Уншиж байна...

Уншиж байна...

Б.Жигмэддорж: Манай залуус дэлхий хэмжээний авто спортоор хичээллэж чаддаг
Урилгатай зочин 

Б.Жигмэддорж: Манай залуус дэлхий хэмжээний авто спортоор хичээллэж чаддаг

Oyukhaa Oyukhaa
7 сарын 26, 2022

Т.АНУ

VIP авто клубын үүсгэн байгуулагч, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны ерөнхийлөгч, авто спортын мастер Б.Жигмэддоржтой ярилцлаа

-Та VIP авто клубыг үүсгэн байгуулсан юм байна. Яагаад клуб байгуулахаар шийдсэн юм бэ? 

рэгтэй хүүхэд бүхэн багаасаа машинаар тоглодог. Бас техниктэй ямар нэгэн байдлаар л холбогдож байдаг. 2006 онд /Tokyo Drift/ Токио дрифт гэдэг кино олон улсад нээлтээ хийсэн. Үүнээс хойш улс орнуудад энэ спорт хөгжиж эхэлсэн. Тухайн үед манайд автомашины бизнес дөнгөж хөгжиж байсан. Хүмүүс дийлэнхдээ солонгос машин унадаг байлаа шүү дээ. Ингээд Монголд анх удаагаа турбо хөдөлгүүтэй, тоноглолтой япон машин худалдаалагдаж азаар тэр машиныг нь жолоодох боломж надад олдсон юм. 

Тухайн үед тэр машиныг жолоодож байхад төрсөн мэдрэмж одоо ч санаанаас гардаггүй, сайхан санагддаг. Тэгээд л дрифт сонирхогчдын клубт нэгдэж байлаа шүү дээ. Ингээд 2011 онд найзуудтайгаа нийлээд “VIP CROWN AUTO CLUB”-ийг үүсгэн байгуулсан. Үүний дараагаар зөвхөн дрифтийн спортоос гадна авто машины харагдах үзэмжийг өөрчлөн тоноглож содон, ганган болгох сонирхол төрж эхэлсэн юм. Тиймээс л энэ спортыг монголд илүү дэлгэрүүлэх хүсэлтэй болж “VIP AUTO CLUB”-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна. 

-Одоо танай клуб хэдэн гишүүнтэй вэ? 

-“Монголын мэргэжлийн спорт, авто машины холбоо” дрифт, траг, тунинг гэсэн гурван төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Холбоонд 15-16 клуб харъяалагддаг. Манай клуб дрифтийн тэмцээн уралдаанд оролцдог дөрвөн тамирчинтай. 

Тамирчдаа тодорхой шалгуураар авдаг. Хэдийгээр дрифтын спорт хобби боловч нөгөө талдаа санхүүгийн зардал чамгүй гардаг. Авьяас чадвар байлаа ч дэлхийн жишиг дүрмийн дагуу аюулгүй байдал, гадаад үзэмждээ анхаарч машиныг тоноглох засаж янзлах гээд асуудлууд бий. Тиймээс л эдийн засгийн хувьд бие даасан, чадавхитай байх нь чухал юм л даа.  

-Дрифтийн анхны тэмцээнийг хэзээ зохион байгуулж байв. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-2012 онд “D20 Drift show”-ийг анх удаа “UB palace”-ийн гаднах талбайд зохион байгуулсан. Тэмцээнийг маань 7000 гаруй хүн үзсэн байдаг юм. Үүнээс хойш жил бүрийн хавар автомашины хамгийн том фестиваль болтол нь хөгжүүлэхийн төлөө шинийг эрэлхийлж ажиллаж байна. Цаашид “Play Time”, “Tomorrowland” гэх том фествальтай мөр зэрэгцэх хэмжээнд хүрэхийн төлөө хичээж байгаа. 

-Өнгөрөгч тавдугаар сард “VIP AUTO FESTIFAL 2022” шоу болсон. Шоуны үеэр үзэгчдийг яагаад нисдэг тэргээр зөөвөрлөсөн юм бэ? 

-2016 оноос хойш фестивалийг тогтмол зохион байгуулах болсон гэхэд хилсдэхгүй. Авто машин, мотоциклийн бүх төрлийг хамруулдаг болсон. 2018 онд  гадаадын тамирчид тэмцээн, уралдаанд оролцсон нь олон улсын хэмжээний арга хэмжээ болж чадсан юм. 

Харин энэ жилийн фестивалийн нэг онцлог нь нисдэг тэргээр үзэгчдийг зөөвөрлөсөн. Шоуны үзэгчдэд нисдэг тэргээр үйлчилсэн нь Монголд анхны тохиолдол юм шүү дээ. Мөн хаалтын үйл ажиллагаа болох лед гэрэлтэй авто хөгжмийн шоуг амжилттай зохион байгуулсан. 

Түүнээс гадна шоуны үеэр согтууруулах ундааны худалдааг нээлттэйгээр худалдаалсан. Учир нь хүмүүс нууцаар авч хэрэглэх нь эрсдэл дагуулдаг. Тиймээс осол эндэгдэлгүй байлгахын тулд ийм шийдвэр гаргасан. Биднийг фестиваль зохион байгуулсан хоёр хоногийн турш цагдаагын байгууллагад согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч болон ямар нэг осол, аваар бүртгэгдээгүй. 

Аливаа зүйлийг маш сайн зохион байгуулж чадвал гарах үр дүн нь эерэг байдгийг харуулж чадсан хамт олноороо бахархаж сууна.  

-Авто спортыг хүмүүс амь эрсэдсэн, эрсдэл өндөр гэж ойлгох нь элбэг. Тэгэхээр энэ спортыг сонирхож байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? 

-Хөндлөнгөөс харахад маш эрсдэлтэй санагддаг байх. Энэ спортыг сонирхож байгаа бол тухайн тамирчин холбооноос гаргасан  дүрмийг ягштал дагах хэрэгтэй. Тэгвэл кабин дотор ямар нэг эрсдэл гарахгүй. Ер нь авто уралдаанууд тодорхой заасан талбайд, дэлхийн автомашины холбооноос заасан дүрмийн дагуу явагддаг. Анхлан сонирхож байгаа хүмүүс эхлээд машинаа бэлдэнэ. Бас мэргэжлий тамирчдаас зөвөлгөө авч сургуулилт хийх хэрэгтэй. Нэг үеийг бодоход манай залуус дэлхийн хэмжээний авто спортоор хичээллэж чаддаг болсон шүү дээ. 

-Мууг зөгнөж байгаа юм биш л дээ. Гэхдээ эрсдэлийг тооцох хэрэгтэй байх. Хэрэв тэмцээний үеэр осол гарвал яах вэ? 

-Бүхий л зүйлд эрсдэл гарвал яах вэ гэдгийг тооцоолдог. Нөгөөтэйгүүр техникийг ямар хугацаанд, ямар эрсдэл гаргах вэ гэдгийг онож тооцоолох боломжгүй. Гэсэн хэдий ч эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх болон тухайн цаг үед нь тохирсон арга хэмжээ авах бэлэн байдлыг хангаж ажилладаг. Тухайлбал, тэмцээний үеэр оролцогч машинуудыг 4-6 цаг тутамд мэргэжлийн багийнхан шалгадаг. Ингэхдээ машины төмрийн стандарт, гагнаас холбоосыг яаж хийх гэх мэтчилэн дэлхий авто машины холбооноос гаргасан стандартыг баримтлан, дагаж мөрддөг. Карказ хийсэн үед машин мөргөлдөх, онхолдох эрсдэл гарсан ч бүрэн бүтэн байдлаа алдахгүй байх ёстой. 

Мөн авто спортын зориулалтын суудлыг ашигладаг. Ингэснээр кабин дотор байгаа тамирчинд ямар нэг зүйл тохиолдоход хажуу тийш хөмрөх эрсдлээс хамгаалдаг юм. Түүнээс гадна тамирчин шатдаггүй каск, бээлий, комбинзон мөн зориулалтын хамгаалалтын бүсийг зүүнэ. Энэ нь тамирчдыг бүх талын эсрдэлээс хамгаалах учиртай юм. 

-Сүүлийн үед тоноглосон машинтай залуус их харагдах болсон. Ялангуяа баяр наадмын үеэр илүүтэй анзаарагдах юм билээ. Та нарт хүмүүс хэрхэн хүлээн авч байгаа хандлага нь анзаарагддаг уу? 

-Монгол орны 21 аймагт дрифтийн тэмцээн уралдааныг зохион байгуулахыг зорьж байгаа. Өнгөрсөн 15 гаруй жилийн хугацаанд авто спортын талаар ойлголтгүй байсан. Харин одоо байдал арай өөр болж байгаа. Тиймээс энэ сарын эхэнд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран олон улсын транзит замыг хааж төв тойрогт нь дрифтийн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. 

Мөн нийслэлд зохион байгуулагдаж байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа. Учир нь авто спортыг таниулахын тулд манай орныг зорьж ирсэн гадаадын жуулчдад залуус дэлхийн хэмжээний спортоор хичээллэж чаддаг гэдгийг харуулах зорилготой юм. Тийм ч учраас энэ жилийн наадмын нээлтэд оролцож автомашины парадыг Сүхбаатарын талбайд анх удаагаа зохион байгуулсан.

-Цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Дараа удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа шоу, фестивалийнхаа сонин хачнаас сонирхуулж болох уу?

-Бид олон улсад дрифтийн тэмцээн уралдааныг Европт хийх эрхтэй болсон. Ингэхдээ Европын дрифтын холбоотой хамтран зохион байгуулна. Мөн Казахстаны дрифтын холбоо бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Ирэх жил бид хаалтын шоу тоглолтынхоо цар хүрээг тэлэхээр ажиллаж байна. Мэдээж авто шоу хөгжмийн фестивалтьтайгаа хослуулан зохион байгуулах болно. 


Ч.Бат-Оюун: Хаан шатар дэлхийн олон төрийн тэргүүн, нэр хүндтэй хүмүүст бэлэг болон очсон
“Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...