
С.Цэгмид: Манай гэр бүл ням гараг бүрт хүссэн хүн болгонд нээлттэй
Г.ГАНЧИМЭГ
Баянзүрх товчооны тэнд, Туул голын хөвөөнд “Жаргалан” хэмээх өндөр настны буйдхан асрамж байна. Анх С.Цэгмид бүсгүй гэр бүлийн хүн Д.Тогтохбаярын дэмжлэгээр байгуулсан ч үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр зардал нь хүчрэгдэхгүй болсоор байгаа аж. Хөдөө дөрвөн гэрт амьдарч байсан ахмадууд одоо 12 өрөөтэй мансардтай байшинд төвхнөжээ. Буурь сэлгээд удаагүй байхад нь БЗД-ийн 35-р хорооны Засаг дарга Б.Мөнхбат ахмадуудыг хоол цайгаа ая тухтай хийж идэх нөхцлөөр хангахын тулд газан плитка авч өгсөн байна. Харин өчигдөр БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж, БЗД-ийн 10-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэгэрэл нар ахмадуудаа эргэж явахтай таарав. “Жаргалан” асрамжийн газрыг үүсгэн байгуулагч С.Цэгмидтэй ярилцлаа.
-Та хэзээнээс ахмадуудыг асран халамжилж эхэлсэн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын хүн. Нутгаасаа гараад удаж байна даа. Хотын хөдөөд малчин айлын адуучин хүүтэй суусан. Бид хамт амьдраад 32 жил болжээ. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний өвөө уул хадаар их явдаг. Ямар өвс ургамал ямар өвчинд тустай вэ гэдгийг анддаггүй хүн байлаа. Наймдугаар анги төгстлөө өвөөтэйгээ амьдарсан. Би өвөөтэйгөө өссөн болоод ч тэр үү хөгшин хүнд их хайртай. Хэдийнээ л настай хүнд хоол унд, мөнгө төгрөгөө аваачаад өгчихдөг байсан. Заримдаа нөхрөөсөө нууж байгаад л өгчихнө. Манай хүн намайг загнаж буруушааж байсангүй ээ. Гэхдээ л эмээнэ. Гэтэл нэг удаа “Би чамайг хүчрэхгүй нь ээ” гээд инээж байсан. Ээж маань ч их хүнд өвдөж байсан болохоор тэр үү, настай хүн баярлуулах дуртай.
-Тэгээд л буяны үйл хийгээд байдаг юм байна шүү дээ?
-Ээжийгээ бурхан болсны дараа буяны үйл хийхдээ настай хүмүүст тараг, сүү тараасан. Гудамжинд энд тэнд сууж байгаа настай хүмүүст жижиг саванд хийсэн тараг, сүүгээ өгдөг байлаа. Сайхан сүүтэй цай уувал настай хүмүүс баярлах болов уу л гэж боддог. Ам нь ангаж байх вий гээд жижиг ундааны саванд хийсэн тараг, сүүгээ аваачаад өгнө. Гэтэл хэд хоногийн дараа ч гэсэн нөгөө хөгшчүүл маань сууж л байдаг. “Та яагаад энд суугаад байна вэ” гэхээр “Ах нь, эгч нь гэр орон байхгүй ээ. Миний дүү хөдөө байдаг бол аваад яваач” гэдэг байлаа. Ингээд би гаднаа бүрэн тохижилттой дөрвөн ханатай гэр барьчихаад эхний хүнээ аваачсан юм. Сүүлдээ нэг гэр маань дөрөв болсон доо. КОВИД-19 цар тахлын үед манайд 18 хүн амьдарч байлаа.
-Бүгдээрээ л яалт ч үгүй байнгын асаргаа халамж хэрэгтэй хүмүүс гэдэг нь илт байна?
-Тийм ээ, бүгдээрээ эрүүл мэндийн асуудалтай. Хоёр хөлгүй, хараагүй, оюун ухааны хомсдолтой болон траншейнд амьдарч байсан настай хүмүүсийг би хараад л өрөвдсөн. Гэртээ аваачаад өөрийнхөө чадлаар л харж хандсан. Тэдний маань долоо нь ямар ч бичиг баримтгүй. Тэгсэн ч хөл хорионы үед би эдгээр 18 ахмадыг асарсаар байсан. Хамгийн өндөр настай 90 гарсан хоёр хүнээ дагуулж яваад эмнэлэгт үзүүлэхээр ямар ч өвчин хууч байхгүй л гэдэг. Үнэндээ өтгөн шингэнээрээ тоглодог хүмүүс. Хар ярианы хэлээр бол зөнөглөсөн болохоор эмнэлэг тоодоггүй. Иймэрхүү асуудал бэрхшээл өдөр тутамд л гарна.
-Батсүмбэрт улсын асрамж байдаг шүү дээ. Яагаад энэ хүмүүсийг авдаггүй юм бол?
-Батсүмбэрт яагаад авдаггүй вэ гэвэл залуудаа салж сарнисан ч гэрлэлтийн батлахаа салгуулаагүй, хүүхэд нь нэр дээр нь байдаг гэх мэтээр сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо шүү дээ. Гэтэл улсын асрамж эдгээр хүмүүсийг хууль журмын дагуу асран хамгаалагчтай л гэж үздэг. Анх би хэдэн малын буянаараа яг ийм хүмүүст чадал чинээгээрээ тус дэм үзүүлж, асран тэтгэсэн болохоор нэгэнт эхэлсэн ажлаа яагаад ч орхиж чадаагүй. Гэр барьж өгөөд л зүгээр орхичихгүй шүү дээ. Шалаа яаж дэвсэх үү, зуух яндан, тогоо шанага, хоол унд, гутал хувцас гээд хүнд, айлд хэрэгтэй бүх зүйл хэрэг болдог. Хөл хорио тавигдангуут бүгдийг нь бичиг баримтжуулсан. Одоо бичиг баримтгүй нэг л хүн байгаа. Чингэлтэй дүүргийн иргэн. Бичиг баримтжуулснаар групп, тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байгаа юм. Ядаж л эм тангаас эхлүүлээд өөрт нь зориулж юм авах мөнгөтэй болно шүү дээ.
-Анх хөдөө гэр бариад амьдарч байсан гэж байна. Хаана нутаглаж байв?
-Шархаднаас хойшоо 16 км газар яваад БЗД-ийн 20 хорооны нутаг дэвсгэрт амьдарч байлаа. Анх айл болсон цагаасаа 20 гаруй жил малаа маллаж амьдарсан сайхан нутаг бий. Агаар, ус нь хачин сайхан. Харин тэвдсэн үед зам харгуй муутай. Гэрэл цахилгаангүй газар л даа. Одоо БЗД-ийн 35-р хороо болсон. Малын буян их ээ. Би чинь сүүний чиглэлийн хэдэн үнээтэй. Аваачсан хүмүүстээ аль болох эрүүл, аюулгүй мах, сүү, чацаргана хэрэглүүлэхийг хичээнэ. Гэхдээ хүмүүст маань хэцүү байгааг мэдэрсэн. Нэгдүгээрт, гэрэл цахилгаангүй болохоор зутруу. Хоёрдугаарт, энэ хүмүүс эрүүл мэндийн асуудалтай. Саажилттай, оюуны хомсдолтой, эсвэл тал харвачихсан болохоор галаа түлж чаддаггүй юм. Би чинь байнга гал түлж өгнө. Одоо түлш нэмж хийхгүй шүү гэж хэлчихээд гараад ороод ирэх зуурт л нэмээд хийчихсэн сууж байдаг. Угаартахаас эхлээд галд өртөх эрсдэлд орчих гээд хэцүү. Дараагийн нэг асуудал нь эмнэлгийн үйлчилгээнээс үнэхээр хол. Түргэн дуудаад очих гэсээр байтал нь хүн эндэж байсан удаа ч бий.
-Эмнэлэгт ирээд үзүүлчихэж болдоггүй юм болов уу гэж зарим хүнд бодогдох байх?
-Би хүмүүсээ аваад явсаар байгаад ирдэг л дээ. Гэтэл хэдийнэ шинжилгээ аваад дуусчихсан байх жишээний. Нэг дор байнгын асаргаатай 3-4 живхтэй хүн авч явах тийм ч амар биш шүү дээ. Ингээд л “За одоо хоночихоод маргааш шинжилгээгээ өгье” гэхээр хаана хонох вэ гэдэг нь бас хэцүү. Үнэндээ хонох газар олдох ч үгүй. Нуулгүй хэлэхэд, янз бүрийн үнэр танартай, живхтэй, юун хүмүүс вэ. Хонуулахгүй л гэдэг. Бид нэг удаа буудал түрээслэн хонож үзсэн. Нөгөөдүүлээ бүгдийг нь усанд оруулаад, үс гэзгийг нь засуулж янзлуулаад өглөө эрт 7:00 цагт шинжилгээг нь өгүүлж байсан. Газар усны алслагдсан байдлаасаа болоод эмнэлгийн үйлчилгээг иймэрхүү бэрхшээлтэй байдлаар авах үнэхээр хүнд байлаа.
-Ганц гэр бүл аялуулж амжихааргүй их ажилтай гэдэг нь илт байна?
-Нэгэнт зориод ирсэн хүмүүс маань гарын 10 хуруунд багтахаа болиод ирэнгүүт “Одоо яах ёстой билээ” гэдэг асуулт гарч ирсэн. Би ТББ байгуулж хуулийн дагуу зөв юм хийх ёстой л гэж бодсон. Ингээд би холбогдох албаны хүмүүстэй холбоо барьж, газар дээр нь нөхцөл байдлаа танилцуулсан. Ингээд ТББ-ын ажлаа 2019 оноос эхлүүлсэн юм. Тэр үеэс гэрчилгээ авсан. Манай ТББ-ын чиглэл нь өөрөө ахмад настанд үйлчлэх юм. Одоо “Жаргалан” асрамжийн газар албан ёсоор батламжаа аваад нөхцөл байдлаа сайжруулъя гэхээр “Танайх гэрт амьдардаг юм чинь нөхцөл байдал нь тэнцэхгүй” гэдэг хариу ирээд байсан. Ингээд түрээсийн байр хайж эхэлсэн юм. Жил гаруй хайсны эцэст одоо амьдарч байгаа байшингаа олсон. Азаар эзэн нь маш сайхан хүн таарч, биднийг ойлгож, чадлаараа 2-3 төрлийн нөхцлөөр туслан дэмжиж ирсэнд баярлаж явдаг шүү.
-Одоо энд амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн ямар шалтгаанаар ирдэг вэ. Гэр бүлдээ эргэж нэгдэх ямар ч боломжгүй юу?
-Хань ижилгүй болчихсон, үр хүүхэд нь эндсэн хүмүүс байгаа. Үр хүүхэд нь байлаа ч гэсэн бага залуудаа салж сарнисан учраас эргээд эцэг эхээ танихгүй байх нь ч бий. Ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн өвдсөн үедээ л ирдэг. Хэвтрийн байдалтай ирсэн найман хүн бий. Одоо бүгд босоод, сэргээд ирсэн. Ар гэрийнхэн нь чадлаараа асарч байсан ч гэсэн хүнс тэжээлийн хомсдолд нэлээд орчихсон турж эцсэн хүмүүс ч ирдэг. Дээрээс нь олон жил өрөөнөөс ч гаралгүй, орноосоо ч өндийлгүй эм ууж хэвтсээр байгаад архаг ядаргаанд орчихсон байдаг юм билээ. Төрөлхийн оюуны хомсдолтой хүмүүс яагаад ирдэг вэ гэвэл ээж нь өнгөрөнгүүт харах хүнгүй болоод л манайд ирдэг. Ах дүү нь нэг хэсэгтээ харж хандах гэж хичээдэг ч хоорондоо ойлголцохгүй, тухайн хүнийхээ арга эвийг олж чаддаггүй, амьдрахын эрхээр ажил хиймээр байдаг, нөгөө хүнээ олон жил асраад суух боломжгүй, хүүхдүүд сургууль соёлд орохоос эхлээд хүний амьдралд олон ажил бий шүү дээ. Гэтэл нөгөө хүн нь гарч гүйгээд төөрчих гээд зовлонтой. Энэ мэтийн нөхцөл байдлаас шалтгаалаад байнгын асаргаатай газар авчирдаг юм.
-Энд одоо амьдарч байгаа 22 хүний хэд нь оюун ухааны хомсдолтой вэ. Өдгөө 61 настай ч 16 насандаа “гацчихсан” эмээ ч байгаа юм байна. Би сая танилцлаа л даа?
-Манайд одоо оюун ухааны хомсдолтой найман хүн байна. Үнэхээр ар гэр нь дийлэхээ болиод гуйгаад ирсэн нь ч бий. Хороо, дүүргээс тэнээд алга болчих юм аа, алдчих гээд байна, хөлдөөд үхчих вий гээд авчраад өгдөг. Мэдээж, манайх сэтгэцийн эмнэлэг биш. Тийм учраас хэтэрхий хурц ширүүн авиртай, бусдад янз бүрийн эрсдэл гаргаж болзошгүй хүнийг авч дийлэхгүй. Өөрсдийнхөө хэмжээнд ойлголцоод асран хамгаалчих боломжтой хүмүүсийг авдаг. Харахад зүгээр яваад байгаа хэр нь 00-ийн цаас ч хэрэглэж мэдэхгүй, өмдөндөө бие засчихдаг хүн хүртэл байна. Дороо хүндэрчихээд хээв нэг суугаад байх жишээний. Ийм хүнийг эрүүл гэхгүй шүү дээ. Гэхдээ үгийн аяар, дагуулаад 00 ороод живх өмсгөчих боломжтой хүмүүсийг бол авдаг. Оюуны хомсдолтой хүмүүс биеэ өөрөө арчлах чадваргүй байдаг юм шүү дээ. Ерөнхийдөө бүгдээрээ л байнгын асаргаатай хүмүүс байгаа.
-Хэвтрийн хүмүүс бас байх шиг байна. Сая хооллож байхыг нь харлаа. Асаргаа сувилгаа гээд яалт ч үгүй их ажилтай юм аа?
-Хэвтэрт дөрвөн хүн байна. Нэг хүн өдөрт 3-4 живх хэрэглэдэг. Дэвсдэг, өмсдөг гээд аль алийг нь хэрэглэнэ. 280 мянган төгрөг авдаг ч 180 мянга, 250 мянган төгрөгийн эм уудаг, үлдсэн нь живхэндээ ч хүрэхгүй байх тохиолдол бий. Ер нь 22 хүн маань бүгд эрүүл мэндийн асуудалтай. Цоо эрүүл хүн нэг ч байхгүй дээ.
-Ийм ахмадуудаа энд авчраад өгчихье гэдгээ бол мэддэг юм байна. Эргэж уулзах юм уу?
-Миний зүгээс бол настай хүмүүсийг өрөвдөн хайрлаж, туслан дэмжиж явсаар байгаад сүүлдээ асрамжийн газар байгуулахаар хэмжээнд хүрлээ. Хорооны нийгмийн ажилтнууд “Ёстой хэцүү байна”, “Гадаа гудамжинд хоноод байна”, “Одоо хүйтрэхээр хөлдөөд үхчих вий” гэсээр хүнээ авчраад өгчихөж байна. Ингээд зарим хороо нь эргэх холбоотой ажилладаг. “Манай хүн яаж байна” гээд эргээд ирж байгаа нь ч бий. Энэ нь зөв шүү дээ. Эргэж ирэхдээ “Энэ хүний эрх зөрчигдөж байна уу”, “Халамж, тэтгэврээ авч чадаж байна уу”, “Авах ёстой зүйлээ аваад боломжийн амьдарч байна уу, үгүй юу” гээд эргэж тойрч байгаа зөндөө хороо бий. Хүнээ өгөөд маргаашаас нь мартсан хороод ч бий. Асууж сураглах ч үгүй. Огт эргэх холбоогүй. Тиймээс би одоо жаахан уялдаа холбоотой ажиллаасай л гэж хүсч байна.
-Таны бодлоор, цаашид энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ?
-Дүүргийн хэмжээнд энэ талаар ярилцаж байгаа. “Хүний эрхийн жил”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил бий. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх манай гэр бүлд ирж ажиллана гэсэн. БЗД-ийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Шүрэнцэцэг өнгөрсөн жил манай дээр маш их ажилласан. Тэр хүн өөрийнхөө чадлынхаа хэмжээнд ажилласан. Есүсийн сүм, Улаан загалмай гэх мэтээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай холбож өгсөн. Би ганцаараа биш юм байна гэдгээ ингэж мэдэрсэн. Дуу хоолойгоо илэрхийлвэл хамтарч ажиллах хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгоод маш их урам зориг орсон. Би ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ адилхан намайг сонсдог хүмүүс байдаг юм байна хэмээн баярлаж байна шүү дээ. Би өмнө нь цөөн хүнтэй байхдаа өөрөө болгоод явж ирсэн ч одоо үнэхээр хүчрэхээ байлаа. Гэтэл цаана нь дахиад манайд ирмээр байна гэсэн хүнгудамжинд байна шүү дээ. Тэднийг авбал манайх хүчрэхгүй. Одоо манай гэр бүлд мэргэжлийн тогооч, эмч хэрэгтэй байна. Гэтэл өчнөөн зар тавиад, хайгаад олоогүй л байна. Дашрамд дуулгахад, Баянзүрхийн товчоонд ирж болон байрлаж ажиллаж боломжтой эмч, тогооч байвал манай гэр бүлд ажлын байр нь бэлэн байгаа шүү. Нас харгалзахгүй ээ. Бүр тэтгэвэртээ гарсан ч байж болно.
-Гэр бүл гэж ярьдаг юм байна. Би асрамжийн газар гээд л байлаа?
-Би гэр бүл гэж ярьдаг. Манай хамт олон биш манай гэр бүл байхгүй юу. Би маш олон ээж аав, эмээ өвөөтэй амьдарч байгаа хүн шүү дээ. Манай гэр бүлийн ахмадуудад сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Би эдийн засгийн хямралд өртөөд одоо төсөв, санхүүгээ яах вэ гэж тархиа гашилгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол ганцхан миний асуудал болчихоод байгаа юм. Яагаад гэвэл, намайг юу бодоод, яагаад хямраад байгааг хөөрхий эд нар маань ойлгохгүй шүү дээ. Манай гэр бүлийн 22 хүнд юу дутагдаад байна вэ гэвэл ердөө л хайр халамж. Тиймээс би долоо хоногийн ням гариг бүрийг “Нээлттэй өдөр” болгосон юм. Хэн ч байсан манайд ирж болно. Ирээд юу хийх вэ гэвэл, шатар, даам, хөзөр, шагай тоглож болно. Магадгүй гар урлалын янз бүрийн сургалт зохион байгуулж болно. Лекц уншаад өгөөч гэж хүсч байна. Манай гэр бүлийнхэн хүн ирэхээр үр хүүхэд нь ирсэн юм шиг баярладаг байхгүй юу. Хамаагүй ээ, одоо хөгшин залуугүй хөдөлгөөний дутагдалд ороод байна шүү дээ. Тэгвэл бүжиг зохиож болно шүү дээ. Хоёр цаг сайхан бүжиглээд, үдийн хоол унд хамт хийлцэж өгөөд явахад л манай гэр бүлийнхэн маш их баяр хөөртэй үлддэг юм. Эсвэл манай гэр бүлийн ахмад настнуудыг угааж, цэвэрлэж өгөхөд л бие, сэтгэл нь хөнгөрөөд сайхан болно доо. Хувцас хунарыг нь угаангаа сайхан яриа өрнүүлээд юу ярихыг нь сонсоод өгөхөд л тэдний маань сэтгэл хөнгөрч, нэг хэсэгтээ сайхан болно шүү дээ. Уг нь өндөр хөгжилтэй оронд өндөр настнууд жаргах гэж асрамжийн газарт очдог юм билээ. Насаараа хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө үрээд, найз нөхөд, хамт олонтой болоод тааваараа амьдрах гэж энэ сонголтыг хийдэг. Харин манайд нөхцөл байдал арай ондоо байдаг. Ерөнхийдөө л хаягдсан, үрэгдсэн хүмүүс ирж байгаа нь үнэн шүү дээ.
-Та их хүчирхэг эмэгтэй юм аа?
-Саяхан хоёр телевиз ирээд нэвтрүүлэг, сурвалжлага хийгээд явсан. Надад мэдээж, чадахгүй, мэдэхгүй зүйл зөндөө бий. Түүнийг маань хэлж, дэмжиж туслаасай л гэж хүсч байна. Би чинь эгэл жирийн л малчин эмэгтэй. Гэтэл газар дээр нь ирж үзээгүй байж цахим сүлжээгээр хүнийг арай л дэндүү доромжлох юм. Би асрамжийн газар ажиллууснаар баяжихгүй. Илүү дутуу ашиг сонирхолын зөрчил ч алга. Харин ч хоёр удаа “Мянгат малчин”-ы болзол хангачих байснаа хойшлуулсан. Яагаад гэвэл, би долоо хоног болгон хонь гаргачихаад байхаар яаж миний мал өсөх вэ. Би өдөр бүр 30 хүн тэжээж тэтгэж байна шүү дээ. Би өөрөө цалин, тэтгэвэр авдаггүй. Сард цахилгааны төлбөрт 200 мянган төгрөг, хогонд 50 мянган төгрөг, байшингийн түрээст хоёр сая төгрөг төлдөг. Нэг гулууз мах, нэг шуудай гурил тав л хонодог. Гэтэл гурван хүн яалт ч үгүй газраар ор засан унтаад байдаг. Одоохондоо үүнийг зохицуулах боломжгүй л байна. Хамгийн түрүүнд хоёр хүний маань эм дуусчихсан. 150 мянган төгрөгийн үнэ бүхий тархи мэдрэлд уудаг эм л дээ. Эмээ уухгүй бол унаж татдаг болохоор одоо яана аа гээд л олон хүүхэдтэй ээж шиг л байнгын өндөр ачаалалтай ажиллана шүү дээ. Боломж нь олдвол энэ байшингаа худалдаад авчихмаар байдаг. Гэтэл урьдчилгаанд өгөх мөнгө цуглуулж чадаагүй л байгаа. Тэр байтугай сар бүр түрээсээ төлөх гэж маш их тэвдэж байна шүү дээ. Одоо энэ сарын түрээсээ яаж төлөх вэ гээд л. Тал талаас зээлээд түр зууртаа аргалаад л яваад байдаг. Гэтэл үүн дээр хоол ундаа яах вэ гээд байнгын төсөв бодоостой. Төрөөс ядах нь аа 22 хүний хоол унданд гээд хувьсах зардлыг өгөөсэй л гэж хүсч байна даа, эгч нь.

Уншиж байна...