
Н.Дагийранз агсны эд зүйлсийг Дундговь аймгийн музейд өгөв
Б.ЛХАГВА
Монгол улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз агсны шагналын одон медаль, тэмдэг, зарим эд зүйлийг Дундговь аймгийн музейн фондод хүлээн авчээ. Нэрт жүжигчний Ардын болон Гавьяат цолны тэмдэг, Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цолны тэмдэг, Малчны тамга, Ардын жүжигчин цол хүртэхдээ өмссөн үйтэн хуар дээл, эдэлж хэрэглэж байсан даалин зэрэг зүйл нь багтжээ.
Түүний эд зүйлс Булган аймагт охинд нь хадгалагдаж байсныг Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй соёлын ахмад ажилтан СТА Д.Ганболд төрөлх аймгийнх нь музейд хадгалуулах нь чухал болохыг зөвлөсөн байна. Ингээд Н.Дагийранз агсны зүйл нутагтаа ирсэн аж.
Тэрбээр, Дундговь аймгийн Өлзийт суманд 1930 онд төрсөн. 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар Монгол кино үйлдвэрт 1990-ээд оны дунд үе хүртэл 40 шахам жил жүжигчнээр ажиллажээ.

Уншиж байна...