Уншиж байна...

Уншиж байна...

Б.Далай: Харшлын өвчин гуурсан хоолойгоор илэрч буйг астма гэдэг
Урилгатай зочин 

Б.Далай: Харшлын өвчин гуурсан хоолойгоор илэрч буйг астма гэдэг

Oyukhaa Oyukhaa
6 сарын 8, 2022

Т.АНУ

Энэ өдрүүдэд харшилтай тэмцэх дэлхийн өдөр тохиож буй. Манай улс “Астма болон амьсгалын замын харшил” сэдвийн хүрээнд энэ сарын 5-13-ны өдрүүдэд  тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ хугацаанд болох үйл ажиллагааг “Харшил судлалын нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа юм. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн “Уушиг, харшил судлалын төв”-ийн эмч, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Далайтай ярилцлаа

-Харшил дотроо янз бүр байдаг юм байна. Тэр дундаас “Астма” гэдэг нь илүү анхаарал татаад байна л даа. Энэ юунаас үүсгэгддэг, хэр хүндэрдэг өвчин бэ? 

-Астма буюу гуурсан хоолойн багтраа гэж нэрэлдэг. Уушиг буюу амьсгалын эрхтэнийг амьсгал дамжуулах хийн солилцооны хэсэг гэж хоёр хуваадаг. Үүний том хэсэг нь хүний цагаан мөгөөрсөн хоолойг барьж үзэхэд ханандаа хатуу мөгөөрстэй байдаг. Харин жижиг хоолойн хана нь хатуу мөгөөрсгүй гөлгөр булчинтай.  Жижиг үелэлийн гуурсан хоолойны дотор хөндийн салст бүрхүүлд үрэвслийн порцесс явагдах нь бөглөрөл үүсгэх шалтгаан болдог. Ингэснээр цээж давчдах, бачуурах, амьсгаадах шинж илэрдэг. Салст бүрхүүлд үрэвсэл явагдаж эхлэхээр цагаан хөөстэй ханиалган амьсгал дамжуулах үрэвсэл болон агаар дамжуулах хэсгийн дамжуулалт алдагдах шинж тэмдэг илэрнэ. 

Энэ өвчин нь гадаад болон дотоод шалтгаанаар үүсгэгддэг. Гадаад шалтгаан нь алерги буюу харшлаас улбаалан үүсгэгдэнэ. Гаднаас амьсгалын замаар харшил төрүүлэх нян биет орж ирэн уушгинд урвал үзүүлэх үед амьсгал дамжуулах замд үрэвсэл явагдан агаар дамжуулах зам нарийсан эмнэл зүйн зовиур өгнө. Харин дотоод шалтгаан нь дотоод шүүрлийн тогтолцоо, гуурсан хоолойн сулруулдаг болон агшаадаг ургал мэдрэлийн тогтолцоо нь тэнцвэртэй байгаа үед тухайн үйл ажиллагаа хэвийн явагдана. Харин тэр тогтолцооны үйл ажиллагаа алдагдах, мэдрэг чанар өөрчлөгдөх гэх мэт маш олон зүйлээс шалтгаалдаг.  

-Энэ өвчний тархац нь сүүлийн 20 жилийн хугацаанд 3-4 дахин өссөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчлөөд байгаагийн шалтгаан юу вэ?

-Харшил ихсэх тусам энэхүү өвчин дагаан ихсэж байна. Хурц үнэрэнд мэдрэг байхаас эхлэн гуурсан хоолойн багтраа сэдэрдэг. Харшлын өвчин нь хамрын хөндий, нүд болон арьсан дээрх тууралтаар илэрдэг. Амьсгалын замаар буюу гуурсан хоолойгоор илэрч буйг астма гэж нэрлэдэг. Хүний бие организм нь нийлмэл нарийн тогтолцоо учраас ганц шалтгааны улмаас бус олон зүйлээс өвчлөл үүсдэг. Өвчлөлийн гол таван шалтгаан бий. 

Нэгдүгээрт, агаарын бохирдол хамгийн их нөлөөлж байна. БНХАУ-ын хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь астма өвчнийг сэдрээж буй нэг шалтгаан гэсэн байна лээ. Агаарын бохирдол нь амьсгалын замыг гэмтээн гаднаас харшил төрүүлэх нөхцлийг нэмэгдүүлдэг. Манай оронд 10 жилийн зайтай тархалтын судалгааг явуулж байна. 

Хоёрдугаарт, ажлын байрны нөлөөгөөр буюу уул уурхайн олборлолт эрхэлж буй ордын тоосжилтын улмаас  уурхайн ажилчид болон тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдэд нөлөөлж байна. Мөн нүүрс болон бусад эд материалыг зөөн тээвэрлэж буй ачааны том оворын машины явах зориулалтын замгүй учир шороон замаар явж тоосжилт үүсгэх агаарын бохирдолд нөлөөлдөг. 

Гуравдугаарт, Монгол Улсын нийт иргэдийн 50 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд үүнээс улбаалан авто тээврийн хэрэгсэлийн хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой. Хамгийн хортой нь дизель түлш. Дизель түлш шатах явцад жижиг хэмжээний тоосонцор үүсэж амьсгалын замд нөлөөлдөг. Дизель түлш нь бусад шатахууныг бодвол илүү хортой гэсэн судалгаа байдаг. 

Дөрөвдүгээрт, Харшлыг өдөөж буй хүчин зүйл нь бидний идэж хэрэглэж буй хоол хүнс, ахуйн бүтээгдэхүүнүүдээс үүснэ. Өмнө нь хүмүүс нь аяга тавгаа усаа халаагаад угаадаг, бохир хувцсыг нэг төрлийн саван ашиглаж цэвэрлэдэг байсан бол одоо цагт эд юм тус бүрт зориулалтын гэх олон нэр төрлийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүн ашиглаж буйтай холбоотой. Эдгээр нь бүгд үнэртэй учир агаарт дэгдэн бидний амьсгалын зам руу орж байдаг. Үүний улмаас амьсгалын замыг хамгаалах тогтолцоог алдагдуулан гэмтээж тус бодисуудад амьсгалын зам мэдрэг болж харшилдаг.

Тавдугаарт, тамхины утаа. Дан ганц астма бус амьсгалын замаар халдварлаж буй бүхий л өвчинд нөлөөлдөг. Сүүлийн үед хүмүүсийн дан болон, давхар тамхи таталт бүр цаашлаад электрон тамхины хэрэглээ тэр дундаа өсвөр насны хүүхэд, залуусын дунд эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Амьсгалын замын салст бүрхүүлийг гэмтээж харшил төрүүлэх нян үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Гуурсан хоолойн багтраа нэг удаа туссан бол бүрэн гүйцэд эдгэрнэ гэж байдаггүй. Тиймэээс эмч нарын зүгээс тус өвчнийг улам сэдрээлгүйгээр барих нь гол хүчин зүйл болдог. Үүнийг сэдрээх нэг хүчин зүйл нь амьсгалын замын вирусын өвчлөлийн халдварууд байна. Томуу томуу төст өвчин сүүлийн үед дэгдээд буй корона вирус ч байх боломжтой. Анагаахын салбарт өмнө нь судлагдаж байгаагүй шинэ вирус гарч байгаа нь 5-10 жилийн дараа корона вирусээр өвчилсөн хүмүүс астматай болчихсон байхыг үгүйсгэхгүй. Эдгээр нь цаашид судлагдана. 

-Гуурсан хоолойн багтраа өвчний улмаас биеийн бусад эд эрхтэнд халдварлах боломжтой юу?

-Энэхүү өвчин нь халдварт өвчин биш эргэн тойрны ямарваа нэгэн хүн астматай байгаа үед бусад хүнд халдварлахгүй. Гуурсан хоолойн багтрааг удамшлын өвчин гэж нэрлэхгүй. Гэхдээ удамших хандлага байж болно. Тэр нь эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд өвчлөх нь 50 хувь байх магадлалтай. Харин эцэг эхийн аль аль нь харшилтай бол хүүхэд нь өвчлөх магадлал 75 хувиар нэмэгдэнэ. Тиймээс уг өвчин нь харшлын гаралтай байж болох учир хүүхэд нь амьдралынхаа аль нэг мөчид астмаар өвдөх эрсдэлтэй. Хэрэв тэр хүн тамхи татахгүй амьдралынхаа хэв маягыг зөв байлгаж чадвал өвчлөхгүй байх боломжтой. Мөн илүүдэл жинтэй хүн гуурсан хоолойн багтраагаар өвчлөх магадлал өндөр байдаг. Бусад эрхтний хувьд гуурсан хоолойн багтраагаар өвчлөхөд бусад эрхтэнд үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байдаг. Гэтэл энэ нь архаг өвчин учир 5-10 жилд байнга өвдөж сэдрэн зөв эмчилгээ хийгээгүй явцад 10-20 жилийн дараа зүрхэнд хүндрэл өгч уушиг зүрхний хам шинж гэж  оношлогддог. 

-Астмаар өвчилсөн хүн хоолой руугаа цацлага цацдаг. Энэ зөв үү. Ер нь цацлага хэрэглэх үед ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Гуурсан хоолойн багтраа нь уушигны амьсгал дамжуулах замын өвчин. Үүнийг эмчилж буй эмчилгээ буюу эм уух, тарилга хэрэглэхээс илүү сүүлийн үед шууд амьсгалын замруу оруулах зорилгоор цацлага хэрэглэдэг болсон. Энэ нь технологийн дэвшил ашигласан давуу тал, Зөв. Тэгэхээр зөвхөн уушгинд зориулж эм уух, тарилга хэрэглэх нь бусад эрхтэн болоод зүрхэнд өөрчлөлт өгч зүрх дэлсэх гаж нөлөө үзүүлдэг. Мөн аппаратны тусламжтайгаар утлага хэлбэрээр ашиглах боломжтой болсон. 

Амьсгал дамжуулах замын архаг үрэвсэл явах үед үрэвслийн эсрэг бэлдмэл буюу гормон хэрэглэдэг. Гормон нь маш олон үйлчилгээтэй учир астмын үед зөвхөн сорох хэлбэрээр хэрэглэдэг. Мөн хоёр дахь бүлэг цацлага нь яаралтай тусламжийн цацлага. Амьсгал боогдон гуурсан хоолой нарийссан үед маш яаралтайгаар уг цацлагыг хэрэглэдэг. Астматай хүмүүс нь эмийг жорын дагуу ашиглахдаа цацлага хэлбэрээр ашиглах нь хамгийн зөв. Яаралтай тусламжийн цацлага нь өдөрт хэдэн удаа цацах ёстой гэсэн норомгүй.Тухайн өвчинд гэнэтийн зүйл тохиолдсон үед ашиглаж болно. Астмыг улам сэдрээхгүй байх нь чухал учраас эмчийн хяналтан дор удаан хугацааны туршид  таван үе шаттайгаар эмчилгээнд хамруулдаг. Хэрэв эхний эмчилгээний үеэр хэрэглэсэн цацлага өвчтөнд таарч байвал уг цацлагыг гурван сарын хугацаатай хэрэглэхийг зөвлөдөг. Монголчуудын нийтлэг гаргардаг том алдаа нь эхний 10-14 хоногт цацлагыг хэрэглээд намжсан үед зүгээр болчихлоо гээд хэрэглэхгүй орхидог нь астмыг сэдрээх шалтгаан болдог. Тиймээс урт хугацааны турш суурь эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв сонголт юм.

-Цээж хүржигнэх, хүчтэй цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрсэн үед өөр астматай болчихлоо гээд өөрөө онош тогтоох тохиолдол элбэг байдаг. Тэгэхээр шууд ингээд оношлох нь зөв үү?

-Эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд гуурсан хоолойн багтраатай адил шинж тэмдэгтэй уушигны архаг бөглөрөл гэж өвчин бий. Тиймээс хүмүүс андуурах тохиолдол байдаг.  Заавал мэргэжлийн эмчид үзүүлэн астма аль эсвэл уушигны архаг бөглөрөлт үү гэдгийг зөв оношлуулах хэрэгтэй. Энэ хоёр өвчин хоорондоо ялгаатай. Гуурсан хоолойн бөглөрөл нь гуурсан хоолой нарийссан даруйдаа буцаад сулран хэвийн байдалдаа ордог бол уушигны архаг бөглөрөл нь 40-өөс дээш насны хүмүүст тохиолддог амьсгал дамжуулах хоолойд байнгын гадны биет нян орсны улмаас соривжин хөндий нь зузаардаг. Энэ эргэшгүй порцесс юм. Өөрчлөлтөд орсон салст бүрхүүлийг хуучин хэвэнд нь оруулах ямарч боломжгүй. Энэ өвчнийг спирометр буюу уушигны үйл ажилгааны шинжилгээгээр оншлон эмчилгээ астма мөн бишийг тогтооно. 

Гуурсан хоолойн бөглөрөл нь дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд нас баралтаараа гуравдугаарт жагсах боломжтой нөхцөл үүссэн гэж үздэг. Нэгэнт өөрчлөгдсөн уушигний бүтцийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ үйл ажиллагааг нь засах боломжтой. Энэ өвчлөлд гуурсан хоолойг тэлдэг хүчтэй цацлага ашиглаж болно. Нянгын үйлчлэлийн үед антибиотик ашигладаг. Мөн цэрийг салстаас ховхлох эм уулгадаг. Үүний дараагаар тамхинаас татгалзах зөв амьдралын дадалд орох нь зөв. 

Б.Тамир: Цахим шилжилтийг төр дангаараа хийж чадахгүй
С.Наранцогт: Алдагдал хүлээсэн компаниудаас иргэд сайн ажиллахыг шаардаж, ногдол ашгаа нэхэх эрхтэй
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...