахад хэрэг болж болох л юм. 

Монгол үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байгаа энэ үед бид зөвхөн цахим эдийн засгийн маш том хэрэглэгч болж хувирна. Зүй нь  үйлдвэрлэлдээ анхаарах хэрэгтэй. Бүр тодруулбал, хөнгөн болон хүнсний, боловсруулах үйлдвэрүүддээ байгаа нөөц бололцоогоо дайчлан хүч хаях хэрэгтэй. Хамгийн наад зах нь татварын бодлогоо өөрчилж үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй. 

Ер нь эдийн засгийн хувьд бодлогын л асуудал чухал байна. Гэтэл Хөгжлийн яам байгуулах тухай ярих юм. Үнэн хэрэгтээ энэ нь оновчтой шийдэл, дорвитой алхам биш. 

-Сая Оюутолгой дотоодын эрчим хүчээр хангах тухай Сангийн сайд хэлж байна лээ?

-Энэ чинь хэдэн жилийн өмнө М.Энхсайханыг Засгийн газрын тусгай мега төслийн сайд болгоод Тавантолгойн цахилгаан станц зэргийг барина гээд л ярьдаг байсан. Тэгээд одоо тэр станцууд хаана байна вэ. Ерөөсөө нэг ийм арчаагүй. 

Хэрэв калкуляцийн төвшинд Оюутолгойтой хэрүүл хийгээд суугаад байвал надуул чинь зүгээр л хэрэлдээд суугаад л байна. Яг суурь асуудал нь юу вэ гэдгээ гаргаж тавиад ярилцвал өөр. Жишээлбэл, яагаад Эрдэнэт нөөцийн төлбөрөө 16.5 хувиар төлж байхад Оюутолгой таван хувиар төлөх ёстой вэ. Энэ асуудлаа ерөөсөө тавихгүй байгаа юм. Яагаад Монголын тал 34 хувийг эзэмшдэг байхад Оюутолгойнхон элэгдлийн шимтгэл зэрэг бүх мөнгөө гадагш нь зөөж гаргах ёстой юм бэ. Тэр бүхний 34 хувь нь Монголд үлдэх ёстой биз дээ. Тэр чинь Монголын баялаг. Яагаад Оюутолгой Монголын баялагийг барьцаалж зээл аваад түүнийг нь бид төлөх ёстой юм бэ гэдэг суурь асуудлуудыг огт хөндөхгүй байна. 

Зөвхөн калкуляцийн төвшинд татвараа дутуу төлчихлөө гэх мэтээр маргаад байгаа юм. Дахиад энэ асуудлыг 10-20 жилээр сегментлэнэ гэсэн үг. Нэгэнт ярихгүй хаячихаад сүүлд нь дуусгах юм бол яриа дахиад эхлэхгүй шүү дээ. Тэгээд бодоход Оюутолгойн асуудалд бол манайх сөгдлөө дөө. Ерөөсөө том компанийн тактик бол хэлэлцээр хийж байна гээд сунжруулаад л байна. 

Эцэст нь цаг хугацаа хожиж байгаад “За нөөц чинь дууслаа” гээд яваад өгнө. Оюутолгой анх 65 километр хонгил ухах зөвшөөрөлтэй байсан. Гэтэл одоо хоёр зуун хорин километр газар, Дархан хүртэлх зайд газар дор ухчихсан. Энэ мэтийн том асуудлууд бий л дээ. Ер нь эдийн засгаа гаднынханд сул тавьж өгчихөөд түүнийгээ хамж авч чадахгүй л байна даа.

Ц.Баярбат: Орон нутагт ажлын байр олдохгүй гэдэг өрөөсгөл ойлголт
С.Наранцогт: Алдагдал хүлээсэн компаниудаас иргэд сайн ажиллахыг шаардаж, ногдол ашгаа нэхэх эрхтэй
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...